Ерөнхийлөгчийн айлчлалын өмнөх “үнэтэй” томилгоо

Хуучирсан мэдээ: 2021.12.01-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгчийн айлчлалын өмнөх “үнэтэй” томилгоо

Ерөнхийлөгчийн айлчлалын өмнөх “үнэтэй” томилгоо

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх албан тушаалаа аваад дөрвөн сарын нүүр үзэж байна. Тангараг өргөснөөсөө хойш олон нийтийн улс төр огт хийгээгүй тэрбээр харин НҮБ-ын индэр дээрээс уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг “Тэрбум мод” тарих амлалт дэлхий нийтийн өмнө авсан нь өдгөө улс орны том компанит ажил болж хувирсан.  Түүнээс өөрөөр  монголчуудын хүсдэг “улс төр” хийлгүй нам жимхэн байгаа гэж хэлж болно.

Ерөнхий сайд, МАН-ын дарга байхаасаа эхлэн ард түмнийг байлдан дагуулж, хариуцлага, шударга ёс амласаар ирсэн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс үүнийг нь иргэд өдгөө ч нэхсээр.

Хэдийгээр Ерөнхийлөгч  “Тэрбум мод”  тарьж, ургуулах гээд тун чиг завгүй яваа ч тэр улс төрөөс зайгаа аваагүй нь мэдээж. Түүний улс төрийн нөлөөлөл нь буураагүй,  Засгийн газрын элдвийн томилгоонд нөлөөлсөөр байгаагийн нэг нь  "Улаанбаатар төмөр зам" ХНН-ийн Ерөнхий захирлаар  өөрийн найз гэж Х.Хэрлэнг өчигдөр томилуулсан явдал.

Засгийн газар, Зам тээврийн хөгжлийн яамнаас тус албан тушаалд томилуулахаар хэд, хэдэн хүний нэрийг  хүргүүлж байсан ч ОХУ-ын талаас хүлээн зөвшөөрөхгүй байсаар өдийг хүрсэн. Удтал тохиролцож чадахгүй, санал болгосон хүмүүсийг нь “голж” байсан томилгоо Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д айлчлахаас өмнө ийн шийдэгдсэн нь учиртай  байсан хэрэг.

Х.Хэрлэнг улс төрийн хүрээнд Ерөнхийлөгчийн ойрын хүнээс гадна мөн Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Ж.Бат-Эрдэнийн найз гэдэг. "Монголын төмөр зам" ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар тэрбээр томилогдсон шалтгаан нь нэгд, орос хэлтэй, ОХУ-ын талтай ойлголцох боломжтой хүн гэж оросууд харсан бололтой.

Тэрбээр 2017 онд Ашигт малтмал, газрын тосны газрын даргаар томилогдсон Засгийн газар солигдох бүрт албан тушаалдаа үлдсэн цөөхөн агентлагийн дарга нарын нэг.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх  тун удахгүй ОХУ-д айлчлахаар төлөвлөж, бэлтгэл ажлаа хангаж байгаа.  Тэрбээр айлчлалаас  нь өмнө төмөр зам, УБТЗ-ын даргын асуудал, ОХУ-ын талаас тавьж буй зарим шаардлагуудыг “цэгцлэх” үүргийг Засгийн газарт өгөөд байсан юм.

Тиймээс Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар УИХ-аар яаралтай горимоор хэлэлцэх тогтоолын төсөл өргөн барьсан нь Х.Хэрлэнгийн томилгоог зөвшөөрөх оросуудын нэг "даалгавар" байв.  Япон Улсын Засгийн газраас “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн суурь бүтцийг шинэчлэх, хөдлөх бүрэлдэхүүний паркийг нэмэгдүүлэх, дохиолол, холбооны байгууламжийг сайжруулах зорилгоор 1995-2000 онуудад нийт 7.9 тэрбум иений хөнгөлөлттэй зээлийг Монгол Улсын Засгийн газарт олгосон.  Энэхүү зээлийг эргүүлэн төлөх нөхцөлтэйгөөр Сангийн яам, “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн хооронд “МОН-П1”, “МОН-П2” дамжуулан зээлдүүлэх зээлийн гэрээг 2000 оны аравдугаар сарын 25-ны өдөр байгуулжээ.

“МОН-П1”, “МОН-П2” зээлээс “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн 1998-2015 онд импортолсон дизелийн түлшний онцгой албан татварт төлсөн 73.8 тэрбум төгрөгийг суутган тооцох тухай 2019 оны тавдугаар сарын 24-ний өдөр 52 дугаар тогтоолыг УИХ баталсан. Тус тогтоолыг хэрэгжүүлэх хугацааг 2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр гэж тогтоосон. Дээрх зээлийн үлдэгдлийг Сангийн яам болон Зам, тээврийн хөгжлийн яам, “Улаанбаатар төмөр зам” ХНН хамтран тооцоолсноор суутган тооцогдсоны дараах үлдэгдэл 5.2 тэрбум иен буюу Монголбанкны 2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдрийн ханшаар 131 тэрбум төгрөг байна. Энэ өдрөөс хойших хугацаанд хүү, алданги тооцогдож байгаа бөгөөд 2021 оны гуравдугаар улирлын байдлаар 160.6 тэрбум төгрөгт хүрчээ.

Энэ өрөөс чөлөөлөх тогтоолын төслийг УИХ-аар яаралтай хэлэлцүүлэх тохиролцоогоор Х.Хэрлэнг ийнхүү УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дүрмийн хороо Ерөнхий захирлын суудалд суулгалаа.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
БурууБуруу
3
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж