Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр хуралдаж байна. Хуралдаанаар “Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Энэ үеэр хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асуусан юм.
Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар Монгол Улсын Онцгой албан татварын тухай хууль зөрчигдөж буй талаар бухимдав. Тэрбээр "Чөлөөт бүсийн тухай хуулийн 16.1.4-т зорчигчийн худалдан авсан гурван сая төгрөг хүртэлх үнийн дүнтэй барааг гаалийн болон НӨАТ-аас гаалийн нутаг дэвсгэр рүү нэвтрүүлнэ гэж заасныг хил хамгаалах байгууллагууд ямар байр суурьтай байгаа вэ. Гаалийн дэд даргаа та наашаа хараарай. Энэ хуулийг сайн уншаарай. Үүн дээр онцгой татвар гэдэг үг байхгүй шүү. Онцгой татвартай бүсээс татваргүйгээр гаргах хууль эрх зүйн үндэслэл байхгүй. Зөвхөн гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвар гэдгийг сайн анхаараарай. Тэгэхгүй бол Монгол Улсын онцгой татварын хууль ноцтой зөрчигдөж байгаа шүү. Гурав дахь удаагаа сануулж хэлж байгаа юм. Хүмүүс хүнсний бараа бүтээгдэхүүн, хувцас зэрэг онцгой татваргүй бараа авах нь сонин биш. Харин архи дарс, тамхи, эм зэрэг онцгой татвартай бүтээгдэхүүн дээр хууль хяналтын байгууллага сайн ажиллахгүй бол завхарч байна. Онцгой татвартай бараа бүтээгдэхүүнүүд энэ хуулиар хориотой шүү. Үүнийг ялгаж салгах хэрэгтэй. Гаалийн татварыг чөлөөлж байгаа болохоос онцгой албан татварыг чөлөөлөөгүй.
Гаалийн ерөнхий газрын дарга хуулиас давуу журам гаргахгүй шүү. Онцгой татварын хуульд согтууруулах ундаа нэг литр гэж заасан байдаг, Ц.Гэндэнцэвээн дарга аа та нар хуулиа баримтал. Би Эдийн засгийн байнгын хорооны даргын хувьд дахин сануулъя. Монгол Улсын онцгой татварын хууль ноцтой зөрчигдөж байгаа шүү” гэв.
Холбоотой мэдээ