"Уран хас"-ыг орчин цагийн залууст хүргэхийн тулд электроник хөгжмийг сонгосон"

Хуучирсан мэдээ: 2021.11.30-нд нийтлэгдсэн

"Уран хас"-ыг орчин цагийн залууст хүргэхийн тулд электроник хөгжмийг сонгосон"

"Уран хас"-ыг орчин цагийн залууст хүргэхийн тулд электроник хөгжмийг сонгосон"

Монголын урлагийн зөвлөл “Чулуун сан”-тай хамтран Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр “Уран хас” контемпрари балетыг тоглох гэж буй. Тодруулбал, уг балетыг 2021 оны арванхоёрдугаар сарын 1-2-ны өдөр "Корпорэйт Конвеншн Центр"-т 19:30 цагаас тоглох юм. Ингээд “Уран хас” комтемпрари балетын хөгжмийн  продюсер Э.Итгэлтэй ярилцлаа.


-Удахгүй "Уран хас" контемпрари балетыг тоглох гэж байна. Тоглолтын бэлтгэл хэр хангагдав?

-"Уран хас" балетын хөгжмийг симфони оркестртой тоглодог. Тийм учраас хөгжмийг нь бүхлээр нь шинэчилж найруулна гэдэг маш төвөгтэй ажил. Мэдээж албан ёсны эрхтэйгээр "Уран хас" балетыг шинэчлэн найруулж байгаа ч гэсэн ерөнхий нотыг найруулна гэдэг хэцүү. Миний хувьд хөгжим дээр би ганцаараа ажиллаагүй. Манай хамтлаг болон гурван хүний хамтын бүтээл. Бид хамтдаа энэ том ажлын ард гарч, чамгүй мэрийж ажиллаа. Уг комтемпрари балетын хөгжмийн найруулга дээр хамгийн үнэтэй зөвлөгөөг хөгжмийн зохиолч, удирдаач Б.Чинбат өгсөн. "Уран хас" бүжгийн жүжиг нь олон хэсгээс бүрддэг.

Гол дүрийнхээ өгүүлэх гэж буй санааг хөгжмөөр илэрхийлнэ гэдэг хэцүү байсан. Тэрнээс биш хөгжмийн дуугаралтыг хасч, сайжруулах нь бол амархан шүү дээ. Хамгийн хэцүү хэсэг нь вальсын хэсэг. Тиймээс энэ хэсэг дээр морин хуур хөгжмийг оруулсан. Ерөнхийдөө дахин шинэ хөгжим бүтсэнтэй адил. Лам нарын бүжгийн хэсэгт зохиолын зөрчилдөөнийг өгүүлдэг учир хөгжмийн дуугаралтыг хүчтэйгээр харуулахыг зорьсон.

-Сонгодог бүтээлүүдийг орчин үеийн бүжгийн төрөл рүү хөрвүүлж байгаагийн зорилго юу вэ?

“Уран хас” контемпрари балет нь Монголдоо өндрөөр үнэлэгддэг сонгодог бүтээл юм. Монгол Улсын Төрийн шагналт, Ардын жүжигчин, Зууны манлай удирдаач, Монголын хөгжмийн театрыг үндэслэгчдийн нэг, удирдаач, хийлч, хөгжмийн зохиолч Жамъянгийн Чулуун агсны бүтээл гэдгээр нь ард түмэн сайн мэднэ. Энэ сонгодог бүтээлийг орчин цагийн залууст хүргэхийн тулд илүү электроник хөгжмийн урсгалыг оруулж ирэхийг зорьсон. Ер нь тийм нэг далд сүнслэг хөгжимтэй балет шүү дээ. Тиймээс “Уран хас” балетыг орчин үеийн хөгжимтэй хослуулахыг хүссэн.

Электроник хөгжмийн давтагдашгүй шинж нь тухайн хөгжмийн хөг байдаг. Мэдээж бүхийл хөгжим гоё. Гэхдээ электроник хөгжим нь орчин үеийн залуусын сонирхож буй хөгжмийн төрөл. Нэгэн хэвийн дуугаралтаас ялгаатай. Хөгжмийн бүх төрлийн дуугаралтыг багтааснаараа онцлог.

Үзэгчид энэ "Уран хас" контемпрари балетыг үзэхдээ хөгжмийн шинэчлэлийг мэдэрч, сонсоосой гэж хүсч байна. Магадгүй өмнө нь бидний мэдэх "Уран хас" сонгодог балетаас юугаараа ялгаатай байгааг мэдрэх байх.

-Таны хувьд өмнө нь бүжгийн жүжгийн  найруулга дээр ажиллаж байв уу?

-Урьд өмнө нь яг ийм контемпрари бүжгийн жүжгийн хөгжмийг найруулж байгаагүй. Янз бүрийн арга хэмжээ, шоуны хөгжмийн найруулгыг хийж байсан.

-“Уран хас” комперари бүжиг үзэгчдэд чухамхүү юуг өгүүлэх вэ?

-"Уран хас" нэрнээс нь эхлэх ёстой болов уу. Энэ нь Хас гэх уран залуугийн тухайн үйл явдал өрнөнө. Хөгжмийн дуугаралт талаасаа Уран Хас  гэдэг залуугийн биеийн хэлэмж хөгжимтэйгөө хослон ямар санааг үзэгчдэд хүргэхийг хүсч буйг анзаараасай.

П.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж