"Pfizer" компани цар тахлын омикрон хувилбарын эсрэг вакцин гаргах ажилдаа орсон тухайгаа мэдэгдэв. Ингэхдээ шаардлагатай бол 100 хүрэхгүй хоногийн хугацаанд бэлэн болгох боломжтой гэж тус компанийн гүйцэтгэх захирал Альберт Бурла "CNBC"-д мэдэгджээ.
“Бетта болон дельта хувилбарын эсрэг вакциныг тухайн үедээ бүрэн дүүрэн ашиглаж чадаагүй ч манай компани асар хурдан гаргаж байсан. Мөн цар тахлын эсрэг эм гаргахаар бид ажиллаж байгаа бөгөөд энэ эм нь омикрон хувилбарт ч үр дүнтэй байх болно. Уг эм маань асар хурдтай мутацид орсоор буй вирусийн эсрэг онцгой үр дүнтэй гэдгээрээ онцлог юм” гэж тэрбээр хэллээ.
"PFIZER" КОМПАНИ 16, 17 НАСТНУУДАД III ТУН ХИЙХ ЗӨВШӨӨРӨЛ АВНА
"Pfizer" болон "BioNTech" компаниуд энэ долоо хоногт 16, 17 настнуудад гуравдугаар тун хийх зөвшөөрөл авах хүсэлтээ гаргахаар төлөвлөж байна. Хэрвээ энэ хүсэлт нь зөвшөөрөгдвөл 18-аас доош насныхан анх удаа гуравдугаар тун хийлгэнэ гэсэн үг юм.
Хүнсний бүтээгдэхүүн эм, эмийн бүтээгдэхүүний хяналтын удирдлагын газараас энэ долоо хоногтоо багтаад шийдвэр нь гарах юм байна. Шинэ омикрон хувилбар АНУ-д хараахан илрээгүй байгаа бөгөөд эрдэмтэд уг хувилбарын аюулыг бүрэн тодорхойлоогүй байна. Вакцин үйлдвэрлэгчид одоо байгаа бүтээгдэхүүнүүд нь омикрон хувилбарт нөлөөлөх үү эсвэл шинэ вакцин хийх шаардлагатай юу гэдгийг олж мэдэхээр яаравчлан ажиллаж байна.
Эх сурвалж: asia.nikkei.com, nytimes
М.Наранжаргал
Холбоотой мэдээ