Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны хувцаслалтын хэв маягийг залуус дуурайхаас сэргийлэн засгийн газраас нь савхин хүрмийг хориглолоо. Удирдагч Ким Жон Ун анх 2019 онд савхин хүрэм өмсөж зурагтаар гарснаар залуусын дунд савхин хүрэм трэнд болсон юм.
Импортоор орж ирдэг хятад савхи өндөр үнэтэй учраас анхандаа зөвхөн чинээлэг Хойд солонгосчууд л удирдагч Кимийг дуурайж хувцаслаж байв. Удалгүй тус улсын хувцас урлаачид дуураймал савхи оруулж ирэх болсноор олон залуус удирдагчаа даган дуурайх болжээ.
Дуураймал савхи 80 мянга орчим вон байдаг бол жинхэнэ арьсан савхи 170 мянга орчим воны үнэтэй юм. Өнгөрсөн 2018 оны статистик мэдээллээс харвал дундаж цалинтай Хойд Солонгосын иргэн сардаа 4000 вон авдаг гэж "Korea Joongang Daily" агентлагаас мэдэгдсэн байна.
Орон нутгийн эрх мэдэлтнүүд савхин хүрэм зардаг дэлгүүрүүд болон өмсдөг иргэдээс бүх савхийг нь хурааж авч эхэлжээ. "Radio Free Asia" хэвлэл мэдээллийн байгууллагын мэдэгдсэнээр, ард иргэд өөрсдийн мөнгөөр худалдаж авсан савхиа хураалгахыг хүсэхгүй байна гэж гомдол гаргаад байгаа аж. Албаныхны хувьд залуус “дээд удирдагч” Кимийг дуурайж хувцаслах нь зохимжгүй үйлдэл гэсэн байр суурьтай байгаа юм. Цаашилбал энэ нь Солонгосын хөдөлмөрийн намаас чухам хэн савхин хүрмээр гоёж болох вэ гэдгийг тодорхой болгож буй явдал юм.
Ийнхүү Хойд Солонгост савхин хүрэм гэдэг зүйл эрх мэдлийн бэлэг тэмдэг болжээ. Ким Жон Уны эгч Ким Ёо Жон зэрэг өндөр эрх мэдэл бүхий зарим хүмүүс мөн савхи өмссөн харагддаг байна. Хойд Солонгос улс савхин хүрмийг хориглохын зэрэгцээ биедээ персинг хийлгэх болон эрчүүдийн урт үс, бариу жинсэн өмдийг “хөрөнгөтний хэв маяг” гэж үзэн хориглоод байна.
Эх сурвалж: Next shark
М.Наранжаргал
Холбоотой мэдээ