Орчин цагийн соёлын бүтээлч довтолгоо

Хуучирсан мэдээ: 2021.11.30-нд нийтлэгдсэн

Орчин цагийн соёлын бүтээлч довтолгоо

Орчин цагийн соёлын бүтээлч довтолгоо

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганаар 2021 оныг “Тогтвортой хөгжлийн төлөөх бүтээлч эдийн засгийн олон улсын жил” хэмээн зарласан. Дэлхий даяар цар тахлын дараах хэвийн амьдралын дүрмийг баримталж, эдийн засгийн бүхий л салбараа сэргээхээр хичээж эхэллээ. Үүний нэгэн адил манай улс ч салбар бүрийн үйл ажиллагааг үе шаттай дэмжиж байгаа. Тэр дундаа цар тахлын хязгаарлалт, хөл хорионд хамгийн их хэлмэгдсэн соёл, урлагийн салбараа сэргээх, хөгжүүлэхээр зорьж байна. Энэ хүрээнд Засгийн газар арваннэгдүгээр сарын 1-ээс урлаг, соёл, спортын арга хэмжээг 50 хувийн дүүргэлттэй зохион байгуулахаар шийдвэрлэсэн билээ.

Соёлын яам тогтвортой хөгжлийн төлөөх бүтээлч үйлдвэрлэлийн үр шимийг таниулах, сурталчлах, урлаг, уран бүтээлчдийн хөгжлийг дэмжих сарын аяныг амжилттай зохион байгуулж байна. Нэг сарын хугацаанд соёл урлагийн бүхий л салбарыг хамруулан, төрөл бүрийн уран бүтээлийн тоглолт, үзэсгэлэн, форум, хэлэлцүүлэг өрнүүлж байгаа юм.

 

Соёлын бүтээлч сарын эхний долоо хоногийг Соёлын яам салбар хоорондын хэлэлцүүлэг, бодлогын хуралдаануудаар эхлүүлсэн. Энэ хүрээнд “Бүтээлч хот Улаанбаатар” зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулж, Соёлын яамны бодлого, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх асуудлыг нийслэл хотын хөгжлийн дунд хугацааны зорилтот хөтөлбөртэй уялдуулан тусгах, салбар дундын хамтын ажиллагааг бэхжүүлэх асуудлаар ярилцлаа.

Уулзалтаар соёлын бүтээлч үйлдвэрлэл нь нийслэл хотын нийгэм, эдийн засагт хэрхэн үр дүнгээ өгөх вэ гэдгийг хөндөж, оролцогч талуудын сайн туршлагаас танилцуулж, соёлын салбарын төлөөллийн бүтээлч санаачилга, дуу хоолой, бодлогын оновчтой хувилбарыг хотын хөгжлийн төлөвлөгөөнд тусгах асуудлыг хэлэлцсэн юм.

Соёлын бүтээлч сарын хоёр дахь долоо хоногт сэрж санах түүх буюу соёлын өвийг олон нийтэд таниулах арга хэмжээ болж өнгөрлөө. Монголын түүх, соёлын хосгүй үнэт өв болох Өндөр Гэгээн Занабазарын урласан цутгуур баримлын цуглуулгаас “Хорин нэгэн дара эх”, “Ногоон дара эх”, “Цагаан дара эх” шүтээн бүтээлүүдийг нэгэн чуулган болгож анх удаа дэлгэн толилуулсан юм. Эдгээр бүтээл нь XVII зууны монгол цутгуурын урлагт гарсан томоохон дэвшил, оюуны сэргэн мандалтын гайхамшиг, Монголын ард түмний түүх, шинжлэх ухаан, өв уламжлал, гоо зүй, урлагийг агуулсан дахин давтагдашгүй ур хийц бүхий сод бүтээлүүд билээ.

Соёлын бүтээлч сарын хүрээнд Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд “Дижитал музей” үйл ажиллагаа нээлтээ хийсэн юм. Ингэснээр VR, AR нүдний шилний тусламжтайгаар музейг хийсвэр болон баяжуулсан бодит орчинд (2D, 3D) үзэх боломжтой. Цар тахлын энэ үед үзэгчид хоорондын зайгаа баримтлан гар утас, таблет зэрэг төхөөрөмжөөр тус үзэсгэлэнг энэ сарыг дуустал үзэх боломжтой аж. Үүнтэй зэрэгцээд Монголын Театрын музейд энэ сарыг дуустал цуврал үзэсгэлэнгүүд гарч  буйг дуулгая.

Мөн “Монголын их хатад” туульсийн бүжгэн жүжгийг шинэ өнгө төрхтэйгээр Үндэсний урлагийн их театрт тоглосон. Эл бүжгэн жүжиг нь түүхийн хуудаснаа алдар гавьяагаа мөнхөлсөн есөн хатны түүхэн үйл хэргийг тод томруунаар үзүүлсэн бүтээл юм. Уг жүжигт түүхэн цаг үеийн үйл явдлыг толилуулахаас гадна тухайн үеийн Монголчуудын уламжлалт соёл, зан заншил, бүжиг, хөгжим зэргийг судлан сэргээж тайзнаа амьдруулан тавьснаараа онцлогтой.

Мишээл экспогийн танхимд зохион байгуулсан “Art Week” үзэсгэлэн нь гурав дахь долоо хоногийн онцлох үйл явдал байв. Эл үзэсгэлэнд 100 гаруй уран бүтээлчийн 300 гаруй бүтээлийг Монголд анх удаа 100 м.кв талбайд дэлгэн үзүүлсэн юм. Монголын дүрслэх урлагийн салбарын хөгжил дэвшил, өнөөгийн дүр төрхийг өргөн цар хүрээтэй харуулж чадсан энэхүү үзэсгэлэн дүрслэх урлагийн салбарын уран бүтээлчид, галерей, үзэгчдийг холбосон цогц ажиллагаа бол чаджээ.

Урлагийн бүтээл туурвих, түгээх, олон нийтэд танилцуулах үйл явцдаа техник технологийн дэвшлийг төдийлөн ашигладаггүй байсан уран бүтээлчид цар тахлын нөлөөгөөр өдгөө дижитал хэлбэрээр туурвиж, бүтээлээ цахимаар түгээж танилцуулах болсон.

Соёлын яамны зүгээс соёлын бүтээлч үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнүүдийг дэвшилтэт технологитой хослуулан экспортлох бодлого баримталж байгаа. Энэ хүрээнд Уран зургийн галлерейд зураач Н.Сэргэлэнгийн “Дэлхийн нэг өдөр” уран зургийн NFT буюу дижитал арт хувилбарыг танилцууллаа. Энэхүү бүтээлийг түүнтэй хамтран С.Ганзам, Ш.Сайнзул, Н.Хосбаяр нар бүтээсэн юм. Уг бүтээл 21 метр урт, 2.5 метр өргөн нийт 52.5 ам.дөрвөлжин метр талбайн хэмжээтэй цардмал даавуун дэвсгэр дээр монгол зургийн аргаар гуаш болон усан будгаар зурсан монголын анхны том хэмжээтэй бүтээл юм. Эл гайхамшигт уран зурагт дэлхийн улс орнуудыг тив, тивээр нь ахуй амьдралын өнгө төрх, амьтан ургамал болон  байгалийн тогтоц, улс үндэстний зан заншил, соёл, үнэт зүйлс, онцлох бүтээн байгуулалт зэргийг онцлон 193 улсыг нэг хавтгайд багтаан зуржээ.

Зурагт нийт 5000 гаруй дүр дүрслэл багтсан юм. Сонирхолтой нь, эл дижитал зургийн тодорхой хэсгийг 350 орчим сая төгрөгөөр борлуулсан. Энэ нь бусад бүтээлийг олон улсын зах зээлд NFT технологиор дамжуулан борлуулах, аливаа бүтээлийн эх хувь нь Монгол Улсдаа үлдэж, дахин давтагдашгүй хуулбарыг нь үнэд хүргэх, уран бүтээлчдээ дэмжих технологийн боломж бийг харуулсан чухал үйл явдал боллоо.

Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн форум дөрөв дэх долоо хоногт боллоо. Хүний амьдралын мөн чанар, сэтгэл зүйн ертөнцийг хамгийн өргөн өнцгөөс харж, гүн гүнзгий эргэцүүлэлд хөтлөх зохиолч Ф.Т.Достоевскийн бүтээлүүдээс анх удаа Монголын тайзнаа тоглосон бөгөөд алдарт  “Гэм зэм” романыг Орфей театрын хамт олон жүжгийн төрөлд хувирган постдрамын шинэлэг шийдлээр тайзнаа амилуулав. Улаанбаатар хот дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төв болох “Русский дом” Монголын уран бүтээлчидтэй хамтран “Орфей” театрыг байгуулан “Гэм зэм” постдрамын жүжгээр нээлтээ хийснийг дурдах хэрэгтэй болов уу.

Соёлын бүтээлчийн сарын аяны хүрээнд Дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа хоёр өдөр балетын урлагийн хаан “Дон Кихот” балет тоглогдсон юм. Мөн хүүхдийн цуврал уран бүтээлийн нэг “Увидаст эгшиг” хүүхдийн бүжгэн жүжигт “Номадик балет” продакшны залуу уран бүтээлчид болон сонгодог бүжгээр хичээнгүйлэн суралцагч хүүхэд багачууд хамтран оролцов.

Мөн Монгол Улсад “Puppet movie” төрлөөр бүтээж буй анхны бүрэн хэмжээний  “Пөөдөө” кино бүтээл хэрхэн бүтэж буйг гэрэл зургийн үзэсгэлэнгээр олон нийтийн хүртээл болгосон юм. Эл үзэсгэлэнгээр “Пөөдөө” тайз дэлгэцийн хосолмол бүтээл туурвих төслийн хүрээнд бүтээгдсэн хүүхэлдэйн дүрүүдийг танилцуулж, шилдэг дүрслэлийг харуулсан хэвлэмэл гэрэл зургуудийг дэлгэн тавьсан юм.

Төслийн хүрээнд бүтээгдэж буй “Пөөдөө” бүрэн хэмжээний уран сайхны киноны ерөнхий найруулагчаар О.Батзориг, жүжгийн найруулагчаар Я.Өнөртуяа, ерөнхий зураачаар С.Энх-Од, Г.Алтаншагай, ерөнхий зураглаачаар Ц.Цэрэндорж, компьютер график Ш.Тансаг нар ажиллаж ажиллаж байна.

Мэдээж соёлын ертөнцийн салшгүй хэсэг болсон дижитал инновацийн контент, брендинг, коммуникац, дизайны салбаруудын үйл ажиллагаа зохион байгуулагдана. “Кино ба бизнес” форум, Michel&Amazonka-гийн “Winter2022” загварын нэгдсэн арга хэмжээ, “Spikes Asia” олон улсын маркетингийн уралдаан, “Playtime Аrtist Management Workshop” анимэйшний төсөл шалгаруулах уралдаан, “Advertiser’s night” зэрэг олон арга хэмжээ болно.

Улс орны хөгжлийн нэг түүчээ нь  соёл урлагийн салбар юм. Соёл урлагийн салбарын хөгжил эргээд нийгмийн хөгжилд нөлөөлдөг. Тоглолт, үзэсгэлэнгийн танхим, театр, кино театрт сэтгэлийн таашаал эдлэх боломжгүй байсан сүүлийн хоёр жилд нь урлагийн орон зай хүмүүн бидний амьдралд хэчнээн чухал болохыг соёлын бүтээлч сарын аян харууллаа.

Эх сурвалж: Mongolian Economy

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж