Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Олон улсын харилцаа, нийгэм судлалын сургуулийн доктор, профессор Д.Уламбаяртай ярилцлаа.
-Цар тахлын нөхцөл байдлаас хамаарч хоёр хөршөөс Монгол Улсад дарамт шахалт үзүүлэх эрсдэлтэй гэж зарим хүн хардаж байна. Ялангуяа урд хөршийн хил хаалттай байгаа, ОХУ-ын талаас шатахуун, эрчим хүчний хамааралтайгаас үүссэн асуудалтай холбож байх шиг байна?
-Хүн төрөлхтөн дижитал оюун ухаанд суурилсан аж үйлдвэрийн IV хувьсгалын эрин үед эргэлт буцалтгүй алхан орсон боловч Covid-19 цар тахлын өмнө хүчин мөхөсдөж байна. Хойд хөршид энэ оны арваннэгдүгээр сарын 29-ний байдлаар халдварын тоо 9.6 сая, нас баралт 273.9 мянгаар хэмжигдэж байна. Сүүлийн саруудад өдөрт халдвар авсан иргэдийн тоо 30 мянга, нас барсан иргэд 1200-гаас буухгүй байгаа. Москва, Санкт-Петрбургт хөл хорио тогтоож эхэлж байгаа ч ирэх сарын 1-нээс Монгол Улстай агаарын хилээ нээхээр болсон. Дэлхийн эдийн засаг асар том зовиуртайгаар сэргэх гэж оролдож байна.
Хил, боомт дээр гацсан хэдэн сая тонн чингэлэг ачаа дэлхий даяар аажим хөдөлгөөнд орсон ч тээвэр, ложистик нь ачааллаа даахгүй байгаагаас түгжигдэж, үүний улмаас барааны хомсдол бий болж, үнэ нь өсч, инфляцад ноцтой нөлөөлж байна.
Дэлхийн зах зээл дээр нефть, байгалийн хийн үнэ өсч эрчим хүчний хямрал болж байна. Covid-19 вирусийн шинэ мутаци гарч, дэлхий нийтээрээ давагдашгүй хүчин зүйлтэй нүүр тулаад хоёр жил болох гэж байна шүү дээ. Тиймээс хоёр хөршөөс шахалт, дарамт үзүүлж байна гэсэн үндэслэлгүй хоосон хардлагаа болих хэрэгтэй болов уу. Өнөөдөр асуудлаа шийдчихсэн амар тайван ямар ч улс орон, засгийн газар гэж дэлхийд байхгүй.
-Засгийн газраас авч хэрэгжүүлж буй гадаад харилцааны бодлого, зохицуулалтад өөрчлөлт оруулах шаардлагатай юу, эсвэл өнөөдрийн хэрэгжүүлж буй зарчмаа үргэлжлүүлэх нь зөв үү?
-Ямар ч Засгийн газар байлаа гээд үүнээс илүү ажиллах боломжгүй байгаа нь маш тодорхой харагдаж байна. ОХУ өнгөрсөн наймдугаар сараас дотооддоо шатахууны хомсдолд орж, үнэ нь нэмэгдэж эхэлсэн. Есдүгээр сарын 17-19-нд явагдсан төрийн думын сонгуулийн өмнө шатахууны нийлүүлэлтийг бүхэлдээ дотоод зах зээл рүү чиглүүлсэн. Асуудал гарсан. Энэ жил Монгол-Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тэмдэглэж байна. Нэг сарын дотор ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга Л.В.Оверчук, хатагтай В.В.Абрамченко нар Монголд айлчилж, эрчим хүчний байгууламж, Улаанбаатар төмөр замын тээвэрлэлтийг эрчимжүүлэх, шинэчлэх, хилийн боомтын чадавхийг сайжруулах, чөлөөт бүсийг урагшлуулах зэрэг олон асуудлыг тохиролцож, хий дамжуулах хоолойн ТЭЗҮ-ийн ажлын явцад сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлж байна. Удахгүй Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д айлчилна. Дээр дурдсан зүйлс нь айлчлалын бэлтгэлийг хангахад ач холбогдолтой гэж харж байна.
Хятадын Засгийн газрын хувьд 2022 оны хоёрдугаар сарын 4-21-нд зохиогдох Бээжингийн өвлийн олимпийг дотоодын үзэгчидтэй зохион байгуулах гэж маш их хүчин чармайлт тавьж байна. Тиймээс орж, гарах бүх хөдөлгөөнд Covid-19-ийн хяналтыг улам чангалсан. Аравдугаар сарын эхээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцянтай хийсэн цахим уулзалтаар тулгамдаж буй олон асуудлаар тохиролцсон. Гадаад харилцааны яам, Зам тээврийн хөгжлийн яам болон бусад яам, холбогдох байгууллагууд, хувийн хэвшил чадлынхаа хирээр ажиллаж байна. Гадаад харилцааны ажил маш сайн байгаа гэж харж байна.
Бидэнд тулгарч буй асуудлууд дийлэнхдээ гадаад талаас хамаарч байгааг ойлгох хэрэгтэй болов уу. Ерөнхийдөө дайн бүхий нөхцөл байдалд байна шүү дээ. Ийм үед дэлхий нийтээрээ хүний эрх чөлөө хязгаарлагдаж байна.
Засгийн газрын эрчимтэй дархлаажуулах бодлого, иргэдийн идэвх санаачилгын үр дүнд халдварын тархалт, нас баралт тууштай буурч байна. Вакцин үйлдвэрлэдэггүй мөртлөө сонголттой вакцин хийж байгаа Монголоос өөр орон тун ховор байгаа болов уу. Дээр нь хангалттай вакцинын нөөцийг хуримтлуулж чаджээ. Энэ хүнд үед иргэдийнхээ тог, дулаан, ус, хогны төлбөрийг нь Засгийн газар нь хариуцаж байгаа өөр улс орны тухай мэдээг миний бие лав олж сонссонгүй. Шуудхан хэлэхэд юу ч юм хийхгүй хүн л шүүмжлүүлдэггүй гэдэг туйлын үнэн юм даа.
-Дэлхий дахинд геополитикийн харилцаан дээр Монгол Улс төвийг сахисан хэвээр байх уу. Хоёр хөршөөс ШХАБ-д элсэн шахалт ирж байгаа гэх мэдээлэл бий?
-Юуны өмнө онцлоход, Монгол Улс төвийг сахисан улс гэсэн хуулийн заалт, ямар ч эрхзүйн баримт бичигт байхгүй гэдгийг хариуцлагатай хэлмээр байна. Хүйтэн дайны үед ч төвийг сахиж байгаагүй, одоо тэр. Цар тахлын хажуугаар олон улсын харилцаа, дэлхий эдийн засагт геополитикийн хүчин зүйл маш хүчтэй сөрөг нөлөө үзүүлж байгааг бид харж байна. Тиймээс бид олон тулгуурт, олон хэмжээст, геополитикийн орон зай, цаг хугацааны орчинд маневар хийх чадавхтай, сюрприз багатай, идэвхтэй гадаад бодлого явуулах ёстой юм. Идэвхтэй гадаад бодлого бол өөрөө батлан хамгаалах хүч болдог.
Дэлхийн III дайн гарах юм шиг сүржигнэх хэрэггүй. Өнөөдөр урьд өмнө байгаагүйгээр мэдээлэл, харилцаа холбоо, дижитал технологи хөгжсөн үед тийм боломж ч байхгүй. Бүс нутгийн мөргөлдөөн бол байнга л гарч байдаг. Хаа хол байгаа Орос, Украины мөргөлдөөнөөс болж Монгол Улс төвийг сахиж гадаад бодлого, үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалаасаа ухрах болж байна уу.
Хятад, Америкийн сөргөлдөөний тухайд ч ялгаа байхгүй. Нагорны Карбахын мөргөлдөөн ч мөн адил. Бид Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хөндөөгүй хөрш болон бусад улс гүрнүүдийн маргаанд оролцохгүй гэдгээ маш тодорхой зарлчихсан шүү дээ. Ганц нэг судлаач төвийг сахих хэрэгтэй гэж ярьж байхыг сонссон.
Хэрвээ хаа хамаагүй улс орнуудын харилцааг өөр дээрээ авчирч наагаад тэгээд Монгол Улс төвийг сахих шаардлагатай гэж үзэж байгаа бол бид чинь гадаад бодлого, дипломат ажиллагаагаа эрхлэн явуулж чадахгүй байгаа юм байна гэж үзэхэд хүргэж байна шүү дээ.
Байнга төвийг сахисан статуст нь их гүрнүүд эрхзүйн баталгаа олгосон Швейцарь улс 2022-2023 оны НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус гишүүнд нэрээ дэвшүүлэхээр ажиллаж, статус нь өөрчлөгдөх болчихоод байна. Даяаршил, дижитал үйл явцын үед төвийг сахих тухай аль дээр үеийн хоцрогдсон үзэл баримтлалыг ярьж суугаа Монголоос өөр улс даана ч алга даа.
-Орос, Хятад улсын харилцаанд ахиц гарахаар ажиглагдаж байна уу. Энэ хоёр улсын харилцаанаас бидэнд бас тодорхой өөрчлөлт гарч болох уу?
-Орос, Хятадын харилцаа “иж бүрэн стратегийн харилцан ажиллагааны түншлэл”-ийн түвшинд хүрсэн. Жинхэнэ “бал сар” дээрээ явж байна гэж шинжээчид тэмдэглэдэг. Covid-19 цар тахлын үед ч хөрш хоёр орны худалдааны эргэлт 100 тэрбум ам.долларын түвшинг хадгалж чадсан. Оросоос Монголын нутгаар дамжин Хятад руу хий дамжуулах хоолой тавих төслийн ажил маш ахицтай явж байгаа. Хятадтай хийж буй Оросын худалдаа сүүлийн жилүүдэд тогтмол ашигтай гарч байгаа. Монгол ч ялгаагүй сүүлийн 5 жил 1.4-1.6 тэрбум ам. долларын ашигтай гарч байгаа шүү дээ. Мэдээж биднээс асар их тэвчээр, зориг, эрч хүч, нарийн тооцоо, төлөвлөгөөтэй ажиллахыг шаардаж байгааг сайн ойлгож байна. Асуудал байгаа бол түүнийгээ засаад сайжруулаад явдаг жамтай.
Холбоотой мэдээ