Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ ирэх жил ч олон түрүү авахыг хүсч буйгаа ярьжээ. Кюүшү башёд нэг ч унаагүй түрүүлж, дээд макүүчи зиндааны зургаан түрүүтэй болсон тэрбээр өчигдөр/2021.11.29/ 30 нас хүрсэн билээ.
Төрсөн өдрөөрөө хэвлэлд өгсөн ярилцлагадаа Тэрүнофүжи “Кюүшү башёгийн 14 дэх өдрийн Абитай хийсэн барилдаан санаанаас ер гарахгүй байна. Түүнийг эцсийн мөчид буулган авсандаа баяртай байна. Нэг жилийн өмнө би ёкозүна болохыг хүсдэг байлаа. Гэхдээ чадна гэж бодоогүй ээ. Одоо бол түрүүлсэн тоогоо хоёр оронтой тоонд хүргэхийг хүсч байна. Би бага багаар ялах зуршилтай болж байх шиг байна. Одоо зөвхөн ялалт л хүсдэг болсон юм шигээ” гэв.
Исэгахама дэвжээнээс гаралтай Тэрүнофүжи анх удаагаа нэг ч унаагүй түрүүлсэн. Өнгөрсөн долдугаар сард ёкозүна цол хүртсэн тэрбээр Хакүхог зодог тайлсны дараа ёкозүна цолтой ганц бөх болон үлдсэн.
Домогт Таихо аваргаас хойш 59 жилийн дараа ёкозүна цолтой барилдсан эхний хоёр башёдоо түрүүлсэн анхны бөх Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ
Мөн Тэрүнофүжи энэ жил Япон улсын иргэншил авсан бөгөөд зодог тайлсныхаа дараа дэвжээ эзэмших, ояката болох боломжтой болсон. Бэртэл гэмтэл, өвчний улмаас нэг хэсэг тааруу барилдаж, доод зиндаа руу унаж байсан Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ өөрийн үнсгэлжингийн үлгэрийг бүтээсээр явна.