МИАТ: 2022 онд 100 хувиар карго нислэг хийнэ

Хуучирсан мэдээ: 2021.11.30-нд нийтлэгдсэн

LiveМИАТ: 2022 онд 100 хувиар карго нислэг хийнэ

МИАТ: 2022 онд 100 хувиар карго нислэг хийнэ

Эдийн засгийн Байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр /2021.11.30/  УИХ-ын гишүүн  М.Оюунчимэг, Ж.Бат-Эрдэнэ нараас “МИАТ төрийн өмчит  хувьцаат компанийн үйл ажиллагааны талаар тавьсан” асуултын хариуг хэлэлцэнэ.

 

10 : 07
2021-11-30

"МИАТ-ын ТУЗ үр дүнгүй ажиллаж байна гэх дүгнэлт гарсан"

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт, хариулт үргэлжилж байна. 

 УИХ-ын гишүүн Д.Батлут:

-"МИАТ" компани 2022-2024 оны орлого, үр дүнгийн төсөөллөө их өөдрөгөөр гаргажээ. Тухайлбал, 2023 онд аяллын тоог 2726, 2024 онд 3037-д хүргэнэ гэжээ. Гэтэл цар тахлын нөхцөл байдал эргээд хүндрэх төлөвтэй болчихлоо. Омикрон хувилбар нь олон улсад бүртгэгдээд хилээ хааж эхэллээ. Тэгэхээр зэрэг "МИАТ" компанийн үр дүнгийн төсөөлөл биелэлээ олох эсэх нь эргэлзээтэй байна. Хэрэв биелэхгүй бол ямар нөөц төлөвлөгөө байна вэ. Хоёрдугаарт засаглалтай холбоотой асуудалд бид анхаарах ёстой. "МИАТ" компани таван онгоцтой 802 хүн ажиллаж байна. Нэг онгоцонд 160 ажилтан ажиллаж байна. Харин олон улсад нэг онгоцонд хамгийн багадаа 115 хүн ажиллаж байна. Цаашдаа менежментийн тал дээр ямар төлөвлөгөө гаргаж ажиллах юм. Үүнээс гадна цалингийн хэмнэлт гэх нэр томъёог гаргаад иржээ. Би үүнийг ойлгохгүй байна. Цар тахлын үед харин ч ажилчдадаа урамшуулал олгох ёстой. Тэгэхэд 11 тэрбум төгрөгийг хэмнэсэн гээд зарлаад суугаа та нарыг ойлгохгүй юм. Ийм зүйлийг оруулж ирчхээд "МИАТ" компанийн удирдлага гээд сууж байгаа бол ичмээр л санагдаж байна шүү.

МИАТ компанийн гүйцэтгэх захирал Б.Мөнхтамир:

-Олон улсын агаарын тээврийн холбооноос гаргасан судалгааны дагуу зорчигчдын тоо 2023 онд хэвийн байдал руу орно гэж тооцоолсон. 2022 оны дөрөвдүгээр улиралд 2019 оны хэвийн байдал руу эргэж орох юм байна. Халдварын дараах огцом өсөлтөд онгоцуудаа бэлэн байлгахаар төсөөллөө хийсэн.  2021 онд карго нислэгээр амиа зогсоосон. Тиймээс 2022 оны нөөц төлөвлөгөөг боловсруулсан. "МИАТ" компанийн одоо үйл ажиллагаанд ашиглаж байгаа дөрвөн онгоц бүгд карго нислэгийн зөвшөөрөл авсан. Өнөөдрийн байдлаар дөрвөн онгоцны суудлыг нь аваад каргонд явуулж байна. 2021 оны арванхоёрдугаар сар дуустал карго нислэг хийнэ. 2022 онд 100 хувиар карго нислэг хийх төлөвлөгөөтэй байна. 11 тэрбумын цалингийн хэмнэлт гэдэг нь хөдөлмөрийн гэрээ байгуулсан үндсэн ажилчидтай хамаарахгүй. Инженер техникийн ажилтнуудын нэмэгдэл цалин, илүү цагийн зардал хасагдсан учраас 11 тэрбумын хэмнэлт үүссэн. Сул зогсолтын гурван сарын хугацаанд нийт ажилчдаа цалингийн 60 хувиар цалинжуулсан. Үүнээс бусдаар цалин хасаагүй.

Зам, тээврийн хөгжлийн яамны төрийн нарийн бичгийн дарга С.Батболд:
-"МИАТ” компанийн нислэгийн сүлжээг өргөжүүлэх, агаарын харилцааны эрх зүйн зохицуулалтыг сайжруулна. 2021 онд Улаанбаатар-Сөүл, Улаанбаатар ХонгКонг чиглэлийн нислэгийн давтамж багтаамжийг нэмэгдүүлсэн. 2022-2023 онд Сөүл, Токио, Москва, Эрхүү, Бээжин, Хөх хотын чиглэлийн нислэгийг тогтворжуулж, 2019 оны түвшинд хүргэх, "МИАТ" төрийн өмчит хувьцаат компанийн хувьд Шанхай, АНУ-ын Сиэтл хотын чиглэлд шинээр нислэг үйлдэхээр төлөвлөн ажиллаж байна. Агаарын тээврийн зах зээлийн өнөөгийн байдал, цар тахлын улмаас үүсээд буй санхүүгийн хүндрэлийг судлан тогтоож, салбарын үйл ажиллагааг сэргээн тогтворжуулах, агаарын тээвэрлэгчдийн өрсөлдөх чадвар санхүүгийн байдлыг сайжруулах бодлого зохицуулалтын арга хэмжээний саналыг боловсруулан төрийн өмчийн бодлого зохицуулалтын газартай хамтран ажиллаж байна. Нислэгийн зардлын ихэнх хувийг эзэлдэг агаарын хөлгийн шатахууны үнийг төрийн зохицуулалттай бууруулах, зардлыг зохицуулах асуудлыг төрийн өмчит “Эрчис ойл” компанид хариуцуулах бэлтгэл ажлыг хангаж байгаа. Шатахуун хангамж байгууламжийн ашиглалтыг ИНЕГ хариуцаж, 2021 оныг дуустал 1.8 тэрбум төгрөгийн алдагдлыг хариуцаад байна. "МИАТ" компанийн Засгийн газрын нөөц сангийн алдангийн үлдэгдэл болох 989.7 сая төгрөгийн өглөг, ИНЕГ, түүний харьяа байгууллагуудад төлөх нисэх буудлын болон агаарын үйлчилгээний хураамжийн хуримтлагдсан 9.27 тэрбум төгрөгийн өглөгийг тус, тус чөлөөлүүлэхээр ажиллаж байна.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:

-Таван онгоцны насжилт юу болж байна. Шинээр авсан онгоцны өр төлбөр хэдий хэр хэмжээнд байна. Би хувьдаа МИАТ компанийг санхүүгийн хүнд нөхцөлд байгаа гэж ойлгосон. Гэтэл энэ талаар ер дурдагдсангүй. Асуудлаа илэн далангүй ярих хэрэгтэй. Миний үед МИАТ компанийг хувьчлах асуудал УИХ-аар орж байсан. МИАТ компани санхүүгийн хүнд байдалд орсон учраас  40 хүртлэх хувиа “Хүннү Эйр” ХХК, “Аэро Монголиа” ХХК-д өгнө гэж яригдаад байна. Энэ үнэн үү. Өөрсдийгөө болгоод яваа аж ахуйн нэгжүүдээ хүчээр буцааж оруулж ирээд өр төлбөрөө хамт хуваалцах нь буруу. Харин зах зээл дээрх хувиа худалдан борлуулж, нээлттэй компани болно гэвэл зөв.

"МИАТ" компанийн гүйцэтгэх захирал Б.Мөнхтамир:

2020 оны хоёрдугаар сараас эхлэн бүх нислэг зогссон. Тиймээс компанийн мөнгөн урсгалын хэмжээ 2020 онд 58 тэрбумын алдагдалтай, 2021 онд 52 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан. Өнөөдрийн байдлаар хүлээгдэж буй 51.3 тэрбум төгрөгийн өр төлбөртэй байна. “МИАТ” компани үйл ажиллагаанд ашиглахгүй байгаа нэг онгоц, үйл ажиллагаанд ашиглагдаж байгаа дөрвөн онгоцтой. Дөрвөн онгоцны нэгийг 2013 онд Засгийн газрын баталгаат зээлээр худалдаж авсан.

Энэ онгоцны төлбөр 2023 оны хоёрдугаар сард төлөгдөж дуусна. Одоогийн байдлаар 12 сая ам.долларын төлбөр байна. Үлдэгдэл гурван онгоц түрээсийнх. Хамгийн өндөр түрээстэй онгоцод сарын 440 мянган ам.долларыг төлж байна. Үлдсэн хоёр онгоцны сарын түрээс 256-380 ам.доллар. Өр төлбөрийн хувьд 52 тэрбум төгрөгийн 25 орчим нь төрийн байгууллагын төлбөр. Үлдэгдэл 26.3 нь гадаад дотоодын харилцагч байгууллагын шатахууны төлбөр байна.

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл:

Хувийн хэвшлийн компаниудад 40 хүртэлх хувийг өгнө гэдэг нь үндэслэлгүй мэдээлэл байна. Ийм зүйл яригдаагүй. “МИАТ” компани бол хэвийн ажиллах үедээ жилд 500 гаруй тэрбум төгрөгийн борлуулалт хийдэг байсан. Цар тахлын үед л хүнд байдалд орчихлоо. 2018-2019 онд 32-52 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж байсан. "МИАТ" компанийн хөрөнгийг эргэлтэд оруулах асуудал яригдаж байна. Өмч хувьчлалын асуудлыг Засгийн газар дангаараа шийдэхгүй. УИХ-аар орох ёстой. Хэрэв хувьчлах тухай асуудал яригдвал нээлттэй УИХ-ын түвшинд яригдах байх. Олон нийтийн хяналттай, нээлттэй компани болгох нь “МИАТ” компанийн цаашдын ирээдүйд хэрэгтэй. Төлөөлөн удирдах зөвлөл үр дүнгүй ажиллаж байна гэх дүгнэлт гарсан.

17 : 22
2021-11-30

"МИАТ 2021 оны эхний хагас жилд 35,2 тэрбумын алдагдалтай ажилласан"

Тодруулбал, цар тахлаас шалтгаалан 2020 оны хоёрдугаар сараас олон улсын нислэгийг зогсоосноор  тус компани 315 нислэг гүйцэтгэн 213.6 зорчигч тээвэрлэж, тээвэрлэлтийн орлого тасарч, 2020 онд 58.0 тэрбум, 2021 оны эхний хагас жилд 35.2 тэрбум төгрөгийн алдагдал хүлээж төлөгдөөгүй өр төлбөр нь 50 тэрбум төгрөгт хүрчээ. 

Тиймээс "МИАТ" төрийн өмчийн хувьцаат компанийн санхүүгийн өнөөгийн нөхцөл байдлын талаарх асуудлыг Засгийн газрын өнгөрсөн аравдугаар сард хэлэлцсэн. Энэ үеэр МИАТ компанийн өөрийн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэхэд шаардагдах санхүүжилтийг боломжит эх үүсвэрээс шийдвэрлэхийг Сангийн сайд болон Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргад даалгасан юм. 

Цар тахлаас шалтгаалан олон улсын хуваарьт нислэг зогсож, зорчигч тээврийн орлого буурч, сүүлийн 20 сарын турш үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ компани өөрийн нөөц бололцоог дайчлан агаарын хөлгийн түрээсийн төлбөр, техник үйлчилгээ, даатгал зэрэг тогтмол зардлаа нөхөх, цалин, хөрөнгө оруулалт, нислэгийн шууд бус зардлаа бууруулах зэргээр хэмнэлтийн горимоор ажиллаж буй. “МИАТ” компани 2019 онд 1936 нислэгээр 788.5 мянган зорчигч тээвэрлэж, төлөвлөгөөнөөс 21.5 мянган хүнээр буюу 2.8 өссөн, өмнөх оноос 69.7 мянган хүнээр буюу 9.7 хувиар нэмэгджээ. Ачаа тээвэрлэлт төлөвлөгөөнөөс 759.7 тонн буюу 20.3, өмнөх оноос 59.8 тонн буюу 2.0 хувиар буурчээ. 

Дашрамд дурдахад, "МИАТ" ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл есдүгээр сарын 31-нд хуралдаж  тус компанийн захирал Б.Баттөрийг ажлаас нь чөлөөлж, оронд нь Захиргаа, хууль эрх зүй эрхэлсэн дэд захирал Б.Мөнхтамирыг томилсон юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж