Бид энэ удаагийн “ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСАГ БУЛАН”-даа цар тахлын шинэ хувилбар болох омикроны тархалт дэлхийн улс орны эдийн засагт хэрхэн нөлөөлж буй талаарх мэдээллийг онцоллоо.
ОМИКРОН ХУВИЛБАРААС ҮҮДЭЛТЭЙ ЭДИЙН ЗАСГИЙН ХЯМРАЛ АЗИ ТИВД ХАРЬЦАНГУЙ БАГА БАЙНА
Цар тахалтай тэмцэхийн тулд улс орнууд нэн тэргүүнд аялал жуулчлалын салбартаа хязгаарлалт хийдэг билээ. Харин цар тахлын шинэ омикрон хувилбар гарч ирснээр уналтанд ороод байсан дэлхийн эдийн засаг эргэн сэргэхэд хүндрэлтэй болоод байна. Гэхдээ Даваа гаригт Морган Стэнлигээс мэдэгдсэнээр "Ази тивийн хувьд вакцинжуулалтын түвшин өндөр байгаа учир эдийн засгийн уналт харьцангуй бага мэдрэгдэх магадлалтай гэв.
“2021 оны дунд үе буюу Азид дельта хувилбар тархаж байсан үетэй харьцуулахад одоо вакцинжуулалтын түвшин хамаагүй өндөр байна. Дэлхийн эдийн засгийн 12 бар улсаас 10 нь нийт хүн амынхаа дор хаяж 70 хувийг нэг тун вакцинд хамруулаад байна” гэж Морган Стэнли онцолжээ. Эдийн засгийн бар улсуудыг тодруулбал, Өмнөд Солонгос, Малайз, Сингапур, Австрали, Хятад, Япон, Еврогийн бүс, Энэтхэг, Америк, Хонгконг, Индонез, Филиппин гэсэн 12 улс юм.
Шинэ омикрон хувилбар нь харьцангуй нээлттэй хил бүхий Энэтхэг болон Зүүн Өмнөд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны нийгэмлэгийн орнуудын эдийн засагт сөргөөр нөлөөлж болзошгүй. Яагаад гэвэл эдгээр улсууд нь хилийн бодлого харьцангуй нээлттэй боловч халдварын тоо эрс нэмэгдвэл хязгаарлалт хийх магадлалтай байгаа юм.
ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛҮҮД ОМИКРОНЫ ТАРХАЛТААС ШАЛТГААЛАН ХЭЦҮҮХЭН СОРИЛТТОЙ ТУЛГАРАВ
Хөрөнгө оруулагчид шинэ омикрон хувилбарын талаарх мэдээг үргэлжлүүлэн судалж байх хооронд Ази Номхон далайн зах зээл уналтанд ороод байна. Даваа гаригийн 01:30 минутын байдлаар Японы N225 индекс ойролцоогоор 1.6, Хонгконгийн HIS 1.2, Өмнөд Солонгосын KOSPI 0.9, Австралийн S&P/ASX 200 индекс 0.5 хувиар тус тус унаад байна. Шанхайн SHCOMP индексийн хувьд тогтвортой байна.
Харин АНУ-д хувьцааны индекс өсөв. Dow, S&P 500 болон Nasdaq индексүүд тус бүр 0.5 болон 0.8 хувь болон нэг хувиар өссөн байна. Дэлхийн жишиг Brent маркийн нефтийн үнэ гурван хувиас дээш өсч, баррель нь 75 орчим ам.доллар болсон бол АНУ-ын газрын тосны үнэ дөрвөн хувиар өсч 71 ам.доллар хүрчээ.
ЕВРОП ТИВД ТАРХСАН ШИНЭ ОМИКРОН ХУВИЛБАРЫН ДАВАЛГАА ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСАГТ НӨЛӨӨЛЖ БАЙНА
Цар тахлын халдвар дэлхийн бүх улсад бүртгэгдээд байгаа хэдий ч, Европ тивийн хувьд дахин цар тахлын голомт болоод байна. Өдөр бүр 400 мянга орчим шинэ тохиолдол гарч, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас тооцоолсноор дэлхий дахинд гарч буй нийт тохиолдлын 70 хувь нь Европоос гарч байгаа юм. Европын 53 улсын хувьд 2022 оны гуравдугаар сар хүртэл цар тахлын нөхцөл байдал хүндхэн байх төлөвтэй байна. Одоогийн байдлаар Бельги, Чех, Недерланд, Герман, Итали, Англи, Дани улсуудад омикрон халдвар бүртгэгджээ.
Европын холбооны орнуудын нийт хүн амын 66 хувь нь, тэр дундаа насанд хүрэгсдийн 77 хувь нь вакцины бүрэн тундаа хамрагдаад байгаа юм. Англид нийт хүн амын 23 хувь нь гурав дахь тундаа хамрагдаад байна.
Европт шинэ омикрон хувилбарын тархалт нэмэгдэж байгаа нь угаас эмзэг болоод байсан дэлхийн эдийн засагт аль хэдийн нөлөөлөөд эхлэв. Аялал жуулчлалын хязгаарлалт болон бусад хориг арга хэмжээнүүд нь газрын тосны үнэд нөлөөлж эхэллээ.
Шинэ омикрон хувилбараас өмнө ихэнх хөгжингүй болон хөгжиж буй орнуудын эдийн засаг харьцангуй өсөх хандлагатай харагдаж байв. Дэлхийн эдийн засгийн өсөлтөд Европ чухал үүрэг гүйцэтгэнэ гэж найдаж байсан бөгөөд олон тооны сорилттой тулгарсан ч одоогоор Европын холбоо нь дэлхийн томоохон эдийн засагтай орнуудын нэг хэвээр байна. Европын холбооны эдийн засаг 2021 онд тав, 2022 онд 4.3 хувиар өсөх төлөвтэй байна.
ЭХ СУРВАЛЖ: FORTUNE.COM, CNN, MONEYCONTROL.COM
М.НАРАНЖАРГАЛ
Холбоотой мэдээ