Мессигийн 7 дахь алтан бөмбөг ба Роналдогийн залруулга

Хуучирсан мэдээ: 2021.11.30-нд нийтлэгдсэн

Мессигийн 7 дахь алтан бөмбөг ба Роналдогийн залруулга

Мессигийн 7 дахь алтан бөмбөг ба Роналдогийн залруулга

Баллон д’Ор буюу Алтан бөмбөгийн шагнал гардуулах ёслол орон нутгийн цагаар өчигдөр/2021.11.29/ Францын нийслэл Парис хотноо боллоо. Энэ жилийн шилдэг хөлбөмбөгчнөөр Лионель Месси тодорч, долоо дахь алтан бөмбөгөө хүртэв.

Месси өмнө нь 2009, 2010, 2011, 2012, 2015, 2019 онуудад энэхүү шагналыг хүртэж байв.

Өнгөрсөн долдугаар сард Аргентины шигшээ багийнхаа хамтаар Копа Америкад түрүүлж, алтан бөмбөг хүртэх болзлоо хангасан Месси шагналаа авсныхаа дараа “Дахин энд зогсож байгаа маань үнэхээр гайхалтай байна. Хоёр жилийн өмнө би сүүлийн алтан бөмбөгөө хүртлээ л гэж бодож байсан. Копа Америкад түрүүлсэн нь энд зогсох гол түлхүүр боллоо. Надад хэдэн жил үлдсэнийг мэдэхгүй байна. Гэхдээ одоог хүртэл хөлбөмбөгөөс баяр баяслыг мэдэрч байгаа тул цаашдаа олон жил байгаа гэж найдаж байна” гэв.

Месси нийт 613 оноотой түрүүлсэн бол Роберт Левандовски 580 оноо, Жоржиньо 460 оноо авчээ.

Өнгөрсөн жил алтан бөмбөг хүртэх ёстой байсан ч цар тахлын улмаас шагналаа алдсан Левандовскигийн талаар Месси ярихдаа “Лева чи Баллон д’Орыг хүртэх эрхтэй. Чамтай өрсөлдөх нэр төрийн хэрэг байлаа. Өнгөрсөн жил хүн бүр чамайг энэ шагналын эзэн гэдгийг чинь хүлээн зөвшөөрсөн. "France Football" 2020 оны Баллон д’Орыг чамд өгөх ёстой гэж би бодож байна” гэжээ.

Месси долоо дахь алтан бөмбөгөө хүртэж, дээд амжилтаа ахиулсан бол таван алтан бөмбөгтэй Роналдо энэ жил зургадугаар байрт оржээ. Баллон д’Орын эзнийг тодруулдаг “France Football” сэтгүүлийн ерөнхий редактор Паскаль Ферре өнгөрсөн долоо хоногт хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Роналдод ганцхан л амбиц бий. Тэр нь Мессигээс илүү олон алтан бөмбөгтэй зодог тайлах. Тэрийгээ ч надад хэлж байсан” гэж байв. Харин үүнийх нь хариуд Роналдо залруулга хийн “Паскаль Ферре худлаа ярьсан. Тэр өөрийгөө сурталчлахын тулд миний нэрийг ашигласан. Ийм гайхалтай шагналыг гардуулдаг хүн хариуцлагагүй мэдэгдэл хийж байгаа нь хүлээн зөвшөөрч боломгүй үйлдэл. "France Football" болон Баллон д’Орыг хүндэлдэг хүн бүрийг үл хүндэтгэсэн хэрэг. Би энэ шагналыг хүртсэн хүн бүрт баяр хүргэхийг хүсдэг. Миний хамгийн том амбиц бол улс, клубынхаа хамтаар тэмцээнүүдэд түрүүлэх. Миний хамгийн том амбиц бол хөлбөмбөгийн түүхэнд нэрээ алтан үсгээр тэмдэглэн үлдээх” гэжээ.

Эмэгтэй алтан бөмбөгийн эзнээр Барселонагийн Алексиа Путелла тодорч, 1960 оноос хойш дэлхийн шилдэг хөлбөмбөгчнөөр тодорсон анхны Испани хүн болов. Өнгөрсөн улирал багийнхаа хамтаар гурван тэмцээнд түрүүлсэн Путелла “Үнэхээр сэтгэл хөдөлж байна. Онцгой үдэш тохиож байна. Багийнхантайгаа энд байгаадаа баяртай байна. Бид хамтдаа маш олон зүйлийг үзэж харж, тууллаа. Ялангуяа өнгөрсөн улирал. Миний карьерын турш надтай хамт байсан багийнхаа найзуудад баярлалаа. Энэ шагнал зөвхөн ганц хүнд очдог хэдий ч хөлбөмбөг бол багийн спорт. Мөн багтаа баярлалаа. Барселонаг төлөөлнө гэдэг жинхэнэ аз завшаан” гэжээ.

Түүний араас багийнх нь анд Женнифер Хермосо болон Челсигийн Сэм Керр нар удаалжээ.

Роберт Левандовски алтан бөмбөг хүртэж чадаагүй ч оны шилдэг довтлогч болов. 2020 онд 47 гоол, 2021 онд 64 гоол оруулж, УЕФА Аваргуудын лиг, дотоодын тэмцээнүүддээ түрүүлсэн ч Лева алтан бөмбөг хүртэж чадсангүй. Шагнал хүртсэнийхээ дараа Левандовски өөрийн твиттер хуудаснаа “Месси болон Путелла нарт Баллон д’Ор хүртсэнд нь баяр хүргэе. Мөн эдгээр шагналын төлөө өрсөлдсөн хүн бүрт баяр хүргэе. Би оны шилдэг довтлогчийн шагналыг хүртлээ. Хүчирхэг баг, үнэнч фэнүүдгүйгээр энэ шагналыг ямар ч тоглогч хүртэж чадахгүй байх байсан биз. Намайг дэмждэг та бүхэндээ баярлалаа” гэжээ.

Левандовскигийн хувьд үнэхээр харамсмаар зүйл тохиов. Өнгөрсөн жил цар тахалд алтан бөмбөгөө алдсан бол энэ жил Копа Америкад түрүүлсэн Мессид алдлаа. Гэхдээ түүнд ирэх жилийн алтан бөмбөгийг хүртэх боломж бий. Тэрбээр энэ улирал ч урьдын адил дийлдэшгүй байгаа.

Өнгөрсөн жил Левандовскигийн фэнүүд түүнд легогоор хийсэн Баллон д’Ор бэлэглэж байв.

Оны шилдэг хаалгачид гардуулдаг Яшины цомын эзнээр ПСЖ болон Италийн шигшээ багийн хаалгач Жианлуижи Доннарумма тодров. Түүнтэй Челсигийн хаалгач Эдуард Менди хүчтэй өрсөлдөөнийг үзүүлсэн. Доннарумма өөрийн твиттер хуудаснаа “Яшины цомыг хүртсэн нь миний хувьд нэрийн төрийн хэрэг. Кастеламмаре ди Стабиа хэмээх төрөлх жижиг тосгоноосоо Милан руу нүүж, эцэст нь Парист ирлээ. Үнэхээр урт аялал, үнэхээр олон өөрчлөлт. Амьдрал бол аялал” хэмээн жиргэжээ.

Оны шилдэг багаар Челси тодров. Тус багийн хувьд энэ удаагийн алтан бөмбөгийн шагнал гардуулах ёслолд өргөн бүрэлдэхүүнтэй оролцсон.

21-ээс доош насны оны шилдэг хөлбөмбөгчинд олгодог Копа цомын эзнээр Барселонагийн Педри тодров. Өнгөрсөн улирал тэрбээр клуб, шигшээ багийнхаа түвшинд тогтмол сайн тоглолтыг үзүүлсэн. Копагийн эзэн Педри “Намайг дэмжсэн хүн бүрт баярлалаа. Энд хүрэлцэн ирсэн Мессид баярлалаа гэж хэлмээр байна” гэв. Хэдийгээр Месси, Педри хоёр ердөө ганцхан улирал Барселонад  хамтдаа тоглосон ч Педри түүнээс их зүйл сурсан гэнэ.

2021 оны Баллон д’Орын арга хэмжээ түүх болон үлдлээ. Месси долоо дахь алтан бөмбөгөө хүртэж, Роналдогоос тасарч чадсан бол Роберт Левандовски алтан бөмбөг хүртэх эсэхээ ирэх жил хүртэл хүлээх болов. Өдгөө 33 настай Польш довтлогчийн хувьд алтан бөмбөгөөс бусад бүхий л шагналуудыг хүртлээ. Хөлбөмбөгийн мэргэжилтнүүд, фэнүүдийн зүгээс Шави, Шнейдерт тохиолдсон зүйл түүнд тохиолдох вий хэмээн болгоомжилж байна. Шави, Шнейдер тэргүүтэй тамирчид Роналдо, Месси хоёрын золиос болж, хүртэх ёстой шагналаа хүртэж чадалгүй, азгүйтсэн билээ. Хэрэв эдгээр тамирчид Месси, Роналдогийн эрин үед бус өөр цаг үед байсан бол хэдийнэ алтан бөмбөгийн эзэд болох байв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
4
БурууБуруу
3
ХөөрхөнХөөрхөн
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж