Шадар сайд Улсын онцгой комиссын дэргэдэх Нэгдсэн шуурхай штаб дээр өчигдөр /2021.11.29/ ажиллаж, УОК-оос өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг биечлэн шалгалаа.
Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан “Олон гашуун туршлага бий учир дүрэм, журмаа сайн боловсруулах хэрэгтэй. Иргэдийг бүрэн мэдээллээр хангаж, Энхсаран сувилалд халдвар алдсан шиг нөхцөл үүсгэж болохгүй. Тусгаарлах байранд мөрдөгдөх дүрэм, журмыг бүх албан хаагчид мэдэх ёстой. Тэгж байж тусгаарлалтад байгаа иргэд ойлголтын зөрүүгүй байна.
Бүх зүйлийг цагаан дээр хараар бичиж баталгаажуул. Гадаад улсаас ирж байгаа иргэн онгоцны буудал дээр буугаад хэдэн минут шинжилгээ өгөх, хэрэв халдвар бүртгэгдсэн бүсээс ирсэн бол хаана, хэд хоног тусгаарлагдахыг нарийн зааж өгөх нь зөв. Мөн тусгаарлагдах байранд хэн гэдэг эмч хүлээж аваад, хэчнээн хоногийн давтамжтай PCR авахыг ч, ямар хоол ундаар үйлчлэх, чанар стандартыг хэрхэн хангаж байгааг ч журамлах хэрэгтэй.
Хариуцлага алдсан бол тухай бүрд нь хяналт тавьж, арга хэмжээг авч явна. Эзэнгүй асуудал үлдээж болохгүй. Шуурхай штаб зөвлөмжийг боловсруулж, иргэдэд тараах хэрэгтэй. Өмнө нь үүсч байсан асуудлуудыг санаж байгаа байх. Бид дахин алдаагаа давтахгүй байх тал дээр онцгой анхаарах хэрэгтэй. Ямар ч төлөвлөгөөгүй ажлаас болж нэг ч иргэн хохирч болохгүй. Тиймээс Шуурхай штаб бүх шатны байгууллагууддаа хяналт тавьж ажиллах хэрэгтэй. Үүнээс гадна эм, эмийн нөөцийг гурван сар хангаж, хангалттай татан авахыг анхаарах. Вакцинжуулалтын ажлыг идэвхжүүлэх, тасралтгүй явуулахад мөн л зохион байгуулалт чухал. Маргаашаас Эрүүл мэндийн яамнаас PCR шинжилгээг бүх боомтууд дээр авахад хяналтаа хатуу тавихыг шаардаж ажиллахыг үүрэг болгож байна. Халдварын мутацид орсон хэлбэрийг дотоодод алдахгүй байх тал дээр Улсын онцгой комисс өндөр зохион байгуулалттай ажиллах нь зүйтэй” гэсэн юм.
Африк, Европын зарим улс орнуудад тархаад байгаа Covid-19-ийн омикрон вирусийг улсын хилээр оруулж ирэхгүй бэлтгэл ажлыг УОК-ын Нэгдсэн Шуурхай штаб хэрэгжүүлж буй. Өнгөрсөн Бямба гаригт өгсөн үүрэг даалгаврын биелэлтэд Шадар сайд ийнхүү хяналт тавьж, яаралтай хугацаанд мэдээ, мэдээллийг боловсруулж, тусгаарлалтад байгаа иргэдэд ойлголтын зөрүү гаргахгүй байхыг зөвлөв. Мөн өнгөрсөн жил Энхсаран сувилалд халдвар алдсан нөхцлийг дахин давтахгүй байхыг анхааруулж, хариуцлага алдсан хэнд ч зохих арга хэмжээг авахыг анхаарууллаа.
Холбоотой мэдээ