ЭМЯ-ны зөвлөгөө: Оцон шувуу шиг алхаарай

Хуучирсан мэдээ: 2021.11.30-нд нийтлэгдсэн

ЭМЯ-ны зөвлөгөө: Оцон шувуу шиг алхаарай

ЭМЯ-ны зөвлөгөө: Оцон шувуу шиг алхаарай

Өндөр өсгийттэй 30 орчим насны бүсгүй нөхөртөө тэврүүлсээр эмнэлгийн хаалгаар орж ирэв. Хотын “ганган” зам дээр халтирч унахдаа гэмтсэнийг залуу эмчид учирлана. Гэвч хэчнээн яарч тэвдлээ ч өвдөлтөө тэсвэрлэхээс өөр арга байсангүй. Удтал хүлээсний эцэст эмч тэр эмэгтэйг өвдгөндөө хүнд гэмтэл авсныг хэлж дахин үзүүлэхээр цааш явлаа. Түүнтэй адил гар, хөлөндөө гэмтэл авсан олон хүн эмчийн үүдийг харуулдаж урт дараалал үүсгэж байв.

Үзлэгийн өрөө шөнө дунд өдрийнх шиг ачаалалтай. Олон цаг дугаарласандаа тэсвэр алдарсан хүмүүс хоорондоо дараалал булаалдаж муудалцах. Зарим нь тэвчээр барж ёолно.

Гэмтлийн эмнэлгийн хаалгаар доголсон, тэврүүлсэн, цусаа урсгасан, насилка дээр хүргүүлсэн гэх мэт олон шалтгаанаар гэмтсэн хүний хөл шөнөжин тасрахгүй. Тэр дундаа халтирч, явганаас бэртсэн хүмүүс их. Хөнгөн бэртлээ гэхэд мэс заслаас холуур өнгөрч гар, хөл, толгойгоо цагаан даавуугаар боолгуулна. Зол дайрлаа гэхэд аминаас наагуур өнгөрч мэс засалд орох нь энүүхэнд. Эмчийн хаалга сахиж дугаарласан хүмүүсийн дийлэнх нь л халтирснаас болж хөнгөн бэртсэн гэх шалтгаантай гар, хөл, зөөлөн эдийн гэмтэл авчээ. Тэдний дийлэнх нь залуус.

Хоёр найз эмнэлгийн үүдээр нэгийгээ түшиж доголсоор орж ирэв. Найз нь эмчид “Манай найз зам дээр халтирч унаад хөлөө хугалчихлаа” гэвэл эмч хариуд нь “хөлөө хугалсныг чи яаж мэдэх вэ” гэх нь тэр. Гэмтэл согог судлалын үндэсний төвийн нэгэн шөнө хүмүүс хөлхөлдөж, эмч нар гүйлдсэн ачаалалтай өнгөрч байгаа нь энэ.

Тус эмнэлгийн Яаралтай хүлээн авах тасгийн үүдэнд хэсэг саатахад л ийм дүр зураг угтлаа. Эмч нарын оргил ачааллын үе нь 23:00-03:00 цаг хүртэл гэнэ. Цастай өдрүүдэд хэчнээн хүн тус эмнэлэгт халтирч гэмтсэнээс болж хандсаныг хэлж мэдэхгүй.

Гэвч явган алхаж үзээгүй дарга, бизнесменүүдийн гялгар толигор замаас нь болж өдөртөө 100 орчим хүн гэмтдэг статистик бий. Эмч нарын хэлж байгаагаар эмнэлгийн тусламж авч буй хүмүүс ихэвчлэн гудамж, зам талбай, аж ахуй нэгж байгууллагын орчим явж байхдаа унаж бэртдэг байна.

Гэмтэл согог судлалын үндэсний төвд хоногт дунджаар 340 хүн ханддаг. Тухайлбал, энэ сарын 16-нд Яаралтай хүлээн авах түргэн тусламжийн тасгаар 357 хүн эмнэлгийн тусламж авсны 305 нь нийслэлд байжээ.

Гэтэл дөрөв хоногт  1348 хүн эмнэлгийн тусламж авчээ. Тодруулбал, энэ сарын 15-18 хүртэлх хугацаанд  24 цагт эмнэлэгт хандсан хүний тоог задалбал,

  • 2021.11.15 –312
  • 2021.11.16 –357
  • 2021.11.17 –318
  • 2021.11.18 –361

Тэгвэл өнгөрсөн Ням гаригт хоногт 400 хүн эмнэлгийн тусламж авсны 335 нь нийслэлд бүртгэлтэй байжээ.

Улаанбаатар өвөлдөө хамгийн том "мөсөн талбай" болж, олон хүний эрүүл мэнд, амь насанд заналхийлсээр удаж буй. Энэ жил мөн адил уран гулгалтын улирал эхэлсэн энэ өдрүүдэд пингвин алхалтаар алхахыг эрүүл мэндийн салбарынхан шоглох болжээ. Өөрөөр хэлбэл,  хэчнээн яарсан ч жижиг алхамаар удаан явах нь хамгийн сонгодог  арга болж байна.

Нөгөө талд, гэмтсэн хүмүүсийн дунд бага насны хүүхдүүд ч цөөнгүй. Эцэг эхчүүдийнх нь хэлж байгаагаар гэртээ унаж бэртсэн гэнэ. Эмчийн өрөөнөөс аавдаа үүрүүлсээр хөлийнхөө шагайг гипсдүүлсэн өсвөр насны охин “Гадуур халтирч унахаас байнга болгоомжилж алхдаг. Зам халтиргаатай алхахад хэцүү. Гэхдээ гудамжинд биш гэртээ хивсэн дээр халтираад гэмтэнэ гэж бодсонгүй. Зөвхөн гудамжинд унаж бэртдэггүй юм байна” гэж байлаа.

Мөн л эмчийн өрөөнөөс найман настай хүү баруун хөлөө гипсдүүлж ээждээ тэврүүлсээр гарч ирэв. Хүүг ээж нь гудамжинд гүйж байхдаа халтирсныг учирласан. ГССҮТ-өөс авсан мэдээллээр осол гэмтлийн тэргүүлэх шалтгаан нь уналтаас үүдэлтэй гэмтэл тэргүүлэх болжээ. Үүнд, явганаас халтирч унах, сандлаас унах гэх мэт. Ялангуяа, өвлийн улиралд халтиргаа гулгаатай холбоотой гэмтэл маш их бүртггэгддэг.

Сүүлийн жилүүдэд халтиргаанаас болж бэртсэн ослыг авч үзвэл,

Мөн 2020 онд 31 хүн халтирч унаж, нас баржээ. Өнгөрсөн онд осол гэмтлийн тэргүүлэх шалтгааныг мөн л халтирч унасан тохиолдол тэргүүлсэн бол гэмтсэн тохиолдлын 95 хувь нь бэртэхдээ согтууруулах ундаа хэрэглээгүй байжээ.

Мөн  30 хувь нь гудамж, замд гэмтсэн байна.

Эндээс харвал гудамж, талбайд халтирч, бүдэрч унах, тэр дундаа цас мөсөн дээр унаж бэртэх, цаашлаад амиа алдах нь иргэдийн хувьд бодит эрсдэл болжээ. Иргэдийн ая тухтай, аюулгүй орчныг бүрдүүлье гэвэл жижиг зүйлсээс ч эхэлж болохоор.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж