МАН-ын Их хурлын дараах УЛС ТӨР

Хуучирсан мэдээ: 2021.11.30-нд нийтлэгдсэн

МАН-ын Их хурлын дараах УЛС ТӨР

МАН-ын Их хурлын дараах УЛС ТӨР

Удаан хугацааны дараа МАН Их хурлаа товлож, даргаа жинхлэхээр болов. Тус намын Их хурал арванхоёрдугаар сарын 6-ны өдөр буюу долоо хоногийн дараа болно. Энэ удаагийн Их хурлаар Ерөнхий сайд, МАН-ын даргын үүрэг гүйцэтгэгч Л.Оюун-Эрдэнийг жинхлэх юм. Л.Оюун-Эрдэнийг 2021 оны зургадугаар сард болсон МАН-ын Бага хурлаар намын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилсон. Тэр цагаас хойш Л.Оюун-Эрдэнэ намдаа, намын гишүүддээ хүлээн зөвшөөрөгдөхийн тулд олон “улс төр” хийсэн.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ намын дарга болсноос хойш түүний Засгийн газраас шүд сугалах, зарим сайд нарт нь хариуцлага тооцох, Засгийн газрыг нь унагах намын дарга болгохгүй байх олон улс төр өрнөсөн. Тиймдээ ч Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын тэргүүний хувьд намынхаа олон “улс төр”-ийг цэгцэлж, үндсэндээ “хайрцагласан” учраас ийн намын Их хурлаа товлож буй.  Тэгвэл энэ Их хурлын дараа Монголын, МАН-ын улс төрд юу өрнөх вэ.

ҮНДСЭН ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТИЙГ НАМРЫН ЧУУЛГАНААР “БАТАЛНА”

МАН-ын Бага хурал, Их хурлаар дуу нэгтэй Л.Оюун-Эрдэнийг намын даргаар жинхлэнэ. Түүний хийх эхний алхам бол Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт хийх, гар дүрэх ажиллагааг УИХ-аар хийлгэх.  Эрх баригч нам 2019 онд Үндсэн хуульд нэмэлт, оруулсан. Гэхдээ тэд бүрэн гүйцэт өөрчлөлтийг хийж чадаагүй ч ерөнхийдөө боломжийн өөрчлөлтийг хийж чадсан гэж хуулийн хүрээнийхэн дүгнэж буй. Гэхдээ өнгөрсөн хугацаанд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд ороогүй буюу хөндөөгүй хэсгийг нь энэ удаад хөндөнө гэсэн саналтай байгаа. Ялангуяа Засгийн газрын гишүүдийн  олонх нь давхар дээл буюу УИХ-ын гишүүн байх зохицуулалтыг хийх зайлшгүй шаардлага байгааг МАН-ынхан ил, далд ярих болсон. Өөрөөр хэлбэл,  2019 онд Засгийн газрын гишүүдийн дөрөв нь давхар дээлтэй болно гэсэн заалт оруулснаа энэ удаад өөрчилнө. Учир нь дан дээлтэй сайд нар нь улс төр хийж чадахгүй, чадамжгүй байна гэж үзэж байгаа учраас давхар дээлтэй сайд нарын тоог нэмэхээр МАН-ын удирдлагын түвшинд тохиролцсон. Тиймээс Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хийх эсэх саналаа Их хурлын гишүүдээсээ санал авч, шийдэхээр болсон. Мэдээж намын даргаа дуу нэгтэйгээр сонгож байгаа учраас энэхүү нэмэлт, өөрчлөлтийг ч мөн дуу нэгтэй дэмжих болов уу.

Түүнээс гадна Үндсэн хуульд оруулах эрх баригчдын нэг хүсэл бол зургаан жилээр сонгогдох Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог байх, ингэхдээ парламентын гишүүдийн тоог нэмж 99 эсвэл 108 болгох сонирхол бий. Тэгэхээр одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ард түмнээс сонгогдсон "сүүлчийн" Ерөнхийлөгч болж мэднэ. Хэрэв энэ өөрчлөлтийг хийвэл 2027 оны Ерөнхийлөгчийг парламентаас сонгох магадлалтай.

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хийж, ялангуяа давхар дээлтэй сайд нарын асуудлыг оруулж ирэх юм бол МАН асуудалд орно. Тэд зөвхөн өөрсдөдөө зориулж, өөрсдийнхөө эрх ашиг, эрх мэдлийн хуваарилалтын төлөө Үндсэн хуульд гар дүрсэн болно. Хэрэв тэд өөрсдөдөө зориулаагүй бол “давхар дээл”-ийн заалтын хэрэгжилтийг 2024 оны сонгуулийн дараагаас хэрэгжүүлэх ёстой. Гэвч өнөөгийн улс төр, эрх баригчид дунд өрнөж байгаа улс төрийн чимээгээр бол баталсан өдрөөс нь хэрэгжүүлэх зорилго агуулж буй гэх.

Л.ОЮУН-ЭРДЭНЭ ХАРИУЦЛАГЫН “СЭЛМЭЭ СУГАЛНА”

Эрх баригчдын төсөөлж байгаа шиг намрын чуулганаар амжиж Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж чадвал Л.Оюун-Эрдэнэ танхимынхаа сайд нарт хариуцлага тооцож, давхар дээлтэй сайд нарынхаа тоог нэмнэ.  Саяхан УИХ-аар батлуулсан шинэ хоёр яамныхаа сайдыг ч давхар дээлтэй байхаар тооцож буй.  Учир нь энэ хоёр яамыг тодорхой хүмүүст зориулж байгуулсан гэх яриа ч улс төрийн хүрээнд гарах болсон нь анхаарал татаж буй.

Намын даргын үүрэг гүйцэтгэгч болсноос хойш намынхандаа хариуцлага тооцож чадахгүй явсаар өнөөдрийг хүрсэн Л.Оюун-Эрдэнэ жинхлээд жинхэнэ улс төрөө хийж эхэлнэ. Ингэхдээ хариуцлага нэрийн дор намынхандаа хариуцлага тооцох, нөгөө талдаа намаа “цэвэрлэх”. Өмнөх намын дарга нарын томилгоо, албан тушаалтнуудад хариуцлага тооцох нэрийдлээр өөрийн хүмүүсээ томилж эхэлнэ. Үндсэндээ улс төрийн намын дарга болгоны хийдэг ажлыг Л.Оюун-Эрдэнэ хийж эхэлнэ гэсэн үг. Тэр намын даргаар жинхэлснийхээ дараа удаан хугацаанд барьсан, тохирсон, зөвшилцсөн, түр аргалсан асуудлууддаа оролцож, хариуцлага ярьж, улс төрийн тоглолтоо хийнэ. Харин энэ бүхний ард нь МАН-ын генсек Д.Амарбаясгалан түүний түшиг, тулгуур нь байхаар тохиролцсон.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж