Сурвалжлага: "Нарантуул" зах хоосорчээ

Хуучирсан мэдээ: 2021.11.30-нд нийтлэгдсэн

Сурвалжлага: "Нарантуул" зах хоосорчээ

Сурвалжлага: "Нарантуул" зах хоосорчээ

Хятадын Эрээн хот Covid-19 халдварын улмаас өнгөрсөн аравдугаар сарын 14-нөөс эхлэн хатуу хөл хорио тогтоож, Замын-Үүд Эрээний хил хаагдсан. Эрээний хил хэзээ нээх нь тодорхойгүй байсаар хоёр сартай золгох гэж байна. Энэ нь монголчуудыг үйлдвэрлэгч орон болох ёстойг хатуухан сануулав.

Адаглаад өвөл өмсөх хувцсаа дотооддоо үйлдвэрлэхгүй бол хил хаагдсан гэх шалтгаанаар хүний хөлд дарагддаг “Нарантуул” захын өвлийн хувцасны лангуу хоосорч, тэг зогсолт хийхэд хүрчээ.

2021.11.29. 16:00 цаг.

Ихэнхдээ хөл гишгэх зайгүй шахам хүмүүс бужигнаж байдаг “Нарантуул” их хөлийн газар мөн үү гэлтэй байлаа. Лангуу бүрт зарагдахгүй, борлогдохгүй зун, намрын нимгэн хувцас, гутал битүү. Цөөхөн хэдэн лангуунд өвлийн хувцас өрөөстэй. Орлого гэх олигтой зүйлгүй, намрын бараагаа  татаад зарж чадаагүй учраас эргэлтийн мөнгөгүй болсноо наймаачид нуусангүй.

Уг нь  урьд жилүүдэд  наймаачид хоорондоо ярих байтугай, хоол цайгаа ч уух завгүй наймаа хийдэг байж. Нарантуулын худалдаачид 19:00 цагт ажлаасаа буудаг байсан бол одоо 16:00 цаг болов уу үгүй юу бараагаа тээшиндээ хийж, харихаар зэхдэг болжээ. Тиймдээ ч наймаачид лангууныхаа хажууд хоёр, гурваараа хөзөр тоглонгоо цаг нөхцөөж суугаа харагдана. Уулзсан худалдаачид бүр най­маа муу, гүйл­гээгүй байгаа тухай ярьж "Юун ашиг манатай. Ур­даас авсан үнээ олж авч чадах нь уу" гэж бу­химдацгаана.

Үүнээс гадна сезоны үе нь өнгөрчихсөн үед  захиалсан өвлийн бараа нь ирэх учраас энэ нь Нарантуулын худалдаачдын  “шүдний өвчин” болжээ.

"ӨДИЙД ХАВАР НАМРЫН ХУВЦАС ХЭН АВАХ ВЭ ДЭЭ"

Энэ талаар  “Нарантуул” захын бэлэн хувцасны худалдагч Г.Бадмаа  “Өнгөрсөн есдүгээр сард өвлийн бараагаа захиалсан. Гэвч Тяньжин боомтод ачаа бараа саатсаны улмаас хугацаандаа ирээгүй. Одоо хаана ч яваа юм бүү мэд.  Ингэж явсаар хил хаасан. Арванхоёрдугаар сарын сүүлээр хил нээх сураг байна. Хил нээлээ гэхэд  эрэлттэй үе нь өнгөрчих  болохоор өвлийн бараа зарагдах нь муу л байх болов уу. Тиймээс бүх бараагаа далд хийгээд дараа жил гаргаж ирж зарахаас өөр сонголт алга. Гэхдээ загвар хоцрогдоод, хүнд гологдох вий гэх айдас бас бий. Захаар үйлчлүүлэх хүн байхгүй болохоор орлого гэх зүйл ч алга. Угаасаа өдийд хавар намрын хувцас хэн авах вэ дээ” гэв.

Түүний хувьд өнөөдөр нэг ч хувцас зарж чадаагүй. Гэсэн ч ганц нэг бараа зарчих байх гэж горьдоод нааш ирдэг аж. Биднийг  ийн ярилцах хооронд  Г.Бадмаа  “Бараагаа зарж байгаа үнээс нь 10-20 мянган төгрөг хямдруулаад өгнө шүү” гэж хажуугаар зөрөх ганц, нэг хүнийг “панаалдана”.  Гэвч  нөгөөдүүл нь “Нимгэн хувцас авахгүй. Өвлийн хувцас хайж байна. Хаана зарж байгаа вэ ”гэж асууснаар наймаачин, худалдагч хоёрын  яриа өндөрлөх нь тэр.

“Нарантуул” захын наймаачид шинэ жил, цагаан сарын өмнө урд хөршөөс их хэмжээгээр бараагаа татдаг байсан. Гэтэл өнөө жил Эрээн хилээ хаасны улмаас наймаачид модоо барихад ойрхон болжээ.

"ГАНЦ НЭГ ХҮМҮҮС ӨВЛИЙН  БАРААГАА ТАТАЖ АМЖСАН"

Цааш явбал хоосон лангуу олон таарна. Тэр дундаа хүүхдийн өвлийн  хувцасны хэсэг бүхэлдээ хоосон шахуу.  Энд суудаг наймаачны хэлж буйгаар "Манай лангуун дээр нимгэн  хувцас дэлгээстэй байна. 35 мянган төгрөгөөр зарж байсан цамцаа 25 мянган төгрөгөөр хямдруулж зарах жишээний. Өвлийн бараа байхгүй учраас иргэдийн эрэлтийг хангаж чадахгүй байна. Бүх хүмүүс өвлийн хувцас хайгаад явж байхад лангуун дээрээ  ганц ширхэг ч  зузаан курткагүй сууж байна. Зарим наймаачид өнгөрсөн жилийн  өвлийн барааны үлдэгдлээ зарж байна. Ганц нэг хүмүүс өвлийн  бараагаа татаж амжсан. Ер нь ховор доо. Бүх лангуу размергүй, сонголтгүй байна. Бид хорооллын дэлгүүрүүдээр явж үзэхэд  боломжийн үнэтэй куртка байвал бөөндөж аваад заръя гэж бодтол байхгүй байна лээ. Хоолныхоо мөнгийг олохын тулд энд зогсохоос өөр арга байхгүй" гэв.

Харин хүүхдийн өвлийн хувцасны лангууны худалдагч  өдөрт зургаан куртка зарсан гэдгээ хэлсэн юм. Тэрбээр "Куртканы үнийн хувьд 90 мянгааас эхлээд 200 гаран мянган төгрөгийн үнэтэй байна. Бид өнгөрсөн жил  хөл хорионд ороод бараагаа зарж чадаагүй учраас тэр  бараа аминд орж  байна. Хойд хормойгоо аваад урд хормойгоо нөхөж л явна даа.  Бараагаа татаж чадахгүй бол ингээд л зогсонги байдалд орж түрээсээ ч төлж чадахгүй байдалд хүрэх байж" гэдгийг хэллээ.  Түүний хувьд одоо байгаа бараагаа шахаад дуусгах бодолтой байгаа аж. 

Ерөнхийдөө сонголтгүй, загвар муутай, размергүй болсон учраас худалдан авалт ч буурчээ. Тус захад том хүний  куртканы дундаж үнэ нь 150-200 мянган төгрөг, өвлийн зузаан дотуур өмд 20-30 мянга, өвлийн гутал 180-350 мянган төгрөгийн үнэтэй байна. 

ЗАМЫН-ҮҮДЭЭР 3 ХОНОГИЙН ДАРАА АВТОМАШИНЫ ЧИНГЭЛЭГ АЧАА ТАТАЖ ЭХЭЛНЭ

Шадар сайд С.АмарсайханГурав хоногийн дараагаас эхлээд үйл ажиллагаа хэвийн болж эхэлнэ. Монгол Улс, Хятад хоёрын хооронд хилийн тэг цэг дээр ачаа бараагаа солилцоно. Контейнер чингэлэг тээврээр ачаагаа явуулна. Манай талаас бэлтгэлээ хангаад дууссан бол Хятадын талаас бэлтгэл хангагдсан. Хил орчмын хяналтын үйл ажиллагааг уялдуулах, Зам тээврийн яамнаас хариуцсан ажлын хэсэг гарч, газар дээр нь очиж ажиллаж, тээвэрлэлтэд оролцох жолооч, чингэлэг ачиж буулгадаг каран гэх мэт бүгдийг нь чиглүүлэх ажилд орсон явж байгаа. Ингээд ойрын өдрүүдэд Замын-Үүд боомт авто машинаар чингэлэг тээврээр ачаагаа авах боломж бүрдэнэ. Энэ бол бүр илүү боломжтой нөхцөл бүрдэж байна.  Хүний оролцоогүйгээр шууд ачаа тээврийнг хилийн тэг цэг дээр солилцоно гэдэг нь цаашаа эргэлтийг нэмэгдүүлэх боломж бүрдэж байна гэсэн үг.  Өмнө нь жолооч нарыг цаана гаргаж тусгаарлан, жолооч хүрэлцдэггүй  байсан бол тээвэрлэлтийг каранаар хүний оролцоогүйгээр хийснээр илүү тогтвортойгоор явна.  Эхний ээлжид хэдэн зуугаар нь оруулаад ирэх боломжгүй. Цаад талаас санал болгох хүрээнд зохион байгуулалтаа хийж, цааш нь жигдрүүлнэ” гэв.

Гэрэл зургийг Л.ЭНХ-ОРГИЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ХарамсалтайХарамсалтай
5
ХахаХаха
3
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж