“Үйлдвэрлэгчдээ төрөөс хэрхэн дэмжих тухай хуулийн төсөлд нарийвчлан тусгасан” 

Хуучирсан мэдээ: 2021.11.29-нд нийтлэгдсэн

“Үйлдвэрлэгчдээ төрөөс хэрхэн дэмжих тухай хуулийн төсөлд нарийвчлан тусгасан” 

“Үйлдвэрлэгчдээ төрөөс хэрхэн дэмжих тухай хуулийн төсөлд нарийвчлан тусгасан” 

“Барилгын материалын, ханган нийлүүлэлтийн форум 2021” арга хэмжээний үеэр УИХ-ын гишүүн С.Бямбацогттой уулзан, Үйлдвэр технологийн паркийн тухай хуульд оруулах гэж буй өөрчлөлт шинэчлэлийн талаар ярилцлаа.


– Үйлдвэр технологийн паркийн тухай хуулийг 2009 онд баталсанаас хойш 10 жил өнгөрч байна. Гэсэн хэдий ч бодит амьдрал дээр үр өгөөжөө өгч хэрэгжихгүй, төдийлөн үр дүн гарахгүй байсаар. Иймээс хуулийг шинэчлэн найруулж өргөн барихаар боловсруулж байгаа гэсэн. Энэ талаар мэдээлэл өгнө үү?

– Үйлдвэр технологийн паркууд байгуулагдлаа гэж нэр нь гардаг боловч үйл ажиллагаагаа явуулахгүй, сураг нь тасардаг. Иймээс Багануурын парк, Налайхын парк, Дарханы аж үйлдвэрийн парк зэрэг паркуудыг судалж, судалгаа явуулсан. Судалгаагаар хууль эрхзүйн зохицуулалт болон төрийн бодлого шийдвэрийн уялдаа холбоогүй байдал нөлөөлж байна гэсэн дүгнэлт гарсан. Үүнээс үндэслэн бид Үйлдвэр технологийн паркийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулан Засгийн газраас санал авахаар явуулаад байна. Ойрын үед УИХ-д өргөн барьж батлуулах зорилготой байна. Энэ хуулиар бид юу зохицуулах вэ гэвэл, Монгол Улсдаа үйлдвэрлэж чадахгүй байгаа импортыг орлох, экспортыг дэмжих бүтээгдэхүүнийг эх орондоо үйлдвэрлэх боломжоор үйлдвэр эрхлэгчдээ төрөөс хангаж дэмжих юм. Нүүрс, төмрийн хүдэр, зэсийн баяжмал, малын гаралтай түүхий эд, арьс шир, ноос ноолуур, бусад дайвар бүтээгдэхүүн гээд монголын баялаг гадагшаа түүхийгээр гарч байна. Үүнийг хэрхэн боловсруулдаг болох, боловсруулаад нэмүү өртөг шингээгээд эцсийн бүтээгдэхүүн болгоод гадагш нь гаргаад хэрхэн гадаадаас валютын урсгал бий болгох вэ гэдэг асуудлын гарц гаргалгааг олох зорилготой. Өөрөөр хэлбэл одоо монголд үйлдвэрлэж чадахгүй байгаа экспортыг дэмжих, импортыг орлох бүтээгдэхүүнүүдийг үйлдвэр технологийн парк дотор үйлдвэрлэх үйлдвэрүүдээ төрөөс бодлогоор дэмжинэ.

– Хэрхэн дэмжих вэ?

– Паркийн дэд бүтцийн асуудлыг төрөөс шийдэж өгөхөөр тусгасан. Тодруулбал, зам талбай, дулаан, цэвэр бохир ус, цахилгаан, хашаа хороо гэх зэрэг үйлдвэр байгуулахад шаардлагатай дэд бүтцийг төрөөс бий болгоод өгөх юм. Үйлдвэрлэгчид өөрсдийн тоног төхөөрөмжөө оруулж ирэн өөрийн үйлдвэрээ барихад л болох юм. Хоёрдугаарт, үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнийг бүх төрлийн татвараас тодорхой хугацаанд 100% чөлөөлье  мөн тодорхой хугацаанд 50% хөнгөлье гэсэн агуулгыг хуулийн төсөлд тусгасан байгаа.

– Хил гааль хаасантай холбоотойгоор дотооддоо үйлдвэрлэгчдэд багагүй хүндрэл үүсээд байна. Үйлдвэрлэл зогсох ч юм уу тийм эрсдэлтэй нөхцөл байдал байна уу?

– Форумд оролцож байгаа барилгачид “Барилгын импортын материал 2 дахин өслөө, гэтэл бидний дотооддоо үйлдвэрлэж байгаа цемент бараг өссөнгүй, дотоодод үйлдвэрлэл ямар хэрэгтэй гэдгийг би энэ жил мэдэрлээ” гэцгээж байна. Ковид 19-тэй холбоотойгоор урд хөрш хилээ хаахад нийлүүлэлт тасран, үүнтэй холбоотойгоор барилгын материалын үнэ дунджаар 2 дахин өсч орон сууцны үнэ ч нэмэгдлээ. Дотооддоо цементтэй адилхан барилгын материал үйлдвэрлэдэг болчих юм бол үнэ өсөхгүй байх бүрэн боломжтой. Төр засгаас барилгын материал болон бусад түүхий эдээ дотооддоо үйлдвэрлэдэг болох асуудалд онцгой анхаарах ёстой гэдгийг өнгөрсөн 2 жил батлан харууллаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж