Барбадос улс өөрийгөө төрийн тэргүүнээр тунхагласан хатан хаан Элизабетагийн засаглалаас татгалзаж, Их Британитай холбоо харилцаагаа бүрэн тасалжээ.
Барбадос нь 1966 онд тусгаар тогтнолоо тунхаглах хүртэл Их Британийн колони байсан бөгөөд өнгөрсөн есдүгээр сард бүгд найрамдах улс болох төлөвлөгөөгөө дахин сэргээжээ. Тодруулбал, 1627 онд буюу хамгийн эрт үед Их Британийн колони улс болсон бөгөөд 1966 оныг хүртэл засаглалын эрх хатан хааны гарт байжээ.
Барбадос улсын шүүгч асан 73 настай Сандра Мэсон Даваа гаригт болох ёслолын үеэр 300,000 хүрэхгүй хүн амтай арлын улсын анхны ерөнхийлөгч болох юм. Барбадосын парламент түүнийг өнгөрсөн сард ерөнхийлөгчөөр сонгосон аж.
Ёслолын ажиллагаанд Их Британийн хаан ширээг залгамжлагч, Хамтын нөхөрлөлийн ирээдүйн тэргүүн хунтайж Чарльз оролцоно. Тэрбээр Барбадосын ерөнхий сайд Миа Амор Моттлигоос энэхүү шилжилтийн баяр дээр хүндэт зочноор оролцох урилгыг хүлээн авчээ.
Хунтайж Чарльз ёслолын ажиллагаанд оролцохыг зөвшөөрсөн гэдэг нь хааны гэр бүл энэ алхамыг эсэргүүцээгүйн илэрхийлэл юм гэж Барбадос дахь Баруун Энэтхэгийн их сургуулийн үндсэн хуулийн засаглал, улс төр судлалын профессор Бэрроу Жилс хэлсэн байна.
“Бүгд найрамдах улс болох цаг нь ирлээ. Би энэ үйл явдлыг хүүхэд өсч том болоод, тусдаа гаран, зээл авч, биеэ дааж буйтай зүйрлэж байна. Энэ чинь л бид урагшилсаар байна гэсэн үг” гэж 2014 – 2018 оны хооронд Барбадосоос Их Британид бүрэн эрхт төлөөлөгчөөр ажиллаж байсан Гай Хэвитт хэлсэн байна.
Барбадос улс сүүлийн 30 жилийн хугацаанд анх удаа Их Британийн хаанчлалыг засгийн эрхнээс түлхэх шийдвэр гаргасан нь энэ юм. Үүнээс өмнө хамгийн сүүлд Маврикын арал улс ийм шийдвэр гаргаж байжээ.
ЭХ СУРВАЛЖ: CNN
М.НАРАНЖАРГАЛ
Холбоотой мэдээ