Эрээн боомтоор чингэлэгт ачаагүй импорт, экспортын бараа бүтээгдэхүүнийг нэвтрүүлэхгүй гэсэн шийдвэрийн талаар Гадаад харилцааны яамны Хилийн хэлтсийн дарга Д.Болд тодруулга өглөө.
Хилийн хэлтсийн дарга Д.Болд:
-Замын-Үүд, Эрээн боомтын хувьд төмөр замаар өдөрт 14 галт тэрэг өргөн царигаар Хятадын тал руу нэвтэрдэг. 6-7 галт тэрэг нарийн царигаар Монголд орж ирдэг. Эрээн хотын ардын засгийн ордон, Covid-19-тэй тэмцэх шуурхай штабаас цаашдаа Монголоос ирж буй төмөр замын бүхий л бараа бүтээгдэхүүнийг чингэлэг тээврээр авна гэсэн шийдвэр гаргажээ. Энэ тээврийн хүрээнд Эрээн хотын Covid-19-тэй тэмцэх шуурхай штабаас 81, 83 гэсэн хоёр мэдэгдэл гаргасан.
Үүний хүрээнд арваннэгдүгээр сарын 27-ны 07:00 цагаас эхлэн Эрээн төмөр зам болон автозамын боомтоор модон материал, хуванцар эдлэл, төмөр болон барилгын материал, бага оврын тоног төхөөрөмжүүдийн импортыг түр зогсоож байна гэжээ.
Эдгээр хүний гараар ачдаг ачаа барааг төмөр замаар хүлээж авахгүй гэсэн. Энэ талаар бид Эрээний консулаар тодрууллаа. Хятадын талаас өгсөн мэдэгдэлд Манжуур боомтод хил дамнаж, халдварын тохиолдол илэрч, олон хүнд тархсан гэж байна. Хөлөнбуйрт сүүлийн 24 цагийн байдлаар 20 шинэ тохиолдол нийт 57 тохиолдол бүртгэгджээ. Энэ халдвар төмөр замын ажилчдаар дамжиж илэрсэн юм байна. Ер нь Өвөрмонголын хэмжээнд цар тахлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг хатуу чанга авах ёстой гэж шийдвэр гарган, хилийн боомтуудын хяналт шалгалтын төлөвлөгөөг баталж, чангатгах 44 дүгээр албан бичиг гаргасан.
Арваннэгдүгээр сарын 28-ны 14:00 цагаас эхлэн төмөр замаар орж ирж буй төмрийн хүдэр, зэсийн баяжмал, нүүрс, жонш гэх мэт нунтаг задгай ачааг Эрээний өртөө хүлээж авахгүй гэсэн мэдэгдэл гараад байна. Цаашдаа Монгол-Хятадын хилийн Замын-Үүд, Эрээний төмөр замын боомтоор Монголын талаас гарах ачаа зөвхөн чингэлгээр гарна. Тэрнээс биш хил боомт хаагдсан гэсэн үг биш.
Манай төмөр замын тээврийн задгай чингэлгийн нөөц ямар байгааг Улаанбаатар төмөр зам, Зам тээврийн яамнаас тодруулаарай. Эрээн-Замын-Үүдийн авто замын боомтыг нээх чиглэлээр Гадаад харилцааны яам болон бусад байгууллагууд идэвхитэй ажиллаж байна.
Эрээнд аравдугаар сарын 13-ны өдөр халдвар бүртгэгдсэнээс хойш авто замын боомт хаагдаж, ачаа тээврийн хөдөлгөөн зогссон. Энэ талаар бид олон түвшинд яригдсан.
Хятад, Монголын талаас 100 метр, өргөн 80 метр чингэлэг тээврийн талбай байгуулъя гэж тохиролцсон. Одоо сайжруулсан талбай бэлэн болчихсон байгаа. Харин тээвэрлэлтээ хэрхэн зохион байгуулах вэ гэдгийг яриад Зам тээврийн яам, авто тээврийн үндэсний төв бэлтгэл ажлаа хийгээд явж байна. Бидэнд байгаа мэдээллээр чингэлгийг ачиж, буулгах ажлыг Монголын төмөр зам компани хариуцан ажиллахаар болсон. Тээвэрлэлтийг нь тээвэр зуучдын нэгдсэн холбоо хариуцахаар яригдаж байгаа гэж яамнаас мэдэгдсэн. Хоёр тал туршилт хийгээд арванхоёрдугаар сарын 5-наас өмнө тээвэрлэлтийг эхлүүлэхээр явж байна.
Замын-Үүд, Эрээн боомт хаагдлаа гэдэг ташаа мэдээлэл. Төмөр замаар чингэлэгтэй бүтээгдэхүүн экспорт, импорт хийгдэнэ гэж ойлгох хэрэгтэй. Авто замаар дундын бүсээс чингэлэгтэй ачаа тээвэр явна гэх ойлголтыг та бүхэндээ өгмөөр байна.
Холбоотой мэдээ