Өмнөговь сумын иргэд айсандаа ууланд бүгж байна

Хуучирсан мэдээ: 2010.08.17-нд нийтлэгдсэн

Өмнөговь сумын иргэд айсандаа ууланд бүгж байна

Увс аймгийн Өмнөговь сумын иргэн Б.Батцогийг “Ярилцах танхим”-даа урилаа.
 
-Танай суманд болсон нутгийн иргэд, Хятадын хө­рөнгө оруулалттай компанийнхны мөр­гөлдөөн нэг хэ­сэг дуулиан тарилаа. Нут­гийн ир­­гэд хятадуудтай буудалц­­­сан, буудалцаагүй гэх мэт өөр, өөр мэдээлэл бай­­гаа. Та тэнд амьдардаг хү­ний хувьд бидэнд бо­дит мэдээлэл өгнө үү?

-“Долдугаар сарын 1” шиг үймээн болсон, буудалцсан, буудалцаагүй гэх мэтээр болсон явдлыг албаныхан бо­лоод иргэд янз бүрээр ярьж байгаа. Тэндэхийн иргэний хувьд хэлэхэд нутгийн иргэд эсэргүүцэхээс өөр аргагүй нөхцөл бүрдээд байсан.  
Хятадын  хөрөнгө  оруу­лалт­­тай “Жи Си Си Айр” ком­пани Орлогын голын эх га­зарт го­лын голдирлоос ямар ч зөвшөөрөлгүйгээр алт ол­борлож байсан. Иргэд “Нутаг орныг минь битгий сүйтгээч. Хууль бус үйл ажиллагаагаа зогсоогооч” гэж удаа дараа шаардлага тавь­сан. Ганц тэр компанид ч биш, аймгийн Мэргэжлийн хяналтын хэлтэс , төр захиргааны байгуул­ла­гуудад “Хятадын хө­рөнгө оруу­лалттай компанийг шалгаад өгөөч” гэж хүсэлт тавьсан. Иргэдийн шаардлагыг тэр компани ч, аймгийн холбогдох бай­гуул­ла­гууд ч тоогоогүй. Тэ­гээд л ир­гэд бухимдсан хэ­рэг. Гэхдээ шууд очоод зодоон цохион хийгээгүй. Манай сумын иргэд өнгөрсөн са­рын 22-нд “Жи Си Си Айр” компанийнхны алт олборлож байгаа газарт очиж “Алт олборлохоо зогсоо” гэсэн шаардлагыг тавьж, эв зүйгээр ойлголцохыг хүссэн.
Гэтэл ком­панийн хятад ажилчид хутга  гаргаж, хий  буудан   нутгийнхныг газар нутгаас нь хөөсөн. Үүнээс л үймээн эхэлсэн. Иргэд Хятадын компанийнхантай хоёр цаг гаруй тэмцээд гэр, гэр рүүгээ буцсан шүү дээ.

-Гэхдээ Хятадын хөрөнгө оруулалттай компанид багагүй хохирол учруулсан юм биш үү?

-Тогоо, шанагыг нь эвдэж, гэрийг нь буулгах зэрэг асуудал үүссэнийг нуухгүй. Угаасаа хөөрсөн түмэн хяналтаа алддаг шүү дээ. Түүнээс биш техник, тоног төхөөрөмжийг нь эвдэж, сүйтгэсэн зүйл байхгүй ээ. Манай сумынхан “Хууль зөрчдөг хүмүүст нэг удаа хатуухан сануулга өгье”  гэж л тэнд очсон.

-Та нар сануулга өгөөд буцсан бол хэзээ нь буудалцаан болсон юм бэ?

-Нутгийнхныг гэртээ харьсны дараа “Жи Си Си Айр” компанийн удирдлагууд аймаг, Тариалан сумын цагдаад хандсан байна лээ. Тэндээсээ Тариалан сумын цагдаа нараар хүч нэмэгдүүлж, малчдын гэрт очин баривчилгаа эхлүүлсэн. Тэгэхдээ иргэдийг хээр аваачин бороохойдож, хүч тулгах зэргээр хууль бус ажиллагаа явуулсан. Цагдаа нар ихэвчлэн 16-18 насны залуусыг баривчилж, хүчээр хэрэг тулгасан байна лээ. Бүр гэртээ хүүхдээ хөхүүлж байсан эмэгтэйг цагдаагийн ажилтан хээр аваачиж зодсон. Тэр эмэгтэйг гэрээс нь 4-5 км хол газарт аваачин зодож “Чи тэр компанийн байрлаж байсан газарт очсон биз дээ” гэх мэтээр хилс хэрэг тулгаж байгаад орхиод явсан байгаа. Зодуулчихсан, дээр нь хөл нүцгэн эмэгтэй яаж зовсныг төсөөлөөд үз л дээ. Гэрт нь хөхнөөсөө гараагүй нялх хүүхэд ээжийгээ нэхэж, хэдэн цаг уйлан үнэхээр өрөвдмөөр юм болсон. Мөн айраг зарах гээд явж байсан залууг хээрээс баривчилсан зэрэг цагдаа нарт холбогдох ноцтой баримт олон бий.

-Аймгийн цагдаагийн ажилтнууд хууль бус    баривчилгаа явуулсан гэж үү?

-Аймгаас томилогдсон цагдаа нар бүгдээрээ хууль зөрчөөгүй. Харин Тариалан сумын цагдаагийн хэсгийн төлөөлөгч Зоригтбаяр олон хүнд хүч хэрэглэсэн. Зоригтбаяр айлын гэрийн гадаа очоод гэр рүү буу шагайсан. Гэрийн эзэгтэй гараад ирэхээр нь сандарсан уу, яасан дээшээ хий буудсан гэсэн. Тэгээд машин руугаа очиж буугаа дахин цэнэглэж байхад нь нөгөө эмэгтэй очиж “Чи хэнийг буудах гээд буугаа цэнэглээд байгаа юм бэ” гэж асуухад “Уучлаарай. Муухай юм боллоо. Намайг буу барьсан гэж хүнд битгий хэлээрэй” гэж гуйгаад буугаа далд хийсэн гэдэг. Энэ мэтээр малчны хотонд буун дуу гаргаж, хүүхэд, эмэгтэйчүүдийг айлгахаар иргэд дахиад хөөрсөн. Өөрөөр хэлбэл, цагдаа нартай тэмцсэн. Түүнээс болж 20 гаруй иргэнийг баривчилж, хорьсон. Хятадууд монголчуудыг хоёр тал болгож тэмцэлдүүлсэндээ сэтгэл нь ханасан байх. Иргэнээ хамгаалах учиртай цагдаа нар ард түмний итгэлийг алдсанд харамсч байна. 

-Увс аймгийн Цагдаагийн хэлтсийн дарга “Цагдаа буу хэрэглээгүй гэдгийг баттай хэлмээр байна” гэж байсан. Та нарт цагдаа хий буудаж, буу мөрлөөд явж байсныг нотлох баримт бий юү?

-Цагдаа буутай явсныг харсан хүн олон бий. Бичлэг хийсэн ч хүн байгаа гэсэн.

-Цагдаа нарын өгч байгаа мэдээллээр Орлогын голын ойролцоо алт ухдаг нинжа нар Хятадын компани руу дайрч ороод олборлосон алтыг нь дээрэмдсэн юм биш үү?

-Хувиараа алт ухдаг ч хүн байсан, малчид ч байсан. Цагдаагийн ажилтнууд хэргийн учрыг олсны дараа тайлбар хийх учиртай. Гэтэл Хятадын компанийг өмөөрч, иргэдийг буруутгасан мэдээлэл өгч байгааг хардах л ёстой. Нутгийн иргэд тогоо, шанага зэргийг эвдсэнийг дээр хэлсэн. Алт, орлого энэ тэрийг огт аваагүй. Яагаад гэвэл нутгийнхан жагсч очих гэж байгааг “Жи Си Си Айр” компанийнхан нэг өдрийн өмнө мэдсэн гэсэн. Тэгээд ажлаа зогсоож, олборлосон алтаа нууж, алттай шороо энэ тэрээ цэвэрлэснийг монгол жолооч нар хэлдэг. Цэвэрлэсэн газраас нутгийнхан юугаа авах юм. Нутгийн иргэдэд хүнд ял оноохын тулд Хятадын хөрөнгө оруулалттай компани их хохирсон мэтээр ойлгуулах гэж байгаа юм.

-Та Хятадууд цагдаа нарт нөлөөлсөн гэж хэлэх гээд байна уу?

-Тэгж хардахаас өөр аргагүй. Тариалан сум бол нэг хэсгийн төлөөлөгч, нэг цагдаатай. Харин манай сум цагдаагийн тасагтай, олон цагдаа ажилладаг. Үймээн болсны дараа манай сумаас нэг ч цагдаа очоогүй. Харин Тариалан сумаас таван цагдаа малчдын хотонд очиж, баривчилгаа хийсэн. Тэр олон цагдаа аймгийн төвөөс Тариаланд очоод юу болохыг хүлээгээд байж байсан хэрэг үү. Тэгэхдээ бүр буу гаргаж, “Та нар яасан даварсан юм бэ. Арьстай чинь хатаана даа” гэх мэтээр иргэдийг хэл амаар доромжилсон. Тэгж доромжлуулсан иргэд эсэргүүцэхээс өөр яах юм. Маргааш нь аймгийн цагдаагийн хэлтсээс 20 гаруй цагдаа очиж иргэдийг баривчилж, байцаасан. Тэр үед нэг ч хүн эсэргүүцэл үзүүлээгүй. Ер нь цагдаа, иргэдийн дунд зөрчил гарсанд Тариалан сумын Засаг дарга буруутай. Тэр хүн хоёр жилийн өмнө аймгийн цагдаагийн хэлтсийн эрүүгийн тасгийн дарга байсан. Тийм учраас танил талаа ашиглан цагдаа нарыг иргэдийн эсрэг турхирч байна гэж хардаж байгаа.

-Тариалан сумын Засаг дарга үймээнд ямар хамаатай юм бэ?

-Тариалан сумын Засаг дарга Хятадын компанийн захирал, хятад ажилчидтай маш дотно харилцаатай. Байнга очиж уулздаг юм билээ. Харин манай сумын иргэд “Тантай уулзмаар байна” гэхээр хүлээж авдаггүй. Үймээн болсны дараа ч гэсэн Тариалангийн Засаг дарга Хятадын компанийнхантай хоёр ч удаа уулзсан байдаг. Яагаад Монгол Улсад мөрдөж байгаа хуулийг зөрчиж, голын голдирлоос олборлолт хийж байгаа харийнханд найр тавиад байгаа юм. Шалгаж болдог бол шалгуулмаар байна.

-Уг нь тэр компанийг хууль бус үйл ажиллагаа явуулж байна гэдэг үндэслэлээр танай сумын байгаль орчны байцаагч техник, тоног төхөөрөмжийг нь лацадсан юм билээ. Гэтэл аймгийн Мэргэжлийн хяналтын хэлтсийнхэн яагаад үйл ажиллагааг нь сэргээсэн юм бол?

-Аймгийн мэргэжлийн хяналтынхан Тариалан сумын байцаагчтай очоод лацыг нь тайлж, голоос алт ухахыг нь зөвшөөрсөн байдаг. Ингэхдээ Тариалангийн Засаг дарга, ИТХ шаардаад байна гэж тайлбарласан юм билээ. Үүнд иргэд хамгийн их бухимдсан. “Жи Си Си Айр” компани Ерөнхийлөгчийн тавьсан хориг, Ашигт малтмалын тухай, Усны тухай хуулийг зөрчсөн байхад Тариалан сумын удирдлагууд үйл ажиллагааг нь сэргээгээд байгааг шалгах л хэрэгтэй.

-Аймгийн Засаг дарга “Цагдаа нар буу хэрэглээгүй. Нинжа нар буруутай” гэсэн утгатай мэдээлэл өгсөн байна лээ?

-Ёстой таалагдахгүй байна. Юу болсныг иргэдээсээ асуучихаад “Тийм байжээ” гэж хэлсэн бол бид харамсахгүй. Гэтэл хятадуудаас, цагдаа нараас, Тариалан сумын Засаг даргаас мэдээлэл авчихаад “Хэдэн нинжа үймээн гаргалаа” гэж ярьж болохгүй биз дээ. Аймгийн Засаг даргыг алтны компани биш, ард түмэн сонгодог юм шүү дээ. 

-Танай аймгийн удирдлага, цагдаа нар бүгд иргэдийг буруутгаж байгаа. Та нар бодит байдлыг ойлгуулж чадахгүй байна уу?

-Бидэнтэй хэн нэгэн албан тушаалтан уулзаж, юу болсныг асуугаагүй. Манай суманд иргэдийн үгийг сонсохоор хэн ч ирээгүй. Харин цагдаа нар иргэдийг баривчлах гэж л очдог. Тэгээд хүссэнээрээ баривчлаад, хэрэг тулгаад, хорьдог, шалгадаг. Цагдаа, аймгийн удирдлагуудын ярьснаар иргэд буруутай мэт харагдаж байгаа байх. Гэтэл тухайн компани хууль зөрчиж, алт ухаагүй бол үймээн болохгүй байсан. Бид нутгаа ухуулахгүй, баялгаа хав дараад суугаад байна гээгүй. Хуулийн дагуу олборлолт явуулаад орон нутгийг хөгжүүлж байгаа бол бид эсэргүүцэхгүй байсан.

-Цагдаа нар ямар үндэслэлээр иргэдийг баривчилсан бэ. Шалгасан хүмүүс нь үймээнд оролцсон гэх нотлох баримт цагдаа нарт байсан уу?

-Камерийн бичлэгээр баривчилж байна гэдэг. Гэтэл үймээний үеэр камер бариад бичлэг хийсэн хүн байхгүй. Цагдаа нар замдаа таарсан хүүхэд, залуусыг баривчилж, дарамтлаад л “Үймээнд оролцсон нэгээс хоёр хүний нэр хэл. Та нарын толгойлогч хэн бэ” гэсэн нэг л тулгасан асуулт тавьдаг. Айсан хүүхэд хэний ч хамаагүй нэрийг хэлдэг. Иймэрхүү байдлаар л иргэдийг баривчилж байгаа.

-Хоморголон баривчилж байгаа сургаар иргэд уул руу хэд хоногоор бүгдэг гэсэн үнэн үү?

-Үнэн. Нутагтаа тайван амьдарч чадахгүй байна шүү дээ. Машины дуу сонсоод л гэрээсээ гараад зугтдаг. Тэр ч бүү хэл нутгийн иргэдийн зусч байгаа газраас нэлээд дор нэгээс хоёр хүн харуулд гардаг болсон. Тэд машин ирж явна гэж утсаар мэдээлэл өгдөг. Тэгээд иргэд уул руу бүгдэг. Бодит байдал ийм л байна.

-Нутгийн иргэдээс хэдэн хүн баригдсан бэ?

-Гуч шахам хүнийг барив-чилсан. Өчигдрийн байдлаар 10 хүнийг хорьж шалгаж байна гэсэн.

-Үймээнд оролцсон гэх иргэд нэг газар зусч байгаа юм уу. Тэдний олонхи нь нинжа гэсэн байх аа?

-Алт ухдаг хүмүүс байгааг нуухгүй. Хэдийгээр тэд нинжа ч гэсэн хуулийн дагуу шаардлага тавих ёстой. Түүнээс биш цагдаа нар дарамтлах ёсгүй. Нөгөө талаар хууль зөрчиж,  үйл  ажиллагаа  явуулж байгаа Хятадын компанийнхныг механикжсан нинжа гэж нэрлэхээс аргагүй. Тэднийг яагаад барьж шалгахгүй байгаа юм бэ. Ялгаатай нь тэд нутгийн нинжа нараас техник, тоног төхөөрөмжөөрөө илүү. Тэд дээрээсээ хамгаалалт авчихсан хүчирхэг нинжа нар. Хоногийн хоол хайсан нутгийн нинжа нар алт хараад баярладаг бол харийн нинжа голыг далан болгож, уулыг тал болтол ухаж хэдэн арван кг алт олборлоод ч ханадаггүй. Гэтэл нутгаа хамгаалсан иргэд хэрэгтэн болж, хууль зөрчсөн компанийн эзэд хохирогч болчихоод байна. Энэ бол шударга биш.

-Дээрээсээ хамгаалалт авсан гэдгийг юу гэж ойлгох вэ?

-Хятадын компанийг өмөөрч, хамгаалаад байгаа дарга нар наад асуултад чинь хариулах байх.

-“Жи Си Си Айр” компани одоо үйл ажиллагаа явуулахгүй байгаа биз дээ?

-Аймгийн мэргэжлийн хяналтын хэлтсээс дахин шалгалт хийгээд үйл ажиллагааг нь зогсоосон. Гэхдээ нөхөн сэргээлт хийх нэрийдлээр шөнийн цагаар зарим техникээ ажилуулдаг юм билээ. Юу хийж байгааг нь харах, хянах боломжгүй. Голын усыг хааж, далан тогтоогоод компанийн эзэмшил газарт орох эрхгүй болгочихсон. Гадаа нь харуул, хамгаалалттай. Бүр цагдаа нараар мануулж байгаа гэх яриа ч бий. Уг нь цагдаа иргэдийн амар тайван байдлыг хангах үүрэгтэй болохоос хятадуудыг манах учиргүй баймаар юм. Нутгийн иргэд цагдаа нарт баригдахаас айгаад компани руу ойртож ч чадахгүй байгаа. Тэгэхээр хятадууд ямар ч хяналтгүй, шөнө алт ухаж байна уу, нөхөн сэргээлт хийж байна уу мэдэхгүй шүү дээ.

-Хууль зүй, дотоод хэргийн сайд нутагтаа очиж уулзалт хийхдээ “Увсад алт олборлодог 15-16 компани бий. Та нар бүгдтэй нь очоод үймээн дэгдээх үү. Жаахан хүлээцтэй бай. Та нарын ч буруу байгаа” гэж хэлсэн. Та тэр үгийг хэрхэн хүлээж авсан бэ?

-Иргэд хүлээцтэй байсан. Манай сумын 150 гаруй иргэн долдугаар сарын 5-нд “Жи Си Си Айр” компанид очиж хууль бус ажиллагаагаа зогсоох шаардлага тавьсан. Тухайн үед сумынхаа удирдлагуудад хандаж “Аймгийн удирдлагуудад албан бичиг явуулаач” гэж хүсч байлаа. Гэтэл аймгийн удирдлагууд ямар ч хариу өгөөгүй. Огт тоогоогүй. Тийм учраас л иргэдийн тэвчээр барагдсан. Тухайн компанийг хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байна гэсэн нотолгоог нь үзүүлсэн бол бид дайрахгүй байсан. “Эрдэнэт” үйлдвэр рүү монголчууд дайрч, үймээн дэгдээдэггүй биз дээ.
Хотоос очсон сайд, дарга нар аймгийн удирдлагуудын өгсөн мэдээлэлд тулгуурлан ярьж байгаа байх. Ерөнхий сайд манай аймагт очихдоо сумын иргэний хөдөлгөөний залуустай уулзсан. Үгийг нь сонссон. Харин аймгийн удирдлагууд тэр залуустай өнөөг хүртэл уулзаагүй л байхгүй юу.

-Танай суманд иргэний хөдөлгөөн байдаг юм уу?

-“Орлого, Намир хөдөлгөөн” өнгөрсөн зургадугаар сард хуулийн дагуу үйл ажиллагаагаа эхэлсэн. Гэтэл тэдний үгийг аймгийн удирдлагууд ерөөсөө сонсоогүй.  Иргэдээ хамгаалах ёстой төрийн байгууллагууд нь хамгаалдаггүй. Харин ч Хятадын компанийг өмөөрөөд байна шүү дээ. Ингэж иргэдийг эзэнгүйдүүлж болохгүй биз дээ. Эцэст нь үймээний буруутан нь нутгийн иргэд болж байна. Энэ бол бид эзэнгүй байна гэсэн үг.
Манай сумын иргэдийн биеэр юм туурдаг болсон. Малын үс, ноос унаж байна. Ийм байхад аймгийн удирдлагууд очоогүй.  Аймгийн эмч ч очиж үзээгүй. Тэр ч бүү хэл аймгийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн ариун цэврийн байцаагч “Та нар сүржигнэж байна” гэж хэлсэн.

-Дархан-Уул аймгийн Хонгор сумынхан химийн бодист хордож, биеэр нь юм туурч эхэлснээс хойш Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас мэргэжилтэн урих хүртэл дуулиан тарьсан. Хонгор сум тухайн үед улстөрчид, монголчуудын анхаарлыг татаж байлаа. Танай сумынхан “Биеэр юм туурлаа. Малын үс зулгарлаа” гэж олны анхаарал татах гээд байгаа юм биш үү?

-Тэр бол эндүүрэл. Амьд хурга тэврэхэд л ноос нь зулгарч байгаа.
Биеэр нь юм туурсан хүн олон бий. Сумын эмч нар үзэж, эмчилж байгаа. Шаардлагатай бол очоод үзэж болно шүү дээ. Бид хэнээс ч юу ч нуухгүй. Худлаа бол шоу хийх шаардлага байхгүй.

-“Жи Си Си Айр” компани танай сумын нутагт биш Тариалан суманд үйл ажиллагаа явуулж байгаа. Та нар Тариалангийнхны өмнөөс тэмцэж, эсэргүүцээд байх шаардлага байгаа юм уу?

-Тэр компанийн эзэмшил газрын 0.25 га нь манай сумын нутаг. Хамгийн гол нь Өмнөговь сумын хүн амын 70 гаруй хувь нь ундаалдаг Орлогын голын эхэнд тэр компани үйл ажиллагаа явуулдаг. Орлогын голыг бохирдуулж байгаа бол Өмнөговь, Өлгий сумын олонхи иргэн хортой ус ууж байгаа гэсэн үг. Тариалан Орлогын голоос ундаалдаггүй учраас ач холбогдол өгөхгүй байгаа юм. Голд хортой бодис асгалаа гэхэд тэд хордохгүй, Орлого ширгэлээ гэхэд бидэн шиг усгүйдэхгүй.

-Танай сум алтны нөөц ихтэй. Тийм ч учраас алттай холбоотой маргаан тасардаггүй. Хэдэн жилийн өмнө бас нэг компани химийн бодисоор алт олборлож байгаад баригдсан. Тухайн үед нутгийн иргэд тэмцэж байсан санагдана. Тэмцсэний үр дүн гарсан уу?

-Одоогоос гурван жилийн өмнө Хятадын хөрөнгө оруулалттай компани мөнгөн усаар алт угааж байсныг иргэд илрүүлсэн. Иргэдийн мэдээллээр цагдаа нар компанийн үйл ажиллагаа явуулж байсан газарт очиж шалгахад 2.7 кг мөнгөн ус олдсон. Тэр үед шалгалтын ажлын хэсэгт би орсон. Тухайн үед аймаг, сумын удирдлагууд иргэдтэй санаа нийлж харийнхны хууль бус ажиллагааг зогсоож, нутгаасаа хөөж чадсан. Харин одоо аймгийн удирдлагууд иргэдээсээ зөрөөд байгаа учраас хүчгүй байна. Үүнд л харамсч байна.

-Та аймгийн удирдлагуудыг Хятадын компанийн мэдэлд орчихсон гэх гээд байна уу?

-Аймгийн удирдлагууд гэхээр бүгд биш л дээ. ИТХ-ын дарга Д.Батсайхан өнөөг хүртэл саналаа хэлээгүй байгаа. Харин Э.Цасчихэр дарга иргэдийнхээ эсрэг мэдээлэл өгч байгаад гайхаж байна. Аймгийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга Ганхуяг “Та нар сүржигнэж, шоудаж байна. Энэ чинь зөвшөөрөл авах гэж байгаа компани” гэж байна лээ. “Зөвшөөрлөө авах гэж байгаа” гэж юу гэсэн үг вэ. Уг нь хуулийн дагуу зөвшөөрлөө авчихаад үйл ажиллагаа эхлэх ёстойг мэргэжлийн хяналтынхан харин ч сайн мэдмээр юм. 

-Тэгвэл аймгийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн даргын хэлснээр “Жи Си Си Айр” компани зөвшөөрлөө авахаасаа өмнө хэр хэмжээний олборлолт хийсэн гэсэн үг үү?

-Түүнийг мэдэх боломжгүй. Тэр компани 40 гаруй ажилчинтай. Ажилчдын 28 нь хятад. Монгол ажилчид хамгаалагч, жолоочийн ажил л хийдэг. Харин алт угаах, шороо шигших зэрэг нарийн ажлыг нь хятадууд гүйцэтгэдэг. Тэр ажилдаа монголчуудыг ойртуулдаггүй гэсэн. Хятадууд жийп машинаар ууттай шороо ачаад явдаг л гэсэн. Шороо юу, алт уу гэдэг нь хяналтгүй шүү дээ. Тэд алт олборлохдоо химийн бодис хэрэглэдэг ч байж магадгүй. Гэхдээ баталгаа алга. Хардах шалтгаан нь тэнд ажиллаж байсан жолооч хөөгдсөн. Яагаад хөөгдсөн гэхээр “Компани руу онцгой хамгаалалттай машин ирлээ. Хүн ойртуулахгүй байна” гэж яриад буруудсан гэсэн. Бас тэр компанийн олборлолт хийж байгаа газраас доошоо долоо, найман км-ийн зайд нутгийн иргэд зусч байгаа. Тэр хүмүүсийн биеэр юм туурч, малынх нь үс, ноос зулгарч эхэлсэн. Хамгийн хардмаар нь хятадууд Орлогын голоос ус уудаггүй. Тусдаа худаг гаргаад авчихсан.

-Уучлаарай. Нутгийн иргэд ямар нэг хөдөлгөөн байгуулж, эсэргүүцэх нэрийдлээр баян компаниас мөнгө салгадаг гэх яриа бий. Та нар тэдний нэг биш үү?

-Тийм яриа байдаг юм билээ. Бид тийм биш ээ. Манай сум Увс аймгийн хөгжлийн тулгуур сум. Бусадтайгаа харьцуулахад илүү хөгжсөн. Дэд бүтэц, барилга байшин гээд бүх талаараа давуу талтай. Иргэдийн амьдрал ч харьцангуй  боломжийн. Бид баялагтай, баян нутагт төрсний буянаар нутгаа зарж идэх сэтгэлгээгүй хүмүүжсэн. Манай нутаг иргэддээ буянаа өгдөг баян нутаг. Үүнийг бардам хэлж чадна.

-Тэгвэл танай сумынхан яагаад хууль бусаар алт ухаад байдаг юм бэ?

-Энэ зун манай сумын 500 хүн алт олборлож байна гэсэн судалгаа бий. Олонхи нь хүүхдүүдийнхээ зуны амралтаар зусланд гарах далимаараа алт ухаж байгаа. Түүнээс биш байнгын нинжа байхгүй. Харин өөр сумаас ирсэн хүн олон бий.

-Алт олборлох гэж байгаа Хятадын хөрөнгө оруулалттай өөр нэг компани танай сумынханд мөнгө тараасан мэдээлэл байгаа.

-“Юм Агаа” гэдэг компани урла­гийн тоглолт үнэгүй үзүүлж, настнуудад бэлэг тараасан. Зарим айлын хүүхдийн сургалтын төлбөрийг төлнө гэж ч амласан байна лээ. Тэр нь сумын удирдлагууд үйл ажиллагааг нь зөвшөөрөхгүй болохоор иргэдийн саналыг худалдаж авах гэсэн оролдлого байх. Манай нутгийнхан тийм ч амархан хууртахгүй байх. Бүр “Юм Агаа” компанийнхан төрийн захиргааны албан хаагчдыг гудамжинд явж байхад нь бэлэг бариад гүйсэн тохиолдол бий. Иргэдэд сумын удирдлагууд бэлэг авдаг гэсэн ойлголт төрүүлэх гэсэндээ тэгсэн байх. Манай сумынхан тэр компанийн үйл ажиллагааг зөвшөөрөхгүй.

-Танай сум байгалийн баялагтай. Баялгийн сургаар харийнхан очих нь их. Нутгийнхан ч өөрсдөө алт ухаж байгаа нь нууц биш. Компаниудаас илүү нинжа нар байгаль сүйтгээд байгаа юм биш үү?

-Иргэд амьдрал доройтсондоо алт ухаагүй. Хятадын алт ухагч компаниуд 2005 оноос хойш Орлогын голд алт байна гээд хүрээд ирсэн. Тэр сургаар л Бургастайн голд алт олборлож байсан өөр сумын нинжа нар цуглачихсан. Бүр Орлогын голд хоёр цагийн дотор 1500 нинжа цугласан тоо бий. Аймгаас нэгдсэн арга хэмжээ авч байж тэднийг хөөсөн. Гэсэн ч нэг компани үйл ажиллагаа эхлэхээр л нинжа нар дагачихдаг юм.

-Увс аймаг нийслэлээс алслагдмал. Хяналт шалгал­тынхан тэр бүр очиж чаддаггүй байх. Хараа, хяналтаас ангид хууль бус ажиллагаа их байдаг уу?

-Ер нь төрийн байгууллагууд тэр бүр очдоггүй. Голын усны дээж аваад өгөөч гэж хүсэлт тавихад хотоос очих мэргэжилтний зардал мөнгийг өөрсдөө даах болдог. Гэтэл Увс руу нисэх онгоцны зардал 250-300 мянган төгрөг. Ингээд аймгийн мэргэжилтнүүдэд хандахаас өөр сонголтгүй болдог. Гэтэл аймгийн мэргэжилтнүүд иргэдийн санаанд хүртэл ажиллаж чаддаггүй. Сүүлийн үед баруун аймгуудыг зорих компаниудын нүүдэл ихэсч байгаа. Замд том том техник ачсан машин олон таарлаа. Төвийн бүсийн алтны нөөц багассан уу, хараа хяналт чангарсан уу компаниуд баруун тийшээ жолоо залах болжээ. Алслагдмал аймагт очоод мэдээлэл багатай хүмүүстэй шууд ажиллаж, эд мөнгөний сонирхолтойд нь багахан юм атгуулаад л эрх дархаа тогтоодог жишиг бий.

-Гадаадын хөрөнгө оруу­лалттай компани “Орон нутгийг хөгжүүлэх сан”-д мөнгө өгөхөд л бүх асуудал шийдэгддэг юм биш үү?

-Зарим суманд тийм жишиг байдаг гэсэн. Манай суманд ёстой  байхгүй. 100 мянга ч бай 10 сая төгрөг аваад тухайн компанийг дээдэлж, залж болно л доо. Гэтэл тэр мөнгөний цаана мөнгөөр үнэлшгүй байгаль, иргэдийн амьдрал байгаа гэдгийг ойлгох учиртай. Нутаг ус, иргэдээ тэргүүнд тавьж чадахгүй удирдлагууд зайгаа тавьж өгөх ёстой. Хөдөөгийнхний дунд “Алтны компаниудад ажилладаг дарга нар жийп унадаг. Аргыг нь олдоггүй дарга нар хуучин “69” машинтайгаа байдаг” гэсэн яриа бий болсон. Энэ бол бодит үнэн. Төсвийн мөнгөөр 30-40 сая төгрөгийн үнэтэй жийп авна гэдэг юу л бол. Дөрөв, таван жил ажиллаж байж албандаа “69” машин авдаг шүү дээ.

-Алтны компаниудад ажиллаад жийп хөлөглөсөн дарга нар олон байна уу?

-Бүх сумаар явж үзээгүй. Лав л Тариалан сумын Засаг дарга жийп унадаг.

-Танай аймагт ажиллаж, амьдарч байгаа хятад иргэдийн ааш, авир хэр вэ?

-Ер нь тусгай хүмүүс байдаг. Хятадын компанийн вант улс л гэж ярина шүү дээ.

-Ярилцсанд баярлалаа.

Б.ЦЭЦЭГДЭЛГЭР

Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж