“Бээжин-2022” өвлийн олимпод оролцох Монголын баг, тамирчдын хувцас олон нийтийн сүлжээнд шүүмжлэл дагуулав. Олимпийн баг, тамирчдын хувцсыг үндэсний үйлдвэрлэгч “Michel & Amazonka” компани урлаж буй. Өнгөрсөн долоо хоногт загварын шоуны үеэр өвлийн олимпод оролцох баг, тамирчдын хувцасны загварыг танилцуулсан юм.
Энэ талаар “Michel & Amazonka” компаниас тодруулахад “Өвлийн олимпод эх орноо төлөөлөн оролцох Монголын баг, тамирчдын хувцас хараахан бэлэн болоогүй. Бид эхний коллекци гаргаж, загварын шоуны үеэр танилцуулсан. Ерөнхийдөө хувцасны загварууд нь бэлэн болсон” гэв.
"ТАМИРЧИД ОЛИМПИЙН НЭЭЛТ, ХААЛТАД ОРОЛЦОХДОО ҮНДЭСНИЙ ДЭЭЛЭЭ ӨМСӨНӨ"
Монголын Үндэсний олимпийн хорооноос тодруулахад “Монголын Үндэсний олимпийн хорооноос “Michel & Amazonka” компанитай хамтран “Токио-2020” зуны олимпод оролцох баг, тамирчдын хувцсыг үйлдвэрлэх гэрээ байгуулсан. Уг брэнд өнгөрсөн долоо хоногт загварын шоугаа танилцуулсан юм билээ. Манай хорооноос нийт 13 төрлийн хувцас захиалсан. Монголын баг, тамирчид маань олимпийн нээлт, хаалтад оролцохдоо үндэсний дээлээ өмсөнө. Өнгө нь хар хөх өнгөтэй, өлзий хээтэй, хиймэл хурганы арьсан дотортой байна.
Өдөр тутамдаа куртик, өмд, цамц буюу бэлтгэлийн хувцас, малгай, бээлий, ороолт зэргийг өмсөх юм. Харин гуталны загвартай танилцаагүй байна. Олимпод оролцох тамирчдын хувцасны төсөв эцсийн байдлаар шийдэгдээгүй байна. Загваруудаа танилцуулж, Удирдах зөвлөлийн хурлаар эцэслэн шийднэ” гэдэг хариултыг өглөө.
Өнгөрсөн 2019 онд Монгол Улсын Засгийн газраас “Монгол брэнд” үүсгэх, үндэсний үйлдвэрээ дэмжих зорилгыг хэрэгжүүлэхээр 59 дүгээр тогтоол баталсан. Улмаар Монгол Улсын Үндэсний шигшээ баг, тамирчдаар дамжуулан үндэсний өв уламжлал, соёл, хөгжил дэвшлийг илэрхийлсэн брэнд өнгө төрхийг тодорхойлохоор загварын уралдаан зарлаж, сонгон шалгаруулалт явуулсан.
Энэхүү спортын болон ёслолын хувцасны загварын уралдаанд нийт 10 загвар зохион бүтээгч загвараа ирүүлснээс “Michel & Amazonka” компанийн ирүүлсэн загвар шалгарсан юм. Тус компани нь зуны олимпийн нээлт, хаалтын ёслолын болон спортын хувцас үйлдвэрлэх эрх авсан. Үүний дагуу "Токио-2020" олимп, паралимпийн наадамд оролцох баг тамирчдын өмсөх спортын болон ёслолын хувцасны зардалд 394,3 сая төгрөг зарцуулж байв.
Холбоотой мэдээ