УИХ дахь Ардчилсан намын /АН/ бүлэг өнөөдөр /2021.11.29/ мэдээлэл хийлээ.
АН-ын бүлгийн дарга Д.Ганбат:
-Дулааны цахилгаан станцууд бүрэн хүчин чадлаар ажиллаж байгаа боловч эрчим хүчний нөхцөл байдал эрсдэлтэй байна. Өнгөрсөн долоо хоногт ОХУ-ын Засгийн газрын дэд дарга Монголд айлчлаад буцсан. Энэ талаарх мэдээллийг холбогдох яамнаас асууж тодруулж хурлаар хэлэлцлээ. Монгол Улс эрчим хүчний нөөцийг долоон хувиар өсгөсөн байна. Хувийн хэвшил болон улсын 32 аж ахуйн нэгжүүд энэ салбарт ажиллаж байна. Эрчим хүчний салбарт 16 мянган хүн ажиллаж байна. Дундаж цалин бол 1.6 сая төгрөг. Энэ цалин нь сүүлийн 1-2 жил нэмэгдээгүй ч эрчим хүчний салбарын ачаалал нь 9-10 хувиар нэмэгдсэн. Цаашид атомын эрчим хүчний салбарт анхаарч, бодлого барьж ажиллах ёстой. Эх үүсвэр нь Монголд бий.
Монгол Улсын хувьд усан цахилгаан станц эрчим хүчний системийн тохиргоог нь хийх боложтой. Тэр тусмаа найдвартай эх үүсвэр гэж тодорхойлогддог. Эгийн голын усан цахилгаан станцын ТЭЗҮ хийгдсэн. Гэвч Оросын тал Байгал нуурын эмзэг экосистемийг хадгалахад саад учруулна гэж үзжээ. Байгал нуураас гарч байгаа усны эх үүсвэр дээр таван цахилгаан станц ажилладаг бол орж байгаа эх үүсвэрт нь усан цахилгаан станц ажилладаггүй. Биологийн нөхөн сэргээлт дээр нь Олон улсын судалгааны байгууллага болох Францын компани ажиллаж байна. Дүгнэлт нь удахгүй гарна. Эрчим хүчний ачааллын оргил үед ОХУ-аас нэмж 100 Мвт-ын цахилгаан авахаар болжээ. Цаашид гэрээ хэлэлцээр хийх юм байна. Эрчим хүчний салбарыг өөр түвшинд хүргэх цаг нь болсон. Шаардлагатай бол АН-ын бүлэг Засгийн газарт зөвлөмж өгч ажиллана. Хоёрдугаарт Чөлөөт бүсийн тухай хуульд хууль хоорондын зөрчил байна. Тухайлбал, Чөлөөт бүсийн газар нутгийн байдал нь тодорхойгүй байна. Засгийн газар хоорондын буюу Монгол-Хятадын Засгийн газрын хоорондын хэлэлцээрийг тодорхой болгох шаардлагатай. Яг амьдрал дээр хэрэгжээд явбал маш тодорхой бус байна.
АН-ын бүлгийн гишүүн С.Одонтуяа:
-Эрчим хүчний салбарынхан зовлон жаргалаа ярилаа. Салбарын сайн тал гэвэл асуудлуудаа мэргэжлийн түвшинд маш сайн мэдэж байна. Гэхдээ АН-ын бүлгийн гишүүдийн зүгээс арга барилаа өөрчлөөч ээ гэдгийг хэлсэн. Лобби хийхдээ муу, зориггүй байна. Төсөв батлахын өмнө уулзаж бэрхшээлүүдээ ярихгүй бол Эрчим хүчний сайд нь уг салбарыг маш аюултай байдалд байгааг хэллээ. Хэзээ мөдгүй зогсох магадлалтай байна. Маш их өртэй. Хөрөнгө оруулалтууд орж ирэхгүй байна.Тиймээс эрчим хүчний салбар хүндрэлтэй байна. Улсын төсөвт бол мөнгө байгаа. Хэдэн тэрбумаар нь хөшөө,барилгад зарж байна. Гэтэл яагаад доголдолд орсон эрчим хүчний салбарт олигтой мөнгө хуваарилсангүй вэ. Үүнийг бид гайхаж байна.
Холбоотой мэдээ