Монголын Тогтвортой Санхүүгийн Холбооноос “Эерэг өөрчлөлтийг санхүүжүүлье” уриан дор 7 дахь жилдээ зохион байгуулагдаж буй “Монголын Тогтвортой Санхүүгийн Форум-2021” арга хэмжээ зохион байгуулагдлаа. Үүний хүрээнд 11-р сарын 23-ны өдөр “Текстилийн үнэ цэнийн сүлжээний тогтвортой санхүүжилт” дэд хэлэлцүүлгийг зохион явууж яамд, санхүүгийн зохицуулагч байгууллагууд, салбар холбоод, арилжааны банкнууд, ноос ноолуурын үйлдвэрүүд, салбарын мэргэжилтнүүд, ТББ-ууд болон энэ чиглэлд үйл ажиллагаа явуулж буй олон улсын байгууллагууд өргөнөөр оролцлоо.
Тус хэлэлцүүлгийн үеэр Европын Холбооны санхүүжилттэй “Текстилийн тогтвортой үйлдвэрлэл ба эко тэмдэг” төслийн хүрээнд өнгөрсөн гурван жилийн хугацаанд энэхүү салбарыг байгаль орчинд ээлтэй, тогтвортой үйлдвэрлэл явуулах, ногоон санхүүжилттэй холбох зэргээр хийгдсэн ажлуудын үр дүн, ололт амжилтуудаа дүгнэн хуваалцсан юм. Тэдгээрээс дурдвал:
- ТоС-ийн 5 дахь салбарын удирдамж буюу Текстилийн салбарт баримтлах тогтвортой санхүүжилтийн удирдамж;
- Текстилийн салбарын харилцагчийн байгаль орчин, нийгэм, засаглалын эрсдэлийн үнэлгээний аргачлал;
- Текстилийн салбарын ногоон санхүүжилтийн зах зээлийн эрэлтийн судалгаа;
- Текстилийн салбарт ногоон зээл олгох шалгуур;
- Санхүүгийн болон ноос, ноолуурын салбарын ажилтнуудад зориулсан текстилийн тогтвортой үйлдвэрлэл, түүнийг тогтвортой санхүүжүүлэх тухай зэрэг цуврал сургалтууд.
Түүнчлэн текстилийн үнэ цэнийн сүлжээ буюу бэлчээрээс эхлээд малын тавлаг байдал, малчин өрхийн амьжиргаа, үйлдвэрлэлийн процесс, хэрэглэгчийн гарт эцсийн бүтээгдэхүүн болон хүрснээр хаягдах хүртэлх үйл ажиллагааг бүхэлд нь тогтвортой санхүүжүүлэхийн тулд дунд болон урт хугацаанд оролцогч талууд ямар ажлуудыг ямар үүрэгтэйгээр гүйцэтгэх шаардлагатай байгаа талаар хэлэлцэж, шийдлүүдийг хамтдаа тодорхойллоо.