Энэ хичээлийн жилд Улаанбаатар хотын хэмжээнд 286 ерөнхий боловсролын сургуульд 380 мянга 342 сурагч суралцаж байгаа. 2021-2022 оны хичээлийн жилд хотын төв буюу Их тойрууд байршилтай 17 сургууль, хотын захын нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмж тааруу 12 сургуулийн сурагчдад зориулж сургуулийн автобусаар үйлчлэхээр болсон. Гэтэл газ тасарч, сурагчийн зургаан автобус зогссон байна.
Нийслэлийн төрийн өмчит 40 сургууль сургуулийн автобусаар сурагчдад үйлчилдэг. Тэдгээрийн зугаа нь байгалийн шахсан хий буюу газны нийлүүлэлт тасалдсанаас гурван долоо хоног үйлчилгээнд яваагүй байна. Тодруулбал, 31 болон зургадугаар сургуулийн долоон буудал чиглэлийн автобус өдөрт багадаа 100 хүүхдэд үйлчилдэг байна.
ИРЭХ САРЫН 10-Н ХҮРТЭЛ ГАЗЫН НИЙЛҮҮЛЭЛТГҮЙ УЧИР 6 СУРГУУЛИЙН АВТОБУС ҮЙЛЧИЛГЭЭНД ЯВАХГҮЙ
Нийтийн тээврийн үйлчилгээний газрын мэргэжилтэн А.Оргилсайхан:
-2021 онд сургуулийн 140 автобус үйлчилгээнд явж байгаагаас төрийн өмчийн 40 сургууль сурагчдад автобусаар үйлчилж байна. Эдгээрээс зургаан автобус арваннэгдүгээр сарын 5-наас байгалийн хий буюу газын нийлүүлэлтгүй болсноос хөдөлгөөнд оролцохгүй зогссон. Бид эхний ээлжид энэ сарын 10-ны өдөр Ашигт малтмал газрын тосны газар албан мэдэгдэл хүргүүлэхэд 14 хоногтоо багтаж хэвийн болно гэх тайлбар өгсөн. Гэхдээ одоогийн байдлаар хил гаалийн асуудлаас үүдэж дахин 14 хоног хойшлоод байна. Ямартай ч сургуулийн бусад автобус хэвийн явж байгаа. Ирэх сарын 10-наас сургуулийн автобус бүгд үйлчилгээнд явахаар тооцоолж байна.
Ашигт малтмал газрын тосны газраас өгсөн мэдээллээр ирэх сард газны татан авалт, нийлүүлэлт хэвийн болно гэдэг тайлбар мэдээллийг өгч байгаа аж.
Өнгөрсөн онд давхардсан тоогоор 6000 гаруй сурагч сургуулийн автобусаар тогтмол явж байсан байна. Гэвч энэ жил ийнхүү хил гаалийн асуудалтай холбоотой газын нийлүүлэлтгүй болж хөдөлгөөнд оролцох боломжгүй болжээ.
Холбоотой мэдээ