Перугийн ерөнхийлөгч Ням гаригийн өглөө тус улсын нутаг дэвсгэрийн хойд хэсэгт болсон 7.5 магнитудын газар хөдлөлтөд нэрвэгдэгсдэд тусламж үзүүлнэ гэдгээ илэрхийллээ.
“Хүчтэй газар хөдлөлтөнд өртөөд буй Амазонасын ард иргэдэд бүх чадлаа дайчлан туслах болно. Холбогдох яамдууд болон агентлагуудад нэн даруй арга хэмжээ авах талаар чиглэл өгөөд байна. Ахан дүүс ээ, та нар ганцаараа биш” гэж ерөнхийлөгч Педро Кастило Терренос жиргээндээ нийтлэжээ. Мөн тэрбээр удахгүй өөрийн биеэр Амазонаст очно гэдгээ хэлсэн байна.
Одоогоор хохирлын хэмжээ тогтоогдоогүй байна. Перугийн цагдаагийн газрын цахим сүлжээнд нийтлэсэн бичлэг болон засгийн газрын мэдэгдлээс үзвэл байшин барилга, зам эвдэрч гэмтсэн байдалтай байна.
Газар хөдлөлтийн голомт нь Амазонаст боловч нийслэл Лима хот болон бусад ойр орчмын бүс нутгуудад ч чичиргээ нь мэдрэгджээ. Голомтын гүн нь 112 км гэж тооцоолсон ба цунамигийн дохиолол бүртгэгдээгүй юм байна.
Перугийн нийслэл Лимагийн Каллао дүүрэгт төвтэй 5.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт Ням гаригийн үүрээр болжээ.
ЭХ СУРВАЛЖ: CNN
Холбоотой мэдээ