“Цахим биржүүдийн аюулгүй байдал эрсдэлтэй байгаа нь хүний нөөцтэй холбоотой”

Хуучирсан мэдээ: 2021.11.29-нд нийтлэгдсэн

“Цахим биржүүдийн аюулгүй байдал эрсдэлтэй байгаа нь хүний нөөцтэй холбоотой”

 “Номадик Эксчэйнж” Цахим арилжааны биржийг үүсгэн байгуулагч Ц. Гаригсайхантай ярилцлаа

– Юуны өмнө танд энэ өдрийн мэндийг хүргэе. Cүүлийн хэдэн сар крипто валют, цахим арилжаа гэх зүйл маш их яригдаж, залуучууд ихээр татагдан оролцох боллоо. Энэ талаар мэргэжлийн хүний хувьд таны бодол?

– Сайн байна уу? Танд болон танай хамт олон өнөөдөр намайг урьж ярилцаж байгаад баярлалаа.

Блокчэйн технологийн санхүүгийн салбарт нэвтрэн орж ирж байгаа нэг хэлбэр бол энэхүү крипто валют буюу койн гэдэг зүйл юм.  Анхны крипто валют болох БИТКОЙН үүсээд 10 гаран жилийн нүүр үзэж байна. Энэ хугацаанд дэлхийн хэмжээнд маш өргөн хүрээнд тархсан зүйл юм. Манай улсын хувьд ч энэхүү давалгаа болох нь цаг хугацааны л асуудал байсан. Тэгэхээр бид энэхүү дэлхий нийтэд үүсч буй шинэ давалгаанаас хоцроод үлдэх бол боломжгүй зүйл юм. Манай залуучууд үүнд бэлэн байсан. Яагаад гэвэл энэхүү койн зах зээлийн эхний давалгаа 2017 онд болсон. Үүний үр дүнд манайд олсон ч хүн бий, алдсан ч хүн бий. Харин энэ удаагийн давалгаа бол бид дотроо хир боломжтой чадалтай зах зээлтэй вэ гэдгийг харуулсан том ололт гэж харж болохоор байна. Мэдээж судалгаагүй, төлөвлөлт байхгүй шууд ороод алдаж байгаа хүмүүс олон байна. Энэ нь үнэхээр харамсалтай ч хатуугаар хэлэхэд ингэж байж л бид ухаантай зөв тоглож, энэ шинэ зах зээлээс илүү ихийг олж авч чадна гэж бодож байна. Бас сүүлийн үед энэ зах зээлрүү иргэд ихээр орж ирж байгаа нь манай улсын эдийн засаг төрийн оролцоотой шууд холбоотой гэж бодож байна.

Монгол улсад хамгийн хэцүү зүйл бол ямар нэг бизнест хөрөнгө оруулалт хийгээд түүнийгээ тогтвортой явуулах байдаг. Татварын дарамт, улс төрийн тогтворгүй байдал, өглөө босоход л хамаг дүрэм журам нь солигдоно, мэргэжилтэнгүүд нь өөр өөрийнхөөрөө тайлбарлана, банкууд нь дампуурна гэх мэт асуудал нь гадаадын хөрөнгө оруулалтыг битгий хэл дотоодын хөрөнгө оруулалтыг зогсоочихоод байгаа хандлага байна. Ямар нэг бизнест хөрөнгө оруулсанаас томоохон банкинд хадгалсан нь дээр байх жишээтэй. Гэтэл гэнэт төрийн оролцоогүй, хяналтгүй, шахалтгүй хирнээ баталгаатай зах зээлд хөрөнгө оруулалт хийгээд үр дүнд нь ашиг хүртэх боломж гараад ирж байна. Ийм боломжийг алдах хүн тэр бүр гарахгүй гэдэг нь тодорхой харагдаж байна. Эхний хэдэн дотоодын койн дээр угаасаа анхдагч арилжааны үнэ нээлттэй арилжааны үед өсдөг гэдэг логик дээр үндэслэн ихэнх хүмүүс энэ зах зээлрүү орж байсан.

Гэтэл сүүлийн үед ямар төсөлд хөрөнгө оруулалт хийх үү? Хэдэн хувийн өгөөж өгөх гэж байна? Хэр найдвартай төсөлтэй вэ? гэх мэт маш олон асуултын ард хөрөнгө оруулалт хийхдээ юунд хийх вэ гэдэгт анхаардаг болж байх шиг байна. Сүүлийн үед гарч байгаа хэдэн койнуудын IEO-ийн анхдагч арилжааны захиалга дүүрч байгаа хурдыг харахаар тэгж харагдаад байна. Энэ алдаан дээрээ суралцаж байна гэх юм уу даа.

– Маш олон цахим бирж, койн борооны дараах мөөг шиг гарч ирж байна. Энэ нь сайн зүйл үү? Аль эсвэл энэ нь зах зээлд муугаар нөлөөлөх үү?

– Харин тэгээд байна. Уул нь бол нэг их буруу юм байхгүй. Угаасаа хэрэглэгчид өөрсдөө хэрэгтэйгээ үлдээгээд хэрэггүйгээ хаячих сонголттой зах зээл болохоор. Гол нь энэ олон биржүүдэд нэг юм ажиглагдаад байгаа нь биржээ нээж үйл ажиллагаа явуулж эхлээгүй дөнгөж нэг нүүр хуудас хийсэн төдийд үйл ажиллагаа явуулж эхлэн өөрсдийн койныг гаргаж байна. Тэдэнд хэдэн хэрэглэгчтэй болох, хир тогтвортой байх нь сонин биш. Манай койныг авбал ийм ч давуу талтай, тэгэж ч өснө гэх мэтээр өөрсдийн IEO-г хийж, хэрэглэгчдээс хэдэн тэрбум төгрөг цуглуулчихдаг. Тэгээд үйл ажиллагаа явж байгаа эсэх нь тодорхойгүй унтаа байдалд орчихоод байна. Энэ нь эргээд нөгөө зах зээлд орж ирж байгаа иргэдийг хохироох нөхцөл үүсгэж байна. Ийм байдлаар явбал  крипто валютын зах зээл хадгаламж зээлийн хоршооны дараагийн хуулбар болох магадлалыг үүсгэж байна. Одоо болж байгаа үйл явдлыг том зургаар харвал шинэ койн гаргах үйлдэл нь зах зээлд хөлөө олчихсон, тодорхой төсөлтөй  нээлттэй компани болж IPO хийж байгаатай ижил үйлдэл болж байна.

Өмнө байгуулагдсан бирж өөрсдөө койн гаргаад, гаргасан койн бүрдээ өөрсдийн үйл ажиллагааны ашгаас хувь хүртээж байгаа юм. Яг тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа компанийн хувьд бол маш боломжийн загвар боловч биржийн үйл ажиллагаагаа эхлээгүй компаниудын хувьд иргэдийн тэр их хөрөнгийг цаашид ямар зүйлд зориулах нь тодорхойгүйгээр хуримтлал болгон авч байна. Гэвч бирж нь одоо болтол нээгдээгүй байх жишээтэй. Цаашид нээгдэх эсэх, зах зээлд амжилттай ажиллах, үр дүнтэй ажиллах эсэх нь тодорхойгүй байгаа нь иргэдийн маш их хөрөнгийг луйвардах нөхцөл үүссэн байгаа нь харагдаж байна. Дөнгөж саяхан бас нэг койн гарч байгаа л гэнэ. Гэтэл тэр нь бирж хэрэггүй, өөрсдийн сайтаар койныхоо IEO хийнэ гээд явж байна. Крипто валют, крипто биржийн үндсэн гол санаа байхгүй болчихлоо. Нэг компани хүссэнээрээ койноо үйлдвэрлээд зараад байдаг бол энэ чинь нөгөө блокчэйны тархмал баталгаат бүртгэлийн систем үгүй болж байгааг илэрхийлж байна. Гэтэл мэдлэг дутуу иргэд үүнд хөрөнгө оруулалт хийж байна. Эргээд л нөгөө хөрөнгө оруулалтын эрсдэл маань гарч ирж байна. Угаасаа хуучин ФОРЕКС-ийн зах зээлийг хамгийн эрсдэл бүхий зах зээл гэдэг байсан.

Яагаад гэвэл ханшийн хэлбэлзэл маш өндөр байсан. Гэтэл КОЙН зах зээл бол тэрнээс илүү хэлбэлзэлтэй, эрсдэлтэй зах зээл. Ийм зах зээлд КОЙН гаргаж байгаа байгууллага, худалдан авч байгаа оролцогч, эдгээрийн дундын үйл ажиллагааг хууль ёсны дагуу баталгаатай зохион байгуулагч хөндлөнгийн бирж байх шаардлагатай. Түүн дээр блокчэйн технологийн үндсэн давуу тал болох шифрлэлтэнд суурилсан гинж үүсгэх, үүссэн гинжийг тархсан мэдээллийн санд дэлхий даяар хуулбарлан хадгалах гэдэг давуу тал орж ирж байж л төрийн оролцоогүй крипто валют болж үр ашгаа өгнө гэж бодож байна.

– Мэдээлэл технологийн салбарын мэдээллийн аюулгүй байдлын мэргэжилтэн хүний хувьд дүгнэвэл мэдээллийн аюулгүй байдал талаасаа Монгол улс энэ зах зээлд бэлэн үү?

– За ёстой бид нарын ярих ёстой сэдэв бол энэ байгаа юмаа. Өнөөдөр Монголд мэдээллийн аюулгүй байдал гэдэг зүйл хүн болгоны мэддэг ч юм шиг мэдэхгүй зүйл болчихоод байна. Ядаж байхад бүгд хамгаална хадгална гээд байдаг гэхдээ зорилго нь тодорхойгүй. Иргэнээс мэдээллийг цуглуулж авахдаа их сүр сүр юм ярьж авчихаад ашиглахдаа зориулалтын бусаар ашиглаж байна.

Одоо энэ үүсч байгаа биржүүд

Хэрэглэгч та мөнгө угаахын эсрэг (AML)

Харилцагчийг таньж мэдэх (KYC)

Терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх (CTF)

Стандартуудыг нэвтрүүлсэн байна. Олон улсад ийм юмтай гэдэг сурталчилгаа их байдаг тул бүх биржүүд үүнийг нэвтрүүлээд л байна. KYC стандарт дээр тухайн иргэнийг танихын тулд заавал иргэний үнэмлэхийн зураг, өөрөө иргэний үнэмлэхээ барьсан байдалтай зураг гэх мэтээр шаардаж авдаг. Гэтэл тухайн зураг дээр ямар боловсруулалт хийж байгаа, хэрэглэгчийн хувийн мэдээллийг ямар зорилгоор ашиглаж байгаа гэдэгт хяналт тавих, зохицуулах хууль тогтоомж дутмаг байна. Одоо л УИХ дээр "Хүний Хувийн Мэдээлэл Хамгаалах" тухай хууль хэлэлцэгдээд явж байна. Хэзээнээс энэ асуудалд хяналт тавих юм гэдэг нь тодорхойгүй байна. Олон улсын хэмжээнд бол цахим орчинд хэрэглэгчийг танихын тулд KYC аргачлалыг ашиглаад байгаа. Яагаад гэвэл тус тусдаа улсад амьдарч буй хүмүүс интернетийн сүлжээгээр дамжуулж хил хязгааргүйгээр хамтын арилжаанд оролцож байгаа тохиолдолд тэгж баталгаажуулалт хийгдэж байгаа. Харин Манай улсын хувьд дотоодод иргэдийн танилтын ДАН систем, ХУР систем гээд сайн сайн системүүдийг ашиглах замаар иргэдийн хувийн мэдээллийг хамгаалах чиглэлд ажиллавал их хэрэгтэй байна. Нөгөө талаас иргэд өөрсдийн хувийн мэдээллийг хэнд ямар зорилгоор өгч байгаадаа хяналт тавих хэмжээний мэдлэгтэй байх хэрэгтэй байна. Зөвхөн мөнгөө өсгөнө гэсэн ганц бодлоор хандаж ороод өөрсдийн мөнгөн хөрөнгө болон хувийн мэдээллийг эрсдэлд оруулж байх магадлалтай байна.

Саяхан Монгол улсын 2 сая иргэний хувийн мэдээллийг хямдхан зарна гэсэн зарлал интернет-д тавигдаж нэлээд их шуугиан тарилаа. Энэ бол үүний тод илрэл юм. Гэтэл иргэдийн хувийн мэдээллийг цуглуулаад байгаа тэдгээр БИРЖ-үүдийн системүүд хир найдвартайг баталгаажуулах хянах юм алга. Нэг өдөр дараа дараагийн асуудал үүсэх магадлалтай болчихоод байна. Магадгүй үнэхээр энэ салбарт төрийн оролцоо хэрэгтэй бол энэхүү мэдээллийн аюулгүй байдал, хувийн нууцыг хамгаалах зэрэг асуудал дээр л анхаарах ёстой. Түүнээс биш биржийн тоо, койны тоо, хэн юунд хөрөнгө оруулах нь хувь хүний хувийн асуудал юм.

– Манай орны хувьд кибер халдлагад өртөх хакердуулах магадлал дэлхийн бусад оронтой харьцуулбал хэр түвшинд байгаа вэ?

Халдлагад өртөх явдал бол улс орноор ялгарах зүйл биш. Энэ бол хил хязгааргүй асуудал юм. Гэхдээ манай улсын хувьд дотоодын сүлжээний хяналт тааруу байгаа нь үнэн, тийм ч учраас үе үе манай янз бүрийн системүүд рүү гадны халдлага гарч асуудал үүсдэг. Мэдээж дотоодын мэргэжилтнүүд энэ тал дээр хичээн ажиллаж байгаа боловч манай улсын хувьд хөрөнгө мөнгө, хүний нөөцийн дутагдал байнга үүсч байгаатай холбоотой хүндрэлтэй нөхцөл нилээд байх шиг байна. Тэгэхээр манайх олон улстай харьцуулахад сайнгүй л түвшинд байна.

– Манай орны хувьд мэдээллийн аюулгүй байдлын мэргэжилтний хүний нөөц таны бодлоор энэ зах зээлд хүрэлцээ бий юу ?

– Үнэхээр хүрэлцэхгүй байна. Манайх мэдээллийн аюулгүй байдлын мэргэжилтэн бэлтгэж эхлээд 10-д жилийн нүүр үзэж байна. Одоо ид хийж бүтээж байгаа шилдэг мэргэжилтнүүд бол ихэвчлэн мэдээллийн технологийн бусад чиглэлээр төгссөн, өөрсдийн хүсэл сонирхлын дагуу мэдээллийн аюулгүй байдлын салбарт орж ирсэн хүмүүс байгаа. Гэвч угаасаа мэдээллийн технологийн салбар маань хүний нөөцийн дутагдалтай байгаа.

– Таныг мөн цахим арилжааны платформ хөгжүүлэлт хийж удахгүй нээх гэж байгаа гэж сонссон. Энэ талаараа хуваалцаач?

Манай компани цахим мөнгөний биржийн хөгжүүлэлтийн чиглэлээр дэлхийд тэргүүлэгч Сингапурын Чайнап компанитай хамтран Азийн зах зээлд нэгдсэн цахим мөнгөний арилжааны платформыг нэвтрүүлэхэд ажиллаж байна. Тун удахгүй нээлтээ хийнэ гэсэн төлөвлөгөөтэйгөөр ажиллаж байна. Мөн цаашлаад бид зөвлөх арилжааны чиглэлээр бус цахим мөнгөнд суурилсан нэмүү өртөг шингэсэн олон үйлчилгээг нэвтрүүлсэн олон улсын хэмжээний томоохон бирж болон өргөжих хэтийн төлөвлөгөөтэй ажиллаж байгаа.

Манай хамтрагч Чэйнап компани нь блокчэйнд суурилсан санхүүгийн системийн хөгжүүлэлтээр олон жил тууштай ажилласан туршлагатай, дэлхийн томоохон зах зээлүүдэд цахим мөнгөний бирж, крипто хэтэвч, блокчэйн бүртгэлийн системүүдийг нэвтрүүлж байсан туршлагатай компани байгаа. Бидний тавьсан саналыг хүлээн авч бидэнтэй хамтран ажиллах болсон бидэнд их завшаантай хэрэг болсон. Магадгүй бас манай өөрсдийн мэргэжлийн баг хамт олон тэдний шаардлагад нийцсэн чадварлаг цомхон хамт олон байсан нь нөлөөлсөн байх гэж бодож байна.

Бид энэ 2021 оны 12 сарын эхний долоо хоногт биржийн үйл ажиллагаагаа спот арилжааны хэсгээр нээгээд цаашид төлөвлөгөөний дагуу хөгжүүлэлтийн ажлыг гүйцэтгэж цахим мөнгөний арилжаанд оролцогчдод туслах бүхий л үйлчилгээг нэвтрүүлсэн цогц системийг нэвтрүүлэх болно.

– Танай бирж бусад биржээс чухам юугаараа онцлог бас давуу байх вэ?

– Манай биржийн хувьд цахим мөнгөний зах зээлд байж болох бүхий л үйлчилгээг нэвтрүүлсэн цогц систем болно. Бид дэлхийн шилдэг багтай хамтран энэхүү хөгжүүлэлтийн ажил дээр ажиллаж байна. Манай баг мэдээллийн аюулгүй байдлын чиглэлээр 10-15 жил ажилласан туршлагатай хамт олон байгаа бөгөөд энэхүү туршлага дээрээ үндэслэн аюулгүй байдлын 30 гаруй механизмыг биржийн үйл ажиллагаандаа нэвтрүүлж байна. Иймд бид хэрэглэгчдэдээ өгч чадах хамгийн чухал зүйл, үнэ цэнэтэй амлалт бол мэдээллийн аюулгүй байдал. Бид энэ чиглэлд хамгийн шилдэг нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байна.

Мөн бид бусад биржүүд шиг юу ч хийж, нээгдээгүй байж шинэ койн гаргаад тэрийгээ ашиглан хүмүүсийн мөнгийг зорилгогүй хуу хамаад авчих санаагүй. Энэ бол эргээд маш том эрсдэл үүсгэх зүйл юм. Харин бид нэн тэргүүнд аюулгүй, найдвартай арилжааны системийг хэрэглэгчдэд өгөх хүсэлтэй байна. Мөн түүнчлэн бид олуулаа мэдлэгтэй, мэдээлэлтэй, эрсдэлгүй арилжаанд оролцдог болохын тулд иргэдийн цахим мөнгөний талаарх мэдлэг боловсролыг дээшлүүлэх хөтөлбөрүүдийг хэрэглэгчдэдээ хүргэхээр ажиллаж байна. Бид азаа үзэж биш мэдлэг, чадвар дээрээ суурилан энэ зах зээлийг хөгжүүлэх шаардлагатай байна. Цаашид манай бирж Монголын хамгийн олон хэрэглэгчтэй бирж болно. Бүгд цуглаад арилжаандаа оролцоод ашиг орлоготой байх болно гэж бодож байна.

– Крипто валютын арилжаачид яагаад танай биржийг сонгох ёстой вэ?

– Энд түрүүний дурьдсан хэд хэдэн шалтгаан байх юм. Хамгийн түрүүнд аюулгүй байдал. Ямар ч тохиолдолд юу ч хийж байсан аюулгүй байдал хамгийн түрүүнд байх юм. Бид зөвхөн биржийн үйл ажиллагаандаа аюулгүй байдлын чиглэлээр 30 гаруй механизмыг нэвтрүүлж байна. Энэ бол зөвхөн манайд арилжаанд оролцож буй арилжаачидын аюулгүй байдалд л зориулж байгаа зүйл. Бид мэдлэгтэй, чадвартай арилжаачидыг төрүүлэхийн төлөө хамтран ажиллана. Бид зах зээлийн талаар сургалт, танин мэдэхүйн мэдээ, мэдээллийг байнга түгээж байх болно. Туршлагатай арилжаачидтай байнга хамтран бусдад мэдээлэл түгээх болно. Бид бас зах зээлээ тэлж маш олуулаа болох төлөвлөгөөтэйгөөр ажиллаж байгаа. Иймд “Зан сайтай айлд хүн бүхэн цуглаж, Замаг сайтай нууранд загас бүхэн цуглана аа” гэж үг байдаг шиг бүгд манай бирж дээр цуглана гэж итгэлтэй байна. Эдгээр бусдаас ялгарах онцлог шалтгаануудыг мэдсэн хүн болгон манайхыг сонгоно. Мэдээж бусад биржүүдэд байдаг нийтлэг зүйлүүд бол бас байж байгаа.

– Танай бирж дээр хэрэв койн гаргах хүсэлтэй иргэн аж ахуйн нэгж юуг анхаарах вэ?

– Манай бирж дээр койноо анхлан гаргах хүсэлтэй байгаа иргэд, аж ахуйн нэгжүүд хамгийн түрүүнд хийж хэрэгжүүлэх төсөл хөтөлбөр тодорхой, судалгаа шинжилгээтэй, төсөл хөтөлбөр, санхүү мөнгөний тооцоог мэргэжлийн байгууллагаар аудит хийгдсэн баталгаатай төсөлтэй байх ёстой. Шинэ койн гаргаж байгаа аж ахуйн нэгж, иргэд, манай хэрэглэгчид болох арилжаачидийн маань санхүүгийн эрсдэлгүй байдал нь бидэнд чухал шүү дээ. Янз бүрийн ШИТ койн гаргах гэсэн хүмүүс бол манайхаар дамжихгүй гэдэгт та бүхэн 100% итгэлтэй байж болно. Дараагийн чухал зүйл бол койны анхдагч арилжаа болсоноос хойших хуримтлалын сангийн ил тод байдал маш чухал. Үүнийг бид IEO хийх хүсэлтэй иргэдэд анхнаас нь шаардлага тавьж хамтран ажиллана. Дараагийн чухал анхаарах зүйл бол ямар нэг байдлаар өөрийн гаргасан койныг “pump and dump” хийх замаар худал өсөлт үзүүлж иргэдийг төөрөгдүүлэхгүй байх тал дээр анхаарах хэрэгтэй. Бидэнд аль болон натурал өсөлт хийж зах зээлд байр сууриа эзэлж байгаа төсөл, тэдгээрийн койнууд чухал юм. Манай хамт олон энэ салбарын эко системийг бий болгох чиглэлд гол анхаарлаа хандуулан ажиллах болно.

– Танай бирж бусдын адил мөн л койн гаргах төлөвгөөтөй байна уу?

– Манай компаний хувьд одоогоор койн гаргах бодолгүй байна. Бид ямар ч байсан зах зээлд үйл ажиллагаагаа эхлүүлээд тодорхой төвшинд хүрч хэрэглэгчийн итгэлийг олох нь чухал юм. Үүний дараа бид койн гаргах замаар нээлттэй компани болох боломжтой гэж харж байна. Хамгийн гол нь манай хэрэглэгчид болон бидний итгэлцэл чухал юм.

– Шинээр гарч буй хуулийн төсөлтэй танилцаж амжсан уу? Энэ хуулийн талаарх таны бодол?

– Хуулийн төслийг харсан. Бас нэлээд олон тодорхойгүй зүйлүүд байна. Мэргэжлийн байгууллагын зөвшөөрлөөр биржүүдэд зөвшөөрөл олгоно гэсэн байх жишээтэй. Мөн биржүүдийн дүрмийн санг зааж өгнө гэж байгаа. Гэтэл мэргэжлийн байгууллага гэж яг ямар байгууллагыг хэлж байгаа болон бас шаардлага дээр хэд хэдэн шаардлага тавьсан хирнээ нэмэлтээр СЗХ-ны шаардсан шаардлагыг биелүүлнэ гэж байгаа. Гэтэл тэр нь тодорхойгүй байдлыг үүсгэж байна. Хэн СЗХ-ны дарга болно тэр хүний хүслээр өөрчлөгдөөд байх зүйл юм шиг харагдаж байна. Манайх судалгаа, төлөвлөлт маш муутайгаар хэт яараад байгаа юм болвуу гэж бодож байна. Уул нь энэ зах зээл чинь төрийн оролцоогүй баталгаатай мөнгө болно гэж л үүссэн зах зээл шүү дээ. Хэн нэгний хяналт шийдвэргүйгээр иргэд хооронд блокчэйн технологийн баталгаат сүлжээгээр харилцахаар үүссэн зүйл.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж