Жуулчдад хөшөөнөөс өөр нүд хужирлах зүйл алга!

Хуучирсан мэдээ: 2021.11.29-нд нийтлэгдсэн

Жуулчдад хөшөөнөөс өөр нүд хужирлах зүйл алга!

Жуулчдад хөшөөнөөс өөр нүд хужирлах зүйл алга!

Цар тахлын нөлөөгөөр хамгийн их хохирол амссан салбарын нэг бол аялал жуулчлал. Одоо ч сэргэж амжаагүй эл салбарыг хөгжүүлж чадвал уул уурхайгаас хараат Монгол Улсын хувьд эдийн засгаа сэргээх чухал хөшүүрэг нь. Энэ ч үүднээс Засгийн газар  байгаль, түүх соёлын өвд тулгуурлан тогтвортой аялал жуулчлалын хөгжүүлэхийг зорьж буй. Харамсалтай нь Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан энэ хөтөлбөр үр ашигаас илүү татвар төлөгчдийн мөнгөөр туйлсан дэмий л зардал болж хувирав.  Зэлүүд шахам талд баригдсан Андлалын өргөөг тойрсон хэл ам дарагдаж дуусаагүй байхад  дахин айрагны өргөө, бурханы хөшөөг улсын төсвөөр барих нь илүүц болохыг ч олон нийт шүүмжилж буй.

Угтаа бол Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд төрсөн нутаг Хэнтийгээ аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлж, 400 сая жуулчин татаж, ирэх 2024 ондоо багтаж багадаа л нэг Холливудын кино бүтээх том “амбиц” бий. Гэхдээ дэд бүтэцгүй бол энэ бүхэн дэмий л “мөрөөдлөөс” хэтрэхгүй.

Ядахдаа л 400 сая жуулчин хүлээн авах тансаг зэрэглэлийн зочид буудал нь манайд хангалттай бил үү? Үнэндээ л байхгүй гэдгийг цар тахлын үед ч гадаадаас иргэдээ татан авахад хүртэл харагдсан нь саяхан. Ер нь хэт өөдрөг төсөөлөл бодит байдалд юунд хүргэдгийг  “Андлалын өргөө” хангалттай нотолсон биз ээ. Хоёр тэрбумаар шавар босгохын оронд хоёр цэцэрлэг барьсан бол илүү хүмүүст хэрэгтэй байв. Гэтэл дахин “Андлалын өргөө”-г нүд эрмэх зуур барьсан нь өмнөхөөсөө дээрдсэн ч бас л жуулчдыг татах нь юу л бол. Наад зах нь л ариун цэврийн байгууламжгүй. Хээр талд хөшөө дурсгалаас өөр нүд баясгах зүйл байхгүй.

СААЛИА БЭЛДЭХЭЭР САВАА БЭЛД БУЮУ ДЭД БҮТЦЭЭ ШИЙД

Уг нь төсвийн мөнгөний хамгийн өндөр тоо Хэнтийд тавигдаж, их хааны өлгий нутгийг аялал жуучлалын бүс нутаг болгох бүтээн байгуулалтыг эхлүүлсэн нь саяхан. Гэвч өнөөдөр Биндэр суманд Их хуралдай орд, Батноров суманд Хүлэг баатар Боорчи-Андлалын өргөө, Норовлин суманд Шихихутаг нууц товчоо зэрэг түүхэн аялал жуулчлалын цогцолборуудын бүтээн байгуулалт түүхий шүүрхий ажил болж дууслаа. Ийм байхад дахин Булган аймгийн Хутаг-Өндөр суманд  улсын төсвөөр 3.8 тэрбумаар айрагны өргөө барихаар 2022 оны төсөвт суулгаснаар жуулчдыг татах нь юу л бол.

Төсөөллөөр бол айрагны өргөөтэй болчихвол жилийн дөрвөн улиралд жуулчдын хөл тасрахгүй гэнэ. Гэтэл шугам сүлжээ, дэд бүтцийн асуудлаа мөн л шийдээгүй. Айрагны өргөөг л баривал дэд бүтцээ дараа нь шийдэж болох тухай сумын Засаг дарга нь П.Лхагва-Очир  ярьж суух.

Тэрбээр “Орон нутагт хуваарилагдаж буй төсвийн 10 орчим хувь буюу 3.8 тэрбумаар айрагны өргөө барих талаар олон хүн үзэл бодлоо илэрхийлж харагдсан. Гэхдээ энэ бол аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжтой хамгийн зөв хувилбар. Булган нутгийн брэнд бүтээгдэхүүний нэг нь яахын аргагүй айраг. Дотоод, гадаадын жуулчдыг татах цогцолборт газрыг энэ хэмжээний төсвөөр барьж байгааг манай нутгийнхан дэмжиж байгаа. Байршлын хувьд Сайхан, Хутаг-Өндөр, Орхон, Бугат гэх дөрвөн сумын залгаа газар. Тэгэхлээр байршлын хувьд аялал жуулчлалыг хөгжүүлэх хөтөлбөр хэрэгжихэд хамгийн тохиромжтой гэсэн үг. Цаашид хийх ажил мэдээж их бий. Дэд бүтэц, шугам сүлжээ гээд шийдвэрлэх зүйл олон байгаа” гэх тайлбар өгч байсан нь саяхан.

                            АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ САЛБАРЫН ИРЭЭДҮЙ БҮРХЭГ БУЮУ  4.13 ИХ НАЯД АЛДАХ ЭРСДЭЛ

Бодит байдал дээр өнөөдөр эрүүл мэндийн салбар нь сөхөрч, эдийн засаг нь Эрээнээс хамаарч байна. Харамсалтай нь, эрх баригчид  хөшөө л баривал хөлжих юм шиг сэтгэж  татвар төлөгчдийн мөнгөөр “тоглож” байгаа нь ёстой л улсын төсөв уйлдаггүй гэдгийн үлгэр болж буй. Үнэндээ Монголд хөшөө дурсгал багадаагүй. Харин дэд бүтэц л тулгамдсан асуудал болчихоод байна.

Хэдий манай улс арвин баялаг түүхтэй, үзэсгэлэнт газар нутагтай гээд  аялал жуулчлалыг хөгжүүлэх өгөгдлүүд нь байгаа ч  ашиглаж чадалгүй өдийг хүрсэн нь бас л дэд бүтэцтэй холбоотой. Үүний тод жишээ нь Төв аймгийн  Эрдэнэ сумын нутаг дахь Цонжинболдог хэмээх Чингис хааны морьт хөшөө.

Тус цогцолборын ойр хавьд  өөр нүд хужирлах, ядахдаа л тухлах кафе, ариун цэврийн байгууламж байхгүй. Зундаа л тоотой хэдхэн жуулчид, аль эсвал хямд зардлаар аялж буй гадаадын явган жуулчид үзэхээс хэтрэхгүй. Эсрэгээрээ хил залгаа Өвөр Монголд Чингис хааны цогцолборт жилийн 360 хоног жуулчдын хөл тасардаггүй. Яагаад гэвэл ховор нандин түүхийн дурсгал, музей, хөшөө, үйлчилгээний байгууллага бүгд нэг дор төвлөрсөн учраас дэлхийн талыг эзэлсэн Их хааны түүхийг жуулчид Монголоос бус хил залгаа улсаас хайх болсон нь нууц биш. Олон улсын судалгаанаас харахад жуулчид аялах шийдвэрт

  • аялах газрын ариун цэврийн нөхцөл байдал (ариутгал, цэвэрлэгээ) 73.38 хувь
  • тухайн аяллын даатгал /магадгүй эрүүл мэндийн тодорхой үйлчилгээг үнэ төлбөргүй даатгалд хамруулах/ 68.18 хувь
  • тухайн аялах газрын эрүүл мэндийн системийн чанар, тогтолцооны талаарх мэдээлэл 66.56 хувь
  • аялал олон хүнийг хамрахгүй байх нь 51.62 хувиар тус тус чухал гэдгийг онцолсон байна.
  • Харин тухайн аялах улс хол зайнд байх эсэх тийм ч чухал биш буюу 23.58 хувийг эзэлж байна.

Үүнээс харахад наад зах нь ариун цэврийн нөхцөл байдал Монголд хангалтгүй. Жуулчдын хувьд Монголд хээр тал, гол горхи харахаас хэтрэхгүй гэвэл нэг их буруудахгүй. Цаашид аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлд ямар бодлого баримталж буй талаар  Байгаль орчин аялал жуулчлалын яамны өгч буй мэдээллээр түүх соёлд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэх бололтой. Өөрөөр хэлбэл, бас л хөшөө дурсгалд түшиглэх нь. Гэтэл МУИС-ийн Газар зүйн тэнхимийн судалгаагаар 2020 онд Монгол Улсын аялал жуулчлалын салбар 1.2 их наяд төгрөгийн алдагдал хүлээсэн бол цаашид нөхцөл байдал хэвээр үргэлжилбэл 2021-2022 онд 4.13 их наяд төгрөгийн орлого алдах магадлалтай гэх тооцоо бий.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
БурууБуруу
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж