Сурвалжлага: Ерөнхий боловсролын сургуулийн ялгаатай стандарт | News.MN

Сурвалжлага: Ерөнхий боловсролын сургуулийн ялгаатай стандарт

Сурвалжлага: Ерөнхий боловсролын сургуулийн ялгаатай стандарт

Сурвалжлага: Ерөнхий боловсролын сургуулийн ялгаатай стандарт

Улсын төсвөөр хамгийн бага буюу 280 хүүхдийн суудалтай сургууль барихад 3.5-4 тэрбум төгрөг зарцуулдаг. Харин гадаадын хөрөнгө оруулалтаар 10 орчим тэрбум төгрөгөөр нэг цогцолбор сургууль барьдаг. Үнийн дүнгээс нь ялгаатай харагдана.

Чингэлтэй дүүргийн долдугаар хороонд байрлах 149 дүгээр сургууль 2019 онд ашиглалтад орсон. Нийслэлд Япон улсын буцалтгүй тусламжаар барьсан дөрвөн сургуулийн нэг нь энэ. Гэр хороололд байрлалтай энэ сургуулийн сурах орчин өндөр төлбөртэй хувийн сургуулиудаас дутах зүйл алга.

ЯПОН СТАНДАРТААР БАРЬСАН СУРГУУЛЬ

Үүдээр нь ороход багш, сурагчид гутлаа тайлж, углааш өмссөн байв. Сургуулийн давхар бүр хүүхдийн нуруунд тохирсон модон бариултай. Уг бариулын төгсгөлд баррель үсгээр өрөөний дугаарыг тэмдэглэсэн байх аж. Анги танхим нь босгогүй, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд онгойлгоход амар гүйдэг хаалгатай, ангийн самбар нь дор байрладаг, анги бүр угаалтууртай, толь нь налуу байрлалтай байсан нь шууд л нүдэнд тусав.

Нийт 720 хүүхдийн хүчин чадалтай сургууль нь 29 бүлэгтэй. Нэг ангид 25-30 сурагч сурдаг. Тэр дунд хэл ярианы бэрхшээлтэй, аутизмтай, тулгуур эрхтний бэрхшээлтэй дөрвөн хүүхэд суралцаж буй. Цаашдаа хорооныхоо хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг сургуульдаа олноор хамруулах төлөвлөгөөтэй байгаагаа багш нар хэлж байсан юм. Тэд ганцаарчилсан сургалтын төлөвлөгөөгөө гаргаж, дэмжлэгийн баг гарган, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэйгээ ажиллаж байгаа гэв.

Шат, налуу зам, заал, бие засах газар, коридорын шалны хулдаас нь нян бактер үрждэггүй, тоос бага татдаг, халтирдаггүй гэдгээрээ онцлог. Хичээлийн самбар нь шохойгоор бус макраар бичдэг. Давхар проекторын дэлгэц болгож ашигладаг гэнэ.

Хими, физик, биологи, технологи гээд байгалийн ухааны хичээлүүд нь хичээлийн тусгай хэрэглэгдэхүүнтэй учраас сурагчид хичээлдээ маш идэвхтэй оролцдог тухайгаа хэлж байв. Дуу хөгжмийн хичээлээ тусгай зөөврийн тайзтай танхимд хичээллэнэ. Хана нь дуу чимээ нэвтрүүлдэггүй акустик хавтангаар хийсэн бөгөөд ятга, төгөлдөр хуур, морин хуур гээд бүх төрлийн хөгжмийн зэмсэг өрөөстэй харагдана.

149 дүгээр сургуулийн 9в ангийн Б.Саруул-Ухаан:

-Манай сургууль шинээр ашиглалтад орсон. Тохь тухтай орчинтой учраас хичээлээ хийхэд сайхан байдаг. Ангийн найзууд маань ч гэсэн хичээлээ ер тасалдаггүй. Сургуульдаа ирэх их дуртай.

8а ангийн сурагч М.Анударь:

-Хичээлийн хэрэглэгдэхүүн сайтай болохоор хичээл их сонирхолтой санагддаг. Ийм гоё орчинд хичээлээ сайн хийхийг хичээдэг. Миний хувьд англи хэлний хичээлдээ дуртай. Гэр хороолол дунд ийм тухтай орчинтой сургууль баригдсанд маш их баярладаг. Сургуулийнхаа эд зүйлсийг хайрлаад багш нар маань ч гадны гуталтай явдаггүй. Сурагчид бүгд цэвэр цэмцгэр байхыг хичээдэг.

Дизайн технологийн багш Г.Аварзид:

-Манай сургууль хичээлийн тоног төхөөрөмж сайтай. Технологийн хичээлд сурагчдад тусгайлан зориулсан жижиг тоног төхөөрөмж ашигладаг. Сурагчид арын хоёр өрөөнөөс багаж хэрэгслээ аваад хичээлээ хийдэг. Хүүхдүүдийг хөгжүүлэх хичээл учраас хичээлдээ маш идэвхтэй байдаг. Одоо хүүхдүүд түлхүүрийн оосор хийж сурч байна. Технологийн хичээлийг заавал эрэгтэй, эмэгтэй гэж ангилахгүй хүүхдүүдийн сонирхлоор нь заадаг.

"Хүүхдүүд эхэндээ сургуулийн орчинд дасахгүй байсан бол одоо сургуульдаа хандах хандлага, урам зориг нь нэмэгдэж, зөв соёлтой хэрэглээнд суралцаж байна. Эцэг эхчүүдийн хувьд ч сэтгэл хангалуун байдаг. Сургууль маань гамшгаас сэргийлэх үүднээс хоргодох байртай, байгаль орчинд ээлтэй, эрчим хүчний хэмнэлтэй, ногоон байгууламжтай. Бохир усаа дахин боловсруулж саарал ус болгон зүлгээ усалдаг. Мөн сургуулийн орчин конус хэлбэрээр мөлгөр хийсэн нь хүүхдүүдийг бэртэж гэмтэхээс урьдчилан сэргийлсэн" талаар Бага боловсролын сургалтын менежер Ж.Ганчимэг танилцуулав.

Автобусны буудлаас зайдуу учраас нийтийн тээвэр явдаггүй. Тиймээс хоёр ч хүүхдийн автобус өдөрт дөрвөн ээлжээр сурагчдаа зөөдөг байна. Хүйтрэх тусам хүүхдийн тоо нэмэгдэж, 150-170 хүүхэд автобусаар зөөдөг аж.

"14 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ТӨСӨВТ БАРИЛГААС ГАДНА СУРГАЛТЫН ХЭРЭГЛЭГДЭХҮҮН БҮГД БАГТАЖ БУЙ"

149 дүгээр сургуулийн захирал Э.Пүрэвсүрэн:

-Бага, дунд боловсролын байгууллагын барилга байгууламжийг сайжруулах төслийн хүрээнд Япон улсын засгийн газрын буцалтгүй тусламжаар хоёр засгийн газрын хамтын гэрээний дагуу 149 дүгээр сургуулийг гурван жилийн хугацаанд барьсан. Өөрөөр хэлбэл, Японы ард түмний татвар төлсөн мөнгөөр боссон гэсэн үг. Сургуулийн барилга нь хүртээмжтэй загвараар баригдсан. Сургууль доторх бүх зүйл нь багш, сурагч, эцэг эхчүүдэд ойлгомжтой зорчиход ямар нэгэн саад бэрхшээл байхгүй. Тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцах орчныг бүрдүүлж өгснөөрөө онцлог. Барилгын түүхий эдүүд хүний эрүүл мэндэд ээлтэй. Төсөвт өртөг нь 14 орчим тэрбум төгрөг бөгөөд үүнд барилгаас гадна сургалтын хэрэглэгдэхүүн бүгд багтаж буй. Япон зөвлөх инженертэй монгол барилгын компани барьсан.

УЛСЫН ТӨСВӨӨР БАРЬСАН СУРГУУЛЬ

Дараагийн сургууль бол Сонгинохайрхан дүүрэгт байрлах 106 дугаар сургууль. Тус сургууль нь 2008 онд байгуулагдсан бөгөөд шинэ өргөтгөл нь 2020 онд ашиглалтад орсон. Шинэ өргөтгөлийн барилгыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хоёр тэрбум орчим төгрөгөөр барьсан гэдгийг багш нар хэлэв.

"Сургуулийн зүгээс хоёр сургуулийг холбосон хэсгийг хийлгэж, ажлын явцтай байнга танилцаж ажилласан. Манай сургууль онцгой эрсдэлтэй нөхцөл байдал үүсэхэд орц, гарц сайтай. Хөгжлийн бэрхшээлтэй цөөн хүүхэд суралцдаг учраас тусгай ариун цэврийн өрөө гаргасан” талаар Ахлах ангийн сургалтын менежер Д.Баатарсүрэн танилцуулсан юм.

Сургуулийн өргөтгөл зай талбай ихтэй, сурахад тохь тухтай байгаа талаар сурагчид хэлж байв. Сурагчид үүдний хэсэгт гадуур хувцсаа тайлж, ангидаа ордог байна.

Нийгмийн ухааны багш М.Мөнхжаргал "Миний хувьд өөрийн цалингаараа ангиа тохижуулсан. Хүүхдүүд хичээлээ тараад гэр рүүгээ яардаг бус гэрээсээ анги руугаа яардаг болохыг хүсдэг. Анги танхим тохь тухтай байж гэмээн хүүхдийн хичээллэх дур сонирхол нэмэгдэнэ гэж боддог тухайгаа ярьж байв.

Хотын захын гэр хорооллын хоёр сургуулиар ороход ийм орчин угтлаа.

"ТӨСВӨӨР БАРЬЖ БУЙ СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН САНХҮҮЖИЛТИЙГ ХУВААЖ ӨГДӨГ"

Боловсрол, шинжлэх ухааны салбарт 2021 оны улсын төсөвт нийт 354 төсөл арга хэмжээ, 362.2 тэрбум төгрөг санхүүжүүлэхээр тусгажээ. Үүний 112 нь шинэ хөрөнгө оруулалт бөгөөд үүнээс барилга байгууламжийн 64 объект тусгасан байна. Тодруулбал, 18 сургууль, 34 цэцэрлэг, зургаан дотуур байр, хоёр спорт заал, нэг шинжлэх ухааны барилга багтаж буй.

Мөн 2019, 2020 тэрнээс өмнөх онуудад хэрэгжиж он дамжсан барилгууд бий. Нийт 91 сургууль 86 цэцэрлэг, 20 дотуур байр, есөн спорт заал, нэг шинжлэх ухааны барилга гэсэн хөрөнгө оруулалтын ажлуудыг шилжин хэрэгжүүлэхийг салбар яамнаас мэдээллэв.

Гадаадын хөрөнгө оруулалтаар барьсан барилга стандартад нийцдэг. Улсын төсвөөр барьсан барилгын ажил удааширч, чанар аюулгүй байдлын асуудал сөхөгддөг нь нууц биш. Энэ талаар барилгуудын компанийн төлөөллөөс асуухад,

“Манай компани 640 хүүхдийн сургуулийг Төв аймгийн Батсүмбэр суманд барьж буй. Нийт зургаан тэрбум төгрөгийн төсөвтэй барилгын эхний жилийн санхүүжилт нь 600 сая төгрөг. Ноднин хоёр, энэ жил бас хоёр тэрбум төгрөг өгсөн. Үлдсэн мөнгийг нь одоо өгөөгүй байна. Улсын төсвөөр барьж буй сургууль, цэцэрлэгийн санхүүжилтийг ингэж суулгаж байгаа нь хүндрэлтэй байдаг. Тэрнээс биш монгол барилгын компаниуд олон улсын стандартад нийцсэн сургууль, цэцэрлэгийн барилга барих бүрэн боломжтой” гэдгийг “Төсөв төсөл” компанийн захирал Б.Батбаатар хэлж байв.

Улсын хэмжээнд 21 аймаг, есөн дүүргийн төсвийн хөрөнгөөр сургууль, цэцэрлэг, эмнэлэг, соёлын төв, дотуур байр барьж буй 200 гаруй компани нэгдэл байгуулжээ. Нэгдлийн зүгээс барилгын үнийн зөрүүг 2022 оны төсөвт тусгаагүйгээс улсын төсвөөр барьж буй барилгууд зогссон талаар мэдээлж байв.

"ГАДААДЫН ЗЭЭЛ, ТУСЛАМЖААР БАРЬЖ БУЙ СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГ ХЭД ДАХИН НЭМҮҮ ТӨСӨВТЭЙ"

БШУЯ-ны Хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга С.Нансалмаа:

-Цар тахлын үед барилга угсралтын явц их удааширч байна. Нэг талаасаа барилгын материалын хомсдолтой холбоотой бол нөгөө талаасаа барилгын компаниудад ажиллах хүч олдохгүй байгаа учраас өмнөх жилүүдээс хэрэгжиж буй төсөл арга хэмжээний хувьд төсөвт өртгийн нэмэгдэл авах асуудал яригдаж байна. Компаниудын хувьд ч гэсэн ажиллахад бэрхшээлтэй байгаа ч аль болох хугацаандаа барилгаа ашиглалтад өгөх шаардлагатай. Захиалагч талаас аль болох ажлаа шахаж байгаа.

Манай салбарт Японы ЖАЙКА-гийн буцалтгүй тусламж, Хятад, АНУ-ын цэргийн баазын буцалтгүй тусламжаар сургууль цэцэрлэг барьж буй. Мөн хөнгөлөлттэй зээлээр Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй эдийн засгийн хүндрэлтэй үед боловсролын чанарын хүртээмжийг сайжруулах төслийн хүрээнд 23 сургууль, цэцэрлэгийн барилгыг барьж эхэлсэн. Худалдан авах ажиллагаа, тендер шалгаруулалтыг зарласан. Гадаадын төсөл хөтөлбөрүүдээс 2021 онд ашиглалтад орсон хамгийн сүүлийн барилга гэвэл 928 хүүхдийн Хан-Уул дүүргийн 75 дугаар сургууль.

Ер нь гадаадын зээл, тусламжаар хэрэгжиж буй төслүүд улсын төсөв дээр тусгагдаж байгаагаас хэд дахин нэмүү байдаг. Зай талбай, олон улсын стандартын шаардлага гээд зөрүүтэй. Улсын хэмжээнд барьж буй барилга байгууламжид Барилгын хөгжлийн төв хяналт тавьдаг. Орон нутагт хэрэгжиж байгаа төсөл арга хэмжээний хувьд орон нутгийн газрын харилцаа, хот байгуулалтын газар хяналт тавьдаг. Манай салбар яамны хувьд хөрөнгө оруулалтын хэлтэст таван гэрээт инженер ажиллаж, тодорхой хэмжээгээр барилга угсралтын ажилд хяналт тавьж ажилладаг.

Монголд олон улсын стандартын дагуу улсын төсвөөр сургууль, цэцэрлэг барьдаг. Цэцэрлэгийн барилга хоёр давхраас дээшгүй байна. Сургууль гурван давхраас дээшгүй байх. Нэг хүүхдэд ногдох талбайн хэмжээ гэх мэт бүгд стандарттай. Бид стандартаа барьсан зураг төслийн дагуу улсын төсөв дээр суулгадаг.

Гэрэл зургийг Л.ЭНХ-ОРГИЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-11-29 185.220.100.241

! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

ЗОЧИН 2021-11-29 66.181.183.245

ХАНАНЫ ӨНГӨНӨӨС АВХУУЛААД СТАНДАРТЫН ЯЛГАА ХАРАГДАЖ БАЙГАА. ЯГ ЭМНЭЛЭГИЙН ӨНГӨӨР ХАНЫГ БУДСАН БАЙХ ЮМ. СУРГУУЛЬ ГЭЖ ХАРАХААРГҮЙ ЮМ БАЙНА.

Avatar

Зочин 2021-11-29 72.196.192.250

Ta iin togoonii vlger. Ataarhaliin Manan dund huvi yavaa giin tom jishee !

Avatar

Зочин 2021-11-29 109.12.90.208

Наад дарга захирлуудаас болгоомжтой хамаг юмыг нь нааш цааш нь болгочих вий!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж