ХОВСДУУЛСАН НЬ
Аллагын гэрч хэмээгдэн “Шүүхийн зарлан дуудах хуудас” гардаж аваад “шүүх хурал”-д суугаа мэт. Хөшиг нээгдмэгц шүүхийн танхим мэт тайз засал. Шүүгч орж ирж буйг дуулган, бүгдийг босохыг сануулах бөгөөд араас нь өмгөөлөгч, яллагч, гав, гинжтэй сэжигтэн Раскольников цагдаагаар харгалзуулан орж ирэх авай. Эхнээсээ л үзэгчдийг “дарамталж” өөрсдөдөө автуулсан тэд өрнөл, тайлал, төгсгөл хүртлээ үзэгчдийн сэтгэхүйгээр гамгүй наадав. Үүгээр ч зогсохгүй энэ ховсдолтоос нь хэсэгтээ л гарч чадахгүй, гарахыг ч хүссэнгүй. Гэм зэмийн тухай эргэцүүлэл тээсээр…
Хэдэнтээ уншсан ч учир явдлыг нь ухаараагүй гэж Ф.М.Достоевскийн зохиолыг “зүхэж”, сонгодог хэмээн өргөмжилсөнд үл итгэж, ёрын “солиот”-ыг суутан гэж тэргүүн эгнээнд дэвшүүлээд байдгийг гайхах олон хүн дэлхий дээр амьдардаг. Дүгнэлтийн хувьд тийм ч биз. Үгүй ч биз. Түүний “нүсэр” таван романы нэг болох “Гэмт хэрэг ба ял шийтгэл”-ээс сэдэвлэсэн “Гэм зэм” постдрамын жүжгийг энэ өдрүүдэд монголчууд шүүж байна. Хэрэг нь байхад хэрэгтэн нь олдож таараа гэдэг байх аа.
ХАРЦААРАА ЯРИХ ГОЛ ДҮР
“Guyss-666” хамтлагийн гишүүн, жүжигчин Д.Лхагва жүжгийн гол дүр болох Раскольниковыг амилуулжээ. Жүжгийн постер гарсан цагаас хойш хэл ам дагуулсан тэр бодит байдал дээр харин ч нүдээрээ тоглох шиг болов. Голдуу клипээс нь ихэмсэг гоё залуугаар хүлээж авсаар сурсан үзэгчидтэй тэр огт өөр дүрээр уулзаж чадав. Сүүлийн үед тренд болоод байгаа драмын жүжигчид шиг тэр орилохыг урьтал болгосонгүй. Харин ч эсрэгээрээ дотогшоогоо ярьсан Раскольников болсон. Үзэгдлийн оргил хэсэгт галзуу хүн шиг нүд нь гялтганах бол зарим хэсэгт шийдчихсэн алуурчны харц л ийм байдаг болов уу гэмээр аймшигтай болж, өөр нэг хэсэгт ямар ч хиргүй тунгалаг нэгний цөхөрсөн харцаар горьдлого тээн ганцхан удаа аврал эрэн амь гуйн зогсох хүнээс л гарах тийм хачин нүдээр өөдөөс ширтэх нь байж суухад бэрх болгоно. Алуурчны, солиотны, суутны, арчаагүй өрөвдөм нэгний, амьдралыг үзэн ядсан, амь гуйсан тэр л харц түүнийг хангалттай хэн бэ гэдгийг хэлээд өгсөн.
Түүний биеийн хэлэмж, дуу хоолой худлаа байсан харц худлаа хэлсэнгүй.
НАЙРУУЛАГЧ
Жүжгийг Мягмарнарангийн Батболд найруулсан бөгөөд зогсоо зайгүй үзэгчдийн сэтгэл, зүрх рүү довтолж, заримдаа бүр шоглож, бас басамжлах нь дурламаар, дургүй хүрмээр. Найруулагчаасаа өмнө эзэмшсэн мэргэжил болох сэтгэлзүйч талаасаа илүү жүжигтээ ажилласан гэлтэй. Нүсэр тайзгүй, энгийн эрээвэр хураавар зүйлс төдийхөн хэрнээ хүчтэй сэтгэгдэл төрүүлэхүйц. Хүний анхаарлыг юунд хандуулж, бодлыг нь яаж дагуулж, хаана амьсгал авч, гаргахыг хүртэл тооцоолсон гэлтэй. Бидний хэм хэмжээ болсон итгэл үнэмшил, хайр сэтгэл, сэтгэлийн нандин харилцаа, баян хоосны сэтэхүйн ялгааг ямар үнэ цэнтэй болохыг сануулж байгаад юу ч болоогүй юм шиг нулимж орхих төдийгүй нөгөө л үйлийн үр гээч зайлшгүй гэдгийг батална. Түүний хийлгэсэн төмөр карказан тайз дэлгэгдэж, эвхэгдэх тоолондоо шоронгийн хаалга, түгжээг санагдуулам хавиралдах нь цаанаа зэвүүн. Нэг үзэгдлээс нөгөө рүү шилжихэд тайзны заслаа ч нүдэн дээр хийх төдийгүй “Нуугаад, хаагаад байх зүйлгүй ээ. Нүцгэн үнэнтэй танилц” гэсэн шиг түрүүхэн ураад шидсэн цаасыг дараагийн үзэгдлийн дүр аваад халааслангаа цааш явах нь энүүхэнд. Маш хүнд зохиолын санааг энгийнчилж, ойлгомжтой болгохын тулд зарим хэсэгт пантомима буюу үггүй жүжиглэх, биеийн хөдөлгөөнөөр өгүүлэх урлагийг ашигласанд баярлууштай.
ОНЦЛОХ ХӨДӨЛГӨӨН
Шүүх хурлын үеэр ээжийнх нь Раскольниковд бичсэн захидлыг пантомима урлагийг ашиглан унших бөгөөд түүний эхийн дүрд /жүжигчин Г.Урнаа/, дүү Дуняд /залуу жүжигчин Х.Баярмаа/ нар тоглож, дүрээ тун ч чадварлагаар авч гарсан юм. Пантомимаг шүүх хуралд ашигласан нь жүжгийн дүрүүдийн сэтгэлийн дотоод байдал, жүжигчдийн өгүүлэмжийг бат нот нотолно. Ингэхдээ алуурчны өчүүхэн төдий эргэлзээ, сэтгэл зүйн тогтворгүй байдал, түүнээсээ болоод хоолой нь ялимгүй чичирхийлэх зэргийг овжноор шүүрч авах мөрдөгч, яллагч, Мармеладовын охины илүү дутуугүй хөдөлгөөн, алуурчны дүү Дуняд дурласан газрын эзэн Свидригайлов /Ц.Төмөрбаатар/ эв хавгүй хөдөлгөөн, ордны зөвлөх хэргэмтний /Доёо/ эхэмсэг агаад эрээ цээргүй ааш сэлтийг үг ярианаас илүүтэй үйл хөдлөлөөр харуулсан нь жүжгийг чимнэ.
Алуурчны аллага үйлдсэн хэсэгт ч үггүй жүжиглэх урлагийг тун чадмаг ашигласан бөгөөд залуу уран бүтээлч У.Эрдэнэбаяр ганцхан матмал сандлыг ашиглан бүхэл бүтэн аллагын үйл явдлыг зөвхөн хөдөлгөөнөөрөө үзүүлсэн нь үнэхээр үзүүштэй байв. Жеки Чаны кинонд л маш олон давтаж байж ганцхан кадр болон үлдсэнийг харж болох тийм хэцүү хөдөлгөөнийг үй олноор нь үржүүлэн олшруулж, түүнийгээ ганц ч алдаагүй хэдэн минутын турш хийсэн нь түүнийг ямар ур чадвартай вэ гэдгийг гэрчилнэ. У.Эрдэнэбаяр мөн Заметовын дүрийг нэр төртэй гаргаж чадсан бөгөөд Монголын театрын урлагт өдрийн од мэт хөдөлгөөний нарийн мэргэжилтэн болон гарч ирж буйгаа ийнхүү зарлан тунхаглалаа.
ДАГИНА БА ШУЛМАСУУД
Найруулагчийн дүр сонголт сонирхолтой. Хайр татам өхөөрдөм, насанд хүрээгүй ч амьдралын эрхээр биеэ үнэлэгч болсон Сонягийн дүрийг залуу жүжигчин Г.Золзаяа илүү ч үгүй, дутуу ч үгүй яг гаргасан. Бусдын төлөө гэх энхрий, ялдам, эмзэг ариухан охин ямар ч сонголтгүйгээр биеэ үнэлэгч гэгдэж, бусдад адлагдана. Тэр ч бас гол дүрийн адил гэмгүй мэт гэмтэн үү, эсвэл гэмтэн мэт гэмгүй нэгэн үү гэдгийг шүүн тунгаах эрх чөлөөг найруулагч үзэгчдэд үлдээж.
Улсын яллагчид тоглосон жүжигчин Д.Ганцэцэг өр нимгэн бүсгүйгээс өршөөлгүй зандалчин, ааш ялдам, уян налархай нэгнээс харгис догшин, өөрийнх нь өмнө хөндөлссөн хэнийг ч хайр найргүйгээр хэрчин цаашлах хэрцгий прокурорын дүрийг гаргаж чадав. Тэр өөрөөс нь өөр хэн ч түүнд оногдсон дүр, түүний мөн чанарыг гаргаж чадахгүй гэдгийг батлах мэт, өөрийнх нь цаг хугацаа явж буйг илтгэх шиг инээж, бас уйлж, хаяадаа тачаадаж, хашгирч, намуухан үгээ залгиж үзэгдлээ байлдан дагуулсан. Гэхдээ баярлах болоогүй. Би удахгүй араас чинь гүйцээд очлоо гэсэн шиг мөрдөгч Порфирий Петровичийн дүрийг бүтээсэн Б.Одгэрэл түүнээс дутсангүй. Раскольниковыг сэтгэл санааны хувьд хоёр хуваагдсан, эргэлзсэн, тээнэгэлзэх тэр мөчид өөрөө өөртэй нь зөрчилдүүлэн аргадсан, зальдсан, тулгасан, тушаасан, гэнэдүүлсэн бурхны дүрээс шулмас болон хувирахыг харсан хэн боловч нурууны нь шар үс босно.
ЭРЧҮҮД БА П.ЭРДЭНЭЗААН
Төрийн соёрхолт, гавъяат жүжигчин Ц.Төмөрбаатар өөрийн дүрийг асуудалгүй аваад гарч чадсан бол жүжигчин Ш.Доржсүрэн /Доёо/ үзэгчдийн хүлээлтэд төдийлөн хүрсэнгүй. Үзэгчид алмайрахад бэлдээд түүнийг анхааралтай ажигласан ч ондоо хөл дээрээ боссон аятай орж, гарсаар жаахан гонсойлгов. Харин хошин шогоор л төсөөлж, шүүгчээс өөр хэнд л тоглов гэж үл ойшоох маягтай байсан үзэгчдийг П.Эрдэнэзаан суудлаасаа өндийтөл сэтгэлийг нь хөдөлгөж чадав. Ажлаасаа халагдаад архичин болсон Мармеладовын сүүлчийн хундаганы монологийг хэрхэн амилуулж, хэний ч урд нь харж байгаагүй шинэ дүр төрхөөр учран золгоно лээ. “Сүүлчийн хундагаа тогтооё. Анхны хундага нүд ирмэхэд хоосордог. Амьдралын сүүлчийн хундага харин яадгийг харъя. Энэ хундагыг би охиныхоо мөнгөөр авсан юм. Охиныхоо төлөө тогтооё… гэж эхэлсэн түүний үг яван явсаар,
-Ноёд хатагтай нар аа. Нэг зүйл дээр бид ойлголтоо нэгтгэх хэрэгтэй байна. Архи уух бол амьдралын өөр нэг хэв маяг. Уухын учрыг уудаг хүн л ойлгоно. Тархиныхаа судсыг тасдаж, тав арван төгрөгийн араас явлаа гээд хорвоо эцэстээ хорвоо л байдаг. Тийм болохоор уу! Зүтгэснийхээ хэрээр зовлон хураана шүү дээ. Тийм учраас зүгээр л тайвшраад уу! Аз жаргал гэдэг азтай, хүчтэй хүмүүсийн амьдралын хэв маяг. Архичин байх гэдэг нь түүний эсрэг хэв маяг. Хэзээнээс гэдгээ мэдэхгүй ч би ийм л бодолтой амьдарч ирсэн. Ийм бодолтой хүнд ажил төрөл зохихгүй л дээ. Ажилд орохдоо л би халагдахаа мэдэж байдаг. Юуны төлөө ажилладаг вэ гэвэл би уухын төлөө л ажилладаг гэж хэлнэ. Юм үнэнээрээ сайхан…” гэх нь хип хоп үглэлт шиг… Түүний үг, үглэлт үзэгчдийг өөртөө автуулж, ховсдох мэт. Нэг хачин хаос байдалд орсон байх агаад цээж бачимдаж, бушуухан босоод зугтмаар болох вий. Тэр үнэндээ Монголын аавуудын нэгээхэн хэсгийн бодит амьдралыг шууд үзүүлчихнэ лээ. Гараад явсан ч түүний хэлсэн үг чихэнд сонсогдож, өрвийсөн үс, ургасан сахалтай хачин царай нь харагдсаар байх болно.
ХҮҮРНЭЛИЙГ ҮЗЭГДЭЛ БОЛГОГЧИД
-Энэ жүжигт нэг ч эсрэг дүр байхгүй. Учир нь эрхэм Ф.М Достоевский романаа нэг ч эсрэг дүргүй бичсэн юм. Түүний хүн төрөлхтөнд өвлүүлсэн ёс суртахууны үл үзэгдэх хязгаарыг давж гишгэх зүрх зориг бидэнд байсангүй.
жүжгийн зохиолч Я.Баяраа
Байгаа бүх хөрөнгөө цэцэг болгон арай гэж бүсгүйг болзоонд уриад дөнгөж өөрийгөө танилцуулаад сууж байтал нэгэн нөхөр гаднаас орж ирэн бүсгүйг аваад оджээ. Хамаг хөрөнгөөрөө дэнчин тавьсан азгүй эр зохиолч, амраг бүсгүйг нь булаасан эр найруулагч байсан гэдэг. Аливаа зохиолыг нь эхлээд уншсан хэн боловч жүжиг эсвэл киног нь үгүйсгэдэг нь гэм биш зан. Харин энэхүү сонгодог, нүсэр зохиолыг жүжгийн зохиол болгосон зохиолч Я.Баяраа, Э.Бүжинлхам нар энгийнээс энгийн, эгэлгүйгээс эгэлгүй болгосон гэлтэй. Ийм нүсэр романаар энгийн үзэгчдийг аялуулах боломж олгосон тэд өөрсдийгөө тунхаглаж чадлаа.
ТАЙЗ ЗАСАЛ
Тайз заслын хувьд эхэнд дурдсанчлан төмөр карказ байх агаад түүнийг нэг үзэгдлээс нөгөө үзэгдэлд шилжих хэсэг автоматаар өөрчлөхөд гарах эрэг шурга, хөдөлгүүрийн хяхтнасан чимээ цаанаа тавгүйтэм мэдрэмж төрүүлнэ. Нэг үзэгдэл байшин, эсвэл алуурчны умгар оромж, уушийн газар, хаяадаа уул овоо мэт болон хувирах тэрхүү төмөр карказ найруулагч, уран бүтээлчдийн бодож олсон төгс шийдэл гэлтэй. Өдрөөс өдөрт нэгнийхээ нарыг хаан сүндэрлэн буй эмх цэгцгүй, зах замбараагүй өнөөгийн нүүдэлчдийн нийслэлийг эрхгүй санагдуулах энэхүү засал, өөрчлөгдөх тоолонд үзэгчдийн нүднийг өмнө өмнөх үзэгдэлд хэрэг болсон сандал, суудал тэргүүтнийг жүжигчид нь эрээ цээргүй, шалаар чирсээр тайзны ард руу явж одох нь зэвүүцмээр мэдрэмжийг эрхгүй төрүүлнэ. Ийм их сэтгэл зүйн дайралтан дундуур хүн ойлгоход бэрх Ф.М Достоевскийг ямар асуудалгүйгээр тэд тайлбарлан үзүүлэв. 150 жилийн өмнөх зохиолоос хойш дэлхий ертөнц хэрхэн хувьсан өөрчлөгдөж, хөгжин дэвшсэн ч хүн гэх бодгал яг хэвээрээ төдийгүй зарим талаар бүр уруудаж, адгийн шаарнууд болсон төдийгүй нэг нь буг чөтгөр, босоо ороолон, хэн нь бурхан, буянтан юм бэ гэдгийг дахин дахин асуух шиг…
АЛУУРЧНЫ СЭТГЭХҮЙ
Бага насны хүүхдийг… Бузар гаж донтонг цаазаар ав. Эхийгээ зоджээ. Эцгээ гудамжинд хаяжээ… Хүний мөсгүй араатныг хороо. Хүүхдүүд нэгнийгээ… Өөрсдөө ийм л хүн болгож өсгөж, хохь нь… Эцэг, эх нь ямар адгийн шаар вэ?! Сургуулийн багш ахлах ангийн охиныг… Багш нар бүгд л ийм адгийн амьтад. Алаад өг, цаазал, хороо, дүүжил, бууд…
Жигшүүрт хэргийн мэдээнд ийн хариу үйлдэл үзүүлдэг бидний сэтгэхүй алуурчныхаас ялгаатай юу? Аллагын хариуд аллага санал болгох нь адгийн шаараас юугаараа дээр вэ? Хүн алчихсан алуурчны сэтгэхүй алуурчныг алах сэтгэхүй хоёр яг юугаараа өөр гэж?…
Гэм хэнд буй зэмийг түүнд гэдэг ч… Гэмтэнг шүүх эрх нь бидэнд бий бил үү. Шүү хэлэлц, шүүмжил. Гагцхүү бүү ялла.
“Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно…” /Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14/
Холбоотой мэдээ