Яг долоо хоногийн дараа эрх баригч Ардын намын 30 дугаар Их хурал болно. Энэ талаар өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гаригт МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан албан ёсоор мэдээлэл хийхдээ гурван мессеж улс төр, нийгэмд өгсөн нь нэгд, Л.Оюун-Эрдэнийг намын даргаар батламжлах, хоёрт, ардчилал, хүний эрх, эрх чөлөөнд анхаарах, гуравт, авлигатай тэмцэх.
Зуун жилийн үүх, түүхтэй, төрийн бүх эрх мэдлийг гартаа атгасан том намын дарга хэн байх нь улс төрийн анхаарлыг татах гол асуудал мөн. Монголын улс төр, нийгэм, эдийн засагт гарах бүх бодлого шийдвэр цаашдаа хүссэн ч эс хүссэн ч түүнээс хамаарах учраас. Тиймээс Л.Оюун-Эрдэнийг намын даргаар батламжлахаар эрх баригчид нэгэнтээ тохирсон болох нь Д.Амарбаясгалангийн өгсөн “мессеж”-ээс тодорхой байна. Хэдийгээр нэр, зүсийг нь нэрлэж, зааж хэлээгүй ч гэсэн. Түүний Ерөнхий сайдын суудал авахтай зэрэгцээд огцруулах тухай яриа өрнөсөн. Гэвч, Л.Оюун-Эрдэнийн ард нутгийн ахынх нь, Ерөнхийлөгчийн дэмжлэг бий. Тэгээд ч МАН өнгөрсөн сонгуулиудад тогтвортой төртэй байхаа амалсан, зэргээс харвал ямар ч байсан засаг солигдохгүй нь. Засаг солигдохгүй болохоор Л.Оюун-Эрдэнэ бараг зуун хувийн дэмжлэгтэй батлагдах байх, босоо тогтолцоотой нам шүү дээ.
Л.Оюун-Эрдэнийг суудлыг зүүдэлж яваа улстөрчид МАН-д нэг, хоёр байсан байх. Байх гэдэг нь одоо байхгүй гэсэн үг. Учир нь, Л.Оюун-Эрдэнэ аргадахыг нь аргадаж, айлгахыг нь айлгаад авдартаа хийчихсэн. Хэвлэлүүдээр Д.Амарбаясгалан, Д.Сумъяабазар, Г.Занданшатар, тэр ч бүү хэл Сү.Батболд нарын нэрсийг эртнээс тодруулж, санаатай, санамсаргүйн завсарт сэвж байсан ч тэдний зарим нь амбицаа түр хойш татсан байх магадлалтай. Зарим нь тэр тухай зүүдлээ ч үгүй байх.
Харин Д.Амарбаясгалан “Эрх барьж байгаа улс төрийн хүчний хувьд дэвшилтэт бодлогуудыг Их хурлаар танилцуулах”-ад хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, авлигатай тэмцэх асуудлыг багтааснаа дуулгахын зэрэгцээ “ардчилал, хүний эрхийг дээдлэхэд төр, иргэний нийгмийн байгууллагын эрх зүйн орчинг бүрдүүлж, бэхжүүлэхээр мэргэжлийн хуульчид хамтран ажиллаж буйгаа, дундаж давхаргыг олноор бий болгоход авлига, албан тушаалын гэмт хэрэг, хүнд суртал, хариуцлагагүй байдал саад болж байгааг хэвлэлийн хуралдаа дурдсан нь зүгээр нэг үг биш анхааруулга гээд ойлгочиход буруудахгүй биз.
Авчиг, тэрхүү саад болж буй авлига авдаг, албан тушаалын гэмт хэрэгт холбогддог, хүнд суртал, хариуцлагагүй байдал гаргадаг, хүний эрх зөрчдөг хүмүүс нь Ардын намынхан өөрсдөө билээ.
Үндсэндээ МАН-ын Пентхаус өөрөө авлигачдын үүр уурхай болоод удаж байгаа агаад хэрэвзээ Д.Амарбаясгалан болоод түүний нам авлигатай, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэхийг жинхэнээсээ хүсч байгаа бол үүнийгээ намын цагаан байрнаасаа эхлүүлэх ёстой юм, яг үнэндээ.
ХҮНИЙ ЭРХ БА МАН-ЫН ЭРХ
“Тэвчээр тасарлаа” хөдөлгөөний үүсгэн байгуулагч Д.Амартүвшинг Жагсаал цуглааны тухай хууль зөрчсөн гэх үндэслэлээр шүүхээс 500 мянган төгрөгөөр шийтгэжээ. Ард иргэдийнхээ ажил орлогыг бодоод үйлчилгээнийхээ байгууллагын үүд хаалгыг ядахнаа нээчих гэж шаардсаны төлөө шүү дээ. Covid-19-ийн хориг хоёр нүүртэй үйлчилж байгааг, цар тахлаар далимдуулсан дарга нарын дабль стандартыг тэр эсэргүүцсэн. Үүнийхээ төлөө тэрбээр ял шийтгэл хүлээсэн нь энэ. Гэтэл Гамшгийн тухай хууль зөрчиж, "Дижитал үндэстэн" арга хэмжээ зохион байгуулж, олон хүн цуглуулсан Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ ял зэмгүй өнгөрсөн нь үнэн.
Тэрчлэн бусдын амь насыг авто машинаар дайрч хөнөөхийг завдсан МАН-ын хурган даргын хүүхдийн бичлэгийг дэлгэсний төлөө Э.Одбаярын гэр, эмнэлэг, цагдаагаас өөр газарт зорчих эрхийг нь цагдаагаас хязгаарлачхаад байгаа. Д.Монголхүүг талбай дээр акц зохион байгуулсных нь төлөө буруутгасан, баривчилсан. Энэ мэт үзэл бодлоо илэрхийлсэн, жагссан, шүүмжилсэн болгоныг өнөөдөр цагдаагаас дууддаг, айлгадаг болсон нь худлаа биш. Гэтэл ил цагаан бусдын амь насанд заналхийлж суудаг рецидевүүдтэйгээ хариуцлага тооцох нь бүү хэл харин ч тэдний ард Ардын намынхан бий гэж хардагддаг, харагддаг.
Оксфордын их сургуулийн Төрийн удирдлагын Блаватникийн сургуулиас явуулсан Covid-19 цар тахлын үед улс орнуудын хэрэгжүүлсэн хариу арга хэмжээний индекст Монгол Улс 69.91 хувь буюу харьцангуй хатуу арга хэмжээ авсан улсын нэгд багтсан байдаг. Өөрөөр хэлбэл, Гамшгийн тухай хуулийн ард УОК, НОК бодлого шийдвэр нь хүний амьд явах, ажил хийх, сурах, хөдөлмөрлөх эрхийг ноцтойгоор зөрчсөн жишээ цөөнгүй. 2020 онд 22-ын товчоон дээр эмнэлгийн тусламж үйлчилгээ авч чадалгүй амиа алдсан эмэгтэйн үхэл үүний тод жишээ юм. Иймээс л МАН-ынхны Их хурлаараа ярилцах хүний эрх нь хэний эрх вэ гэж асуумаар байна. Хүний эрхийг хэрхэн, яаж зөрчиж байгаагаа МАН хүлээн зөвшөөрсний дараа л хүний эрх, эрх чөлөөг хамгаалах асуудлаа ярих хэрэгтэй юм.
АРДЫН НАМ БА АВЛИГА
2016 онд МАН засгийн эрх авснаас хойш авлигын индексээр Монгол Улс нийтдээ 25 байраар ухарсныг “Транспаренси интернэшнл" байгууллагаас жил болгон авлигын индексээс харчихаж болно. Өнгөрсөн 2020 онд гэхэд Монгол Улс 111 дүгээр байрт бичигджээ.
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст 2021 оны эхний 10 сард авлигын 289 хэрэг бүртгэгджээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 21 буюу 7.8% өссөн үзүүлэлт аж.
Авлигын гэмт хэрэг өмнөх оны мөн үеэс өсөхөд
- Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг 22 (11.6%)-оор
- Хахууль авах гэмт хэрэг 5 (8.9%)-аар
- Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах гэмт хэрэг 4 (5 дахин)-өөр өссөн нь голлон нөлөөлжээ. Товчхондоо бол Ардын намын засаглалын үед авлига өссөн гэсэн үг.
Ардын нам, авлига хоёр нэг зоосны хоёр тал гэхэд бодит байдлаас хол зөрөхгүй. Ямар сайндаа л Ерөнхий сайд хүртэл анд нөхдөө аврах уу, улс орноо бодох уу гэж асуухдаа тулах билээ.
Хуульчлагдсан хулгайн хамгийн сүүлийн бодит жишээ бол Богд Зонховын хөшөө. Төсвийг нь батлаагүй, тендерийг нь зарлаагүй байхад ажил нь аль хэдийнэ явчихсан, гэтэл Монгол Улсын сан хөмрөгийг нь хариуцаж байсан, байгаа МАН-ын хоёр сайд нь мэдээгүй гээд мэлзээд, хяналт тавих ёстой гишүүд нь уншаагүй, хараагүй, дуулаагүй гээд сууж байх жишээний. Шаварт унасан шарын эзэн хүчтэй гэгчээр санаачилсан гишүүдийн нэг Ц.Цэрэнпунцаг “Монголчууд өвдөхөөрөө гандан барааддаг” гээд доромжлоод зогсож байна. Бараг Богд Зонхова нь хүртэл гомдож уйлмаар үйл явдал болоод өнгөрлөө. Баян хүн өөрийнхөө мөнгөөр хөшөөгөө барина уу, нураана уу бидэнд падлий байхгүй. Харин экспорт, импорт нь тэг зогссон, орж ирэх мөнгө байхгүй шахам байхад 32 тэрбумаар хөшөө барих хэмжээний баян улс Монгол биш шүү дээ.
Эл хөшөөг санаачилсан гурван гишүүний хоёр нь Ардын намынх. Оймсондоо доллар, оффистоо авлигаа нуусан, ЖДҮ-ийн хөрөнгийн тэгш хүртээмжтэй хувааж идсэн хүмүүс бүгд Ардын намын "шошготой". Тэгэхээр авлигатай тэмцэхийн тулд Ардын намынхан Ардын намынхантайгаа, эрх баригчид, эрх баригчидтайгаа тэмцэнэ гэсэн үг. Ерөнхий сайд нь журмын нөхдийнхөө авлигатай тэмцэхээ аль эрт зарлачхаад байгаа. Атал журмын нөхөд нь авлигатай тэмцэж чадах болов уу?!
Холбоотой мэдээ