Япон ёс зүй ба монгол амбиц

Хуучирсан мэдээ: 2021.11.29-нд нийтлэгдсэн

Япон ёс зүй ба монгол амбиц

Япон ёс зүй ба монгол амбиц

Сүмогийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал зодог тайлж  буйгаа өнгөрсөн аравдугаар сард зарласан. Түүний хувьд дэвжээний багш болохын тулд 2022 оны наймдугаар сар  хүртэл хамгаалалтад гарч, үзэгчдэд үйлчлэх ёстой. Харин тэрхүү зургийг харсан монголчууд “Цагийг эзэлсэн их аварга Хакүхо М.Даваажаргал Японы сүмо бөхийн бүх амжилтыг эвдчихээд байхад хамгаалагч хийлгэн доромжилж байна” гэж уурсах нь тэр. Харин Япончуудын хувьд энэ  нь өөр утгыг илэрхийлнэ.

Амжилт маруухан жирийн сүмоч, аугаа их аварга байсан ч тамирчны замналаа өндөрлүүлсэн л бол хамгийн доод шатнаас шинэ албандаа зүтгэнэ.

Товчхондоо Сүмогийн ертөнцийг сүүлийн 20 жил байлдан дагуулсан Хакүхо шинэ ажлаа доороос эхэлж байгаа нь энэ. Аргагүй тогтсон ёс заншил зарчимтай улс гэдэг өөр юм. Хэрэв Хакүхо М.Даваажаргал Монголд ирсэн бол түүнийг зүй ёсны шат дамжлагаар явуулалгүй шууд цэргийн цолоор шагнана, улстөрд ухамсаргүйгээр дэмжин албан тушаал, эрх мэдэлд умбуулна. Тэгээд тэр салбар амаараа шороо үмхэнэ.

Өөрөөр хэлбэл, Япон Улс хөгжиж, Монгол Улс уруудаж буй шалтгаан М.Даваажаргалын жишээн  дээр тод харагдав.

УИХ-ын дарга Г.Занданшатар сүүлийн үед “Япон лугаа адил хөгжье” гэх  санал санаачлагыг ихээр хэлж, уриалах болсон.  Тэрбээр МАН-ын 100 жилийн ойн үеэр “Өнгөрсөн 30 жилд Монгол Улсад  үндэсний үйлдвэрлэл уналтад орж, уул уурхайгаас хэт хамааралтай эдийн засагтай, өөр хоорондоо уялдаагүй олон бодлого загварыг гаднаас хуулбарлаж хэрэгжүүлсэн нь тогтолцоо болж төлөвшсөнгүй, идээшиж нутагшсангүй. Тиймээс зуун жилийн тэртээ эх орончдын маань дэвшүүлсэн “Швейцарь лугаа хөгжих” үзэл баримтлалыг ирэх шинэ зуунд “Япон лугаа хөгжье” хэмээн шинэчлэн томьёолмоор байна” гэж мэдэгдсэн.  Тэгвэл эхлээд төрийн дээд албан тушаалтнууд япон хүмүүс шиг хариуцлага хүлээж сурсан цагт бид хөгжих бус уу.

Японд парламентын гишүүн нь эмэгтэй хүн рүү удаан ширтсэн, гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн, иргэдэд буруу мэдээлэл өгснийхөө төлөө гэх мэт нэг л удаа алдаа гаргасан бол ёс зүйн хариуцлага хүлээж огцордог жишиг тогтчихсон. Ийм тохиолдлыг бид олон жишээнээс тодхон харж болно. Тухайлбал,

  • Хамгийн сүүлд гэхэд 2021  оны хоёрдугаар сард Японы олимпийн хорооны дарга Ёширо Мори "Эмэгтэйчүүд хэтэрхий их ярьдаг. Тиймээс эмэгтэй зөвлөлийн дарга нартай уулзахад хэтэрхий их цаг шаардагдана" гэж хэлснийхээ  төлөө олон нийтийн сэтгэл санааг үймүүлсэндээ уучлал хүсч, албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр огцорсон юм.  
  • 2020 онд Японы нийслэл Токио хотын Прокурорын газрын дарга Хирому Курокава мөрийтэй тоглоом тоглосон гэх асуудлаар өөрийн хүсэлтээр  албан тушаалаасаа огцорсон.
  • 2019 онд Японы Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн сайд Сугавара Ишшю  Сонгуулийн хууль зөрчиж Токио хотын оршин суугчдад оршуулгын ёслолд ашигладаг үнэтэй амтат гуа, наймаалж  бэлэглэсэн учраас өөрийн хүсэлтээр огцорсон.
  • 2019 онд Японы Засгийн газрын сайд Ёшитака Сакурада “Гамшигт нэрвэгдсэн бүс нутгийг сэргээн завсварлахаас илүүтэй тус бүс нутгаас сонгогдсон гишүүдийг дэмжих хэрэгтэй” гэж хэлснийхээ төлөө  мөн өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа огцорч байв.

Гэтэл Монголд  бүх юм эсрэгээрээ. УИХ-ын гишүүн нь согтуугаар жолоо барих, хүчингийн асуудалд холбогдож, ЖДҮ-ээс олноороо зээл авсан зэрэг асуудал өнөөдөр ч хуулийн байгууллагаар эцэслэгдээгүй. Гишүүд нь худлаа хэлснийхээ төлөө, хулгай хийснийхээ төлөө хариуцлага хүлээдэггүй, хариуцлагагүй байдлаар нь жагсаадаг бол Монгол Улс  тэргүүлнэ үү гэхээр сүүлдэхгүй.  Монгол Улсын хөгжил дорой, ядуу амьдарч байгаа нь дан ганц эрх баригчдаас хамаарахгүй.  Нөгөөтэйгүүр иргэд бид  нийгмийн харилцаанд оролцохдоо дүрэм журмыг баримталж, ёс зүй сахиж чаддаг бил үү гэх асуулт гарч ирнэ.  Автобусны хаалгаар орохдоо бие биеэсээ урьтаж шахцалдан дайрч орно. Гудамжаар алхахдаа тамхи татаж, ардаа  алхаж буй хүмүүсээ утаагаар утна.

Ерөнхийдөө өнөөдөр монгол хүний шүтдэг хамгийн гол үзэл нь амиа хичээх болжээ. Амиа хичээх үзэлтэй хүнд ёс зүй байдаггүй гэх үг бий.

Харин  япончуудын хувьд хүн бүр өөрт оногдсон үүргээ хариуцлагатай биелүүлж, чин сэтгэлээсээ хандсанаар бүх зүйл зохих байрандаа байна гэж  үздэг. Үүрэг хариуцлага гэдгийг хэн нэгнээс өгсөн даалга­вар гэж тэд үздэггүй. Энэ нь Наран мандах улсын хөгжлийн гол түлхүүр гэдэгтэй маргах хүн байхгүй биз.

Академич, МУИС-ийн профессор С.Нарангэрэл "Монголчууд өөрөө өөрсдийгөө ч танихгүй болтлоо ёс суртахууны хувьд ялзарсан" гэдгийг онцолж байсан удаатай. Тодруулбал, тэрбээр  “Өнөөдөр Монголын нийгэмд бүх хүрээнд шударга бус үйлдэл гаарсан. Монголчууд яагаад өөрөө өөрсдийгөө ч танихгүй болтлоо ёс суртахууны хувьд ялзарч, доройтож, буурав гэдэг нь сонин. Үүнийг шинжлэх ухааны үүднээс зайлшгүй тайлбарлах шаардлага гарсан. Муухайгаар хэлбэл, монголчууд бид энэ хорвоо ертөнцийн хамгийн ёс суртахуунгүй ард түмэн болсон. Өнөөдөр шударга байх зарчим алдагдсан. Эдийн засгийн үүднээс шударга байна гэдгийг бол хуваарилалт гэдэг үг тохирох байх. Шударга ёс тогтоохын тулд шударга бус үйл үйлдсэн этгээдэд тодорхой хариуцлага хүлээлгэж, шийтгэл оногдуулж, хохирлыг нь барагдуулах учиртай. Төрийн албан хаагчид, улстөрчид шуналаа татаагүй цагт ёс суртахуунлаг нийгэм тогтохгүй. Шударга ёсыг тогтооход эр зориг маш чухал. Эр зориггүйгээр шударга ёс тогтоогдоно гэж байхгүй. Эр зориг байхгүй бол аймхай, амаа хамхисан, цаагуураа хов живд хөтлөгдсөн нийгэм болж хувирдаг.  Монголын нийгэм үндсэндээ иймэрхүү байдал руу орсон” гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
49
ЗөвЗөв
5
ХарамсалтайХарамсалтай
4
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж