Маршаллын арлууд нь хэдэн арван жилийн турш АНУ-ын тууштай холбоотон байсаар ирсэн. Номхон далайн төв хэсэг дэх энэ арлын байрлал нь АНУ-ын армийн стратегийн гол цэг юм.
“Чөлөөт холбооны гэрээ”-ний асуудлаар Вашингтонтой маргаантай байгаа явдал нь АНУ ба Маршаллын арлууд хоорондын харилцаанд нэг төрлийн шалгуур болоод байна. АНУ нь 1940, 1950 -иад онд явуулсан олон арван цөмийн туршилтын улмаас Маршаллын арлуудад учруулсан байгаль орчин, ард иргэдийн эрүүл мэндийн хохирлын төлөөх нэхэмжлэлээс татгалзаад байгаа юм.
Энэхүү маргаан нь Америк, Хятад хоёр их гүрний хоорондын геополитикийн ноёрхлын төлөөх өрсөлдөөнийг улам хурцатгаж болзошгүй гэж АНУ-ын хууль тогтоогчид үзэж байна.
Дэлхийн II дайнаас хойш АНУ Маршаллын арлуудыг Микронез, Палау зэрэг газруудын нэгэн адил эдийн засгийн хувьд дэмжсээр ирсэн. Маршаллын арлууд дээр Хятад улс онцгой идэвхтэй байдаг тодорхой бүс нутаг дээр АНУ цэрэг, тагнуулын болон сансарын байгууламжаа байгуулсан юм. Үүнийхээ хариуд АНУ нь мөнгө, ажлын байр зэргээр Маршаллын арлуудын эдийн засагт хувь нэмрээ оруулсан. Мөн маршалчууд АНУ-д ажиллаж, амьдрах боломжийг ашиглан Арканзас, Хавай, Оклахома руу хэдэн мянгаараа нүүж ирсэн аж.
1980-аад онд АНУ-тай тохиролцсоны үндсэн дээр олгосон 150 сая ам.долларын нөхөн төлбөрийг хангалтгүй байсан гэж Маршаллын арлуудын Ронгелап атолл хотын дарга Жеймс Матаёоши хэлсэн байна. Түүний ээж нь цөмийн дэлбэрэлт болох үед жирэмсэн байсан бөгөөд амьгүй хүүхдээ төрүүлэхээс өмнө рентген туяатай тэнцэх цацрагт хордсон байсан гэв.
Гэвч энэ тал дээр АНУ-ын байр суурь 20 гаруй жилийн турш тогтвортой хэвээр байгаа бөгөөд цөмийн нөхөн төлбөрийг "бүрэн бөгөөд эцсийн байдлаар" шийдсэн тул дахин авч хэлэлцэх боломжгүй гэж үзэж байна. Нөгөө талаар цөмийн туршилтынхаа улмаас байгаль орчинд учруулсан хохирлоо нөхөн сэргээх хариуцлагаа АНУ хүлээх ёстой гэж Хятадын гадаад хэргийн яам үзэж байгаа юм.
Эх сурвалж: news.yahoo.com
Холбоотой мэдээ