Халдварлах чадвараар илүү өндөр цар тахлын шинэ омикрон хувилбар Өмнөд Африкт батлагдаад хэдхэн хоносны дараагаар буюу Бямба гаригаас эхлэн Европын орнуудад бүртгэгдэж эхлэв. Англи улсад хоёр шинэ тохиолдол бүртгэгдсэнээр амны хаалт зүүх болон гадаад улсаас ирэгсдээс шинжилгээ авах тухай журмаа чангатгалаа. Герман, Итали, Бельги, Израйль, Хонгконг зэрэг орнуудад аялагчдаас шинэ тохиолдол илэрсэн байна.
АНУ-ын засгийн газрын халдварт өвчний шилдэг мэргэжилтэн доктор Энтони Фаучи хэлэхдээ омикрон вирус Америкт аль хэдийн тархсан байвал гайхах зүйлгүй гэжээ.
Энэхүү шинэ хувилбар нь вакцины хамгаалалтад илүү тэсвэртэй байж болзошгүй гэсэн болгоомжлолын улмаас цар тахал болон хөл хорио санаснаас илүү удаан хугацаанд үргэлжлэх төлөвтэй байгаа тухай дэлхий дахинд яригдаж байна. Дэлхий даяар таван сая гаруй хүний аминд хүрсэн цар тахал эхлээд бараг хоёр жил болж байгаа тул улс орнууд өндөржүүлсэн бэлэн байдалд байна.
Омикрон нь дельта хувилбараас халдварлах чадвараар илүү эсэхэд үнэлгээ хийхийн тулд олон орнууд Өмнөд Африкаас нислэг хүлээж авахаа зогсоогоод байна.
Английн ерөнхий сайд Борис Жонсон мэдэгдэхдээ, “Англид ирж буй хэн бүхэн ирснээсээ хоёр хоногийн дараа PCR шинжилгээ өгч, сөрөг хариу нь батлагдтал өөрийгөө тусгаарлах шаардлагатай. Хэрвээ шинжилгээний хариу эерэг гарвал тухайн хүний ойрын хавьталууд нь вакцинжуулалтын байдлаас үл хамааран өөрийгөө 10 хоног тусгаарлах шаардлагатай гэв.
Мөн тэрбээр ард иргэдийг дэлгүүр, нийтийн тээврийн хэрэгсэл дотор амны хаалтаа зүүхийг шаардсан ба, эрдэмтдээс Английн засгийн газарт цар тахлын эсрэг вакциныг нэвтрүүлэх талаар зөвлөгөө өгч, вакцинжуулалтын хөтөлбөрийг түргэсгэхийг хүссэн байна. Англид илэрсэн хоёр шинэ тохиолдол нь хоёулаа өмнөд Африкаас ирсэн хүмүүс бөгөөд нэг нь Брентвуд хотод, нөгөө нь Ноттингем хотод гэр бүлийн хамт өөрсдийгөө тусгаарлаж байгаа юм.
Британийн засгийн газар Ням гаригаас эхлэн тус улсын аялал жуулчлалын улаан жагсаалтад Ангол, Малави, Мозамбик, Замби гэсэн дөрвөн улсыг нэмж оруулжээ. Дараа нь Баасан гаригт Ботсвана, Эсватини (хуучин Свазиланд), Лесото, Намиби, Өмнөд Африк, Зимбабве улсуудыг жагсаалтдаа нэмсэн байна. Эдгээр орноос ирж буй хүн бүхэн хорио цээрийн дэглэмийг дагах ёстой гэсэн үг юм.
Австрали, Бразил, Канад, Европын холбоо, Иран, Япон, Шинэ Зеланд, Тайланд, АНУ зэрэг олон улс сүүлийн хэд хоногийн хугацаанд Өмнөд Африкийн орнуудаас нислэг хүлээж авахаа зогсоогоод байна. Энэ нь шинэ хувилбарын талаар сайтар судлахаас урьтаж хэт сүржин хариу үйлдэл үзүүлэхгүй байх тухай Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжтэй зөрчилдөж байгаа юм.
Итали, Герман улсууд омикрон хувилбарын батлагдсан тохиолдлыг хамгийн сүүлд мэдээллээд байна. Мозамбик руу ажлаар явсан итали эр арваннэгдүгээр сарын 11-нд Ромд газардаж, Неаполь хотын ойролцоох гэртээ буцаж иржээ. Тэрбээр хоёр тун вакциндаа хамрагдсан байсан боловч түүний гэр бүлийн гишүүн таван хүний шинжилгээний хариу бүгд эерэг гарчээ. Одоогоор бүгд харьцангуй биеийн байдал сайн, хөнгөн шинж тэмдэгтэйгээр Неаполь хотын Касертад тусгаарлагдаад байна.
Германд Мюнхенд төвтэй Макс фон Петтенкофер хүрээлэнгийн микробиологийн төвөөс энэ сарын 24-нд Өмнөд Африкаас онгоцоор ирсэн хоёр аялагчаас омикрон хувилбар батлагдсан гэж тус хүрээлэнгийн тэргүүн Оливер Кеплер геном мэдэгджээ. Энэ нь шинэ хувилбар яг мөн эсэхийг тодорхойлохын тулд эрэмбэ дараалалтайгаар шинжилгээ хийж байгаа ба, одоогоор нийт 61 хүн шинжилгээнд хамрагдаад байна гэв.
Израйль улсын хувьд Өмнөд Африкаас ирсэн 800 аялагчийг хайж байгаа бол Австрали улс мөн Өмнөд Африкаас ирснийхээ дараа шинжилгээ өгөөд эерэг гарсан хоёр тохиолдлыг омикрон хувилбар мөн эсэхийг тодруулахаар ажиллаж байгаа юм байна.
Эх сурвалж: news.yahoo.com
Холбоотой мэдээ