ОХУ-ын шүүхээс Сибирийн нүүрсний уурхайд болсон аймшигт дэлбэрэлтийн улмаас олон арван хүний амь нас хохирсон. Уг хэрэгт холбогдох таван хүнийг мөрдөн байцаах үйл ажиллагаа дуустал хоёр сарын хугацаанд баривчлах шийдвэр гаргажээ.
ОХУ-ын баруун өмнөд хэсэгт орших Сибирийн Кемерово муж дахь Листвяжная уурхайд Пүрэв гаригт метан хий дэлбэрсний улмаас 46 уурхайчин, таван аврагч буюу нийт 51 хүн амиа алдсан хэрэг гарлаа. Эмгэнэлт явдал нь Орос улсад 2010 оноос хойш хамгийн олон хүний амь эрсэдсэн хэрэг болов.
Кемерово хотын төв дүүргийн шүүхээс Листвяжная уурхайн захирал Сергей Махраков, түүний орлогч Андрей Молоствов, хэсгийн ахлагч Сергей Герасименок нарыг хорих шийдвэр гаргажээ. Тэдэнд аюултай байгууламж дотор мөрдөх үйлдвэрлэлийн аюулгүй байдлын журмыг зөрчин олон арван хүний амь насыг хохироосон хэргээр ял тулгасан байна. Хэрвээ тэдний гэм буруутай нь тогтоогдвол долоо хүртэлх жилийн ялаар шийтгүүлэх юм.
ОХУ-ын технологи, экологийн хяналтын Ростехнадзор дахь салбарын албан тушаалтнууд болох Сергей Винокуров, Вячеслав Семыкин нарыг мөн ажил үүрэгтээ хайхрамжгүй хандсаны улмаас хоёр ба түүнээс дээш хүний амь насыг хохироосон гэж буруутган хоёр сарын хугацаатай баривчлах шийдвэр гаргаад байгаа аж.
Хууль сахиулах байгууллагын мэдэгдэж буйгаар, уурхайд метаны агууламж өндөр байгаа талаар уурхайчид гомдол гаргаж байсан гэв. Тухайн үедээ эрх баригчид уурхайн тодорхой хэсгүүдийн ажлыг есөн удаа зогсоож, аюулгүй ажиллагааны зөрчил гаргасан үндэслэлээр дөрвөн сая гаруй рублийн торгууль ногдуулж байсан талаар Оросын шилдэг мэдээллийн сайт "Медуза" мэдээлж байв.
Уурхайг асар хурдан хугацаанд хорт утаагаар дүүргэсэн энэхүү дэлбэрэлт болох үед буюу Пүрэв гаригийн өглөө Листвяжная уурхайд нийт 285 уурхайчин байжээ. Дэлбэрэлт болсны дараа нийт 239 хүнийг аварч, 60 гаруй хүн янз бүрийн гэмтэл авч эмнэлгийн тусламж хүссэн байна.
Уурхайн алслагдсан хэсэгт байсан бусад нөхдөө хайж байгаад 11 уурхайчин болон гурван аврагч нас баржээ. Метан болон нүүрстөрөгчийн дутуу ислийн хий хуримтлагдсаны улмаас аврагчид хэдэн цагийн турш аврах үйл ажиллагаагаа явуулж чадаагүй ба энэ хооронд 35 уурхайчин уурхайд гацсан байдалтай хэвээр байв.
Дахин гурван аврагч сураггүй алга болсныг гацсан уурхайчдын хамт нас барсан гэж таамаглаж байна. Гэхдээ Баасан гаригийн өглөө эрлийн багийнхан уурхайгаас нэг аврагчийг эсэн мэнд олжээ. Тэрбээр гүн цочролд орсон байсан ба нүүрстөрөгчийн дутуу ислийн дунд зэргийн хордлого авсан тул эмнэлэгт эмчлүүлж байна. Энэхүү тохиолдлыг албаныхан гайхамшиг гэж нэрлэсэн бөгөөд ийм нөхцөлд хүн амьд үлдэх магадлал тун бага гэж мэдэгджээ.
Кемеровогийн захирагч Сергей Цивилёв Бямба гаригт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн тухай мэдэгдээд “Бид хүн бүрийг уурхайгаас гаргаж авах хэрэгтэй” гэжээ. Бидэнд ганц ч хүнийг алдах эрх байхгүй гэж тэрбээр телеграмдаа бичсэн байна. Эрлийн баг дахин таван уурхайчны цогцсыг Бямба гаригийн орой гаргажээ.
Эх сурвалж: news.yahoo.com
Холбоотой мэдээ