Соломоны арлууд улсын нийслэл Хониара дахь Хятад хорооллын нэгэн шатсан барилгаас гурван цогцос олдлоо. Энэ нь гурван өдөр үргэлжилж, 100 гаруй хүн баривчлагдсан улангассан жагсаалын дараах анхны нас баралт бүртгэгдэж буй тохиолдол юм.
Цагдаа нар тэдний нас баралтын шалтгаан болон хэн болохыг нь тогтоохоор ажиллаж байгаа аж. Одоогоор тодорхой мэдээлэл өгөх боломжгүй байна гэж Соломоны арлуудын цагдаагийн хэвлэл мэдээллийн ажилтан Десмонд Рэйв CNN-д мэдэгджээ.
Хониара хотод Лхагва гаригт жагсагчид Ерөнхий сайд Манассе Согаварег огцрохыг шаардаж, дэлгүүр болон аж ахуйн нэгжүүд рүү түрэмгийлэн дайрч шатаасан явдлыг аюулгүй байдлынхан зогсоож чадаагүй аж.
Жагсагчдын ихэнх нь Тайваньтай дипломат харилцаагаа тасалж, Хятадтай албан ёсны харилцаа тогтоох тухай Соломон арлууд улсын засгийн газрын 2019 оны шийдвэрт шүүмжлэлтэй ханддаг Малайта мужаас ирсэн байна. Тэд засгийн газраас Хятадтай харилцаагаа таслах, Малайтагийн ард иргэдийн өөрийгөө тодорхойлох эрхийг хүндэтгэх, муж дахь хөгжлийн төслүүдийг үргэлжлүүлэхийг уриалжээ.
Цагдаа нарын зүгээс үймээн дэгдээгчдийг барилга байшин шатааж, дээрэмдэхээ зогсоо, үгүй бол баривчлах болно гэж анхааруулсан байна. Өнгөрөгч Бямба гаригийн байдлаар 100 гаруй хүн баривчлагдаад байгаа юм.
Орон нутгийн цагдаа нарт хүч нэмэгдүүлэхээр Австралийн батлан хамгаалах хүчний цэргүүд Баасан гаригт Хониара хотод ирсэн байна. Хониара дахь Франц пресс агентлагаас мэдээлснээр, Ерөнхий сайдын ордон халдагад өртөж, хотын томоохон хэсэг үнс нурам болсны дараа буюу гурав дахь шөнө нь тэд ирсэн гэжээ.
Папуа шинэ Гвиней улсын зүгээс Номхон далайн орнуудын хүсэлтээр аюулгүй байдлын багаа Соломоны арлууд руу илгээлээ гэж тус улсын ерөнхий сайд Жэймс Марапе мэдэгдэв. Соломоны арлуудын засгийн газар шөнийн цагаар буюу оройны 19:00 цагаас өглөөний 06:00 цаг хүртэл хөл хорио тогтоож, бүх төрийн албан хаагчдыг гэртээ байхыг зөвлөсөн байна.
Эх сурвалж: edition.cnn.com
Холбоотой мэдээ