Тойм: АИ-92 шатахууны үнийг сүүлийн 6 сарын дундаж өртгөөр тооцоолно

Хуучирсан мэдээ: 2021.11.28-нд нийтлэгдсэн

Тойм: АИ-92 шатахууны үнийг сүүлийн 6 сарын дундаж өртгөөр тооцоолно

Ньюс агентлаг энэ долоо хоногийн онцлох үйл явдлыг тоймлон хүргэж байна.


ТӨСВӨӨ УНШААГҮЙ ГИШҮҮД БА "ТӨРЛӨӨ ОЛООГҮЙ" ХӨШӨӨ

Богд Зонховагийн хөшөөг 32 тэрбумаар барихаар ирэх оны төсөвт суулгасан асуудал өндрөө авч, олон нийтийн шүүмжлэл эсэргүүцэлтэй тулгарсан. Уг хөшөөг анх 5.5 тэрбумаар барихаар төлөвлөж, энэ оны төсөвт суулгасан бөгөөд Чингэлтэй дүүргийн Тасганы овоон дээр барих ажлыг аль хэдийнэ эхлүүлжээ. 

Цар тахлаас болж эрүүл мэнд, эдийн засгийн гамшиг нүүрлэж, экспорт, импорт тэг зогсолт хийсэн үед татвар төлөгчдийн мөнгөөр хөшөө, дурсгал барьж эхэлсэнд иргэд бухимдалтай байгаа билээ. Энэ асуудал өндрөө авч, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар нэр бүхий гурван гишүүний саналаар Богд Зонховагийн хөшөөг барихаар болсон талаар жиргэсэн. Тэрхүү гурван гишүүний нэр хэвлэлээр ил тод болоод байгаа бөгөөд УИХ-ын дарга Г.Занданшатар, Ц.Анандбазар, П.Цэрэнпунцаг нар санаачилж УИХ-аар дэмжүүлжээ.  

Бурханы хөшөөг 32 тэрбумаар барихаар болсон талаар гишүүд тайлбар хийхдээ, "Төсөвт ийм бүтээн байгуулалт орж ирснийг мэдээгүй" гэсэн нь УИХ-ын гишүүд маань улсын төсөвт хэрхэн хандаггийн тод жишээ юм. Энэ талаар Соёлын сайд Ч.Номин өнгөрөгч Даваа гаригт өөрийн цахим хуудаснаа тайлбар бичихдээ "Түүх, шашны соёлыг дэлгэрүүлэх "Богд Зонхова" цогцолборын төсөл намайг Соёлын сайдаар томилогдохоос өмнө эхэлсэн төсөл юм. Анх Соёлын яам энэ цогцолборыг барих, эхлүүлэх санаачилга гаргаагүй, өнгөрсөн хугацаанд энэ төсөлд нэг ч төгрөг зарцуулаагүй болно. Энэ хөрөнгө оруулалтыг цаг үеэ олоогүй гэж үзэж байгаа учраас Соёлын сайдын хувьд “Богд зонхова” цогцолборын төсөлд хөрөнгө зарцуулахгүй болохоо үүгээр мэдэгдэж байна" гэв.

АИ-92 ШАТАХУУНЫ ҮНИЙГ СҮҮЛИЙН 6 САРЫН ДУНДАЖ ӨРТГӨӨР ТООЦООЛНО

Үнийн зөвлөл арваннэгдүгээр сарын 22-нд хуралдаж, шатахууны үнэ чөлөөлөх шийдвэрийг гаргасан. Энэ талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдал сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө "Бидний хувьд шатахууны үнээ Сингапурын зах зээл дээрх газрын тосны үнэтэй шууд уялдуулж, тогтоодог. Иймд гадаад зах зээлд газрын тосны бүтээгдэхүүний үнэ өсвөл шатахууны үнэ огцом нэмэгдэх эрсдэл үүсдэг. Тэгвэл үүнээс хойш үнийг төр, аж ахуй нэгж оролцохгүйгээр зах зээлийн хуулиар автоматаар тогтоодог систем рүү шилжиж байгаа юм. АИ-92 шатахууны жижиглэнгийн үнийг огцом хэлбэлзэлгүйгээр зах зээлийн горимд аажмаар шилжүүлэх бодлогыг баримтлан ажиллана гэсэн зөвлөмж гарсан.

Мөн Засгийн газрын 2021 оны 311 дүгээр тогтоолд заасны дагуу газрын тосны бүтээгдэхүүний бөөний худалдаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн 2022 оны компанийн нөөцийг бүтээгдэхүүн нэр төрөл, тоо хэмжээгээр бүрдүүлэхэд шаардлагатай хөрөнгийг бага хүүтэй эх үүсвэрээс санхүүжүүлэх асууддыг Монголбанктай хамтран шийдвэрлэх, холбогдох журмаа шинэчлэх, зах зээлийн бодит байдал, үнийн мэдээллийг олон нийтэд сурталчлах зөвлөмжийг гаргасан. Хамгийн гол нь АИ-92 шатахууны үнэ зах зээлийн горимд шилжих ёстой. Дэлхийн олон оронд сайн жишиг болсон зургаан сарын дундаж өртгөөр үнийг тооцоолж, автомат үнийн аргачлал руу шилжихээр боллоо" гэсэн юм.

ЗГ: III ТУНГИЙН ХАМРАГДАЛТ 50 ХУВЬД ХҮРВЭЛ ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛЬ ТАНХИМААР ХИЧЭЭЛЛЭНЭ

Засгийн газрын Лхагва гаригийн ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулсан. Тодруулбал, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ вакцины гуравдугаар тунгийн хамрагдалт 50 хувьд хүрэх юм бол бүх шатны боловсролын байгууллагыг танхимаар хичээлүүлж,  2-3 настнуудыг цэцэрлэгт хамруулах ажлыг зохион байгуулах чиглэлийг өгчээ.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд:
-Тухайлбал, Израйль улс нийт хүн амынхаа 30 хувийг гуравдугаар тунд хамруулснаар халдварын тохиолдол 80 хувиар буурсан. Их Британи улс гэхэд хүн амынхаа 20 хувийг хамруулснаар тохиолдлын тоо арван хувиар буурсан. Эрүүл мэндийн байгууллага 9-10 сард халдварын дараагийн давалгаа ирнэ гэдгийг тооцоолж, наймдугаар сарын 16-наас эхлэн вакцинжуулалтын гуравдугаар тунг иргэдэд хийж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар гуравдугаар тунд 589 мянган иргэн хамрагдаад байна. Энэ нь зорилтот бүлгийн 28 хувь. Зорилтот бүлгийн 50 хувь гуравдугаар тунд хамрагдвал шар түвшин рүү шилжих боломжтой. Үүнийг дагаад хориглосон арга хэмжээнүүд цуцлагдана гэсэн үг. Ерөнхий боловсролын сургууль, 2-3 насны хүүхдүүдийг цэцэрлэгт авах боломж бүрдэнэ. Энэ талаар Боловсрол, шинжлэх ухааны сайдтай тохиролцож, ярилцсан.
С.МӨНХНАСАН ИНЕГ-ЫН ДАРГЫГ ТҮР ОРЛОНО

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын түр орлон гүйцэтгэгчээр С.Мөнхнасанг томилов. Тэрбээр өмнө нь Зам, тээврийн хөгжлийн яамны Агаарын бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн даргаар ажиллаж байсан билээ.

ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн эрүүл мэндийн шалтгааны улмаас өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгснийг Засгийн газрын ээлжит хуралдаанаар энэ оны наймдугаар сард хэлэлцэн шийдвэрлэж, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Тиймээс ИНЕГ-ын дараагийн дарга хэн байх нь олны анхаарлын төвд байв.

МАН ИХ ХУРЛААРАА ДАРГАА БАТАЛЖ, ХҮНИЙ ЭРХИЙН ЗӨРЧИЛД АНХААРНА

Монгол Ардын намаас арваннэгдүгээр сарын 25-нд намын 30 дугаар их хурлын талаар мэдээлэл хийв.


МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан:

-Ардчилал хүний эрх, эрх чөлөөнд халтай олон үйлдлийг таслаж зогсоож, нийгмийн чинээлэг дундаж давхаргыг бий болгохыг МАН зорьж байна. Арванхоёрдугаар сарын 6-7-нд болох МАН-ын 30 дугаар Их хурлаар намын даргыг сонгох, хяналтын ерөнхий хороог байгуулахаас гадна хүний эрхийн асуудлыг голлон анхаарч хэлэлцэхээр болсон. МАН эрх барьж байгаа улс төрийн хүчний хувьд дэвшилтэт бодлогуудыг тус ээлжит хурлаар танилцуулна. Цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх шинэ сэргэлтийн бодлогыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ намын Их хурлын төлөөлөгчид, олон нийтэд танилцуулахаар зорьж байна. Мөн нийгэмд тулгамдаад байгаа асуудлыг судалгааны үндсэн дээр гаргаж ирсэн. Дундаж давхаргыг олноор бий болгох хүсэл зориг ихээхэн байна гэж харж байгаа. Энэ нөхцөлд хүрэхэд саад болж байгаа зүйл бол авлига, албан тушаалын гэмт хэрэг, хүнд суртал, хариуцлагагүй байдал байсаар байна.

Тиймээс сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгасны дагуу шүүхийн бие даасан байдлыг хангах, шүүхэд итгэх иргэдийн итгэлийг сэргээх, ардчилсан хүний эрхийг дээдлэхэд төр, иргэний нийгмийн байгууллагын эрх зүйн орчинг бүрдүүлж, бэхжүүлэхээр мэргэжлийн хуульчид хамтран ажиллаж байна. Мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах хүрээнд бид цаашид тууштай ажиллах болно.

ЧУУЛГАН: ШЕЗ-ИЙН ШҮҮГЧ БУС ДӨРВӨН ГИШҮҮН ТОМИЛОГДОВ

УИХ-аас Шүүхийн Ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүд томилох асуудлыг Пүрэв гаригт хэлэлцэв. ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнд Н.Отгончимэг, Д.Эрдэнэчимэг, Н.Баасанжав, Р.Онончимэг, Н.Мөнгөнцэцэг нар нэр дэвшсэн. Шүүхийн сахилгын хороо, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүний сонгон шалгаруулалтын томилгоог УИХ арваннэгдүгээр сарын 18-нд хэлэлцсэн. Улмаар УИХ дахь АН-ын бүлэг ШЕЗ-ийн шүүгч бус гишүүд томилох асуудлаар тав хоногийн завсарлага авсан юм.

Шүүхийн Ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд Н.Отгончимэг, Н.Баасанжав,Р.Онончимэг, Н.Мөнгөнцэцэг нарыг томилохыг 49 гишүүдийн олонх нь дэмжлээ. Харин нэр дэвшигч Д.Эрдэнэчимэгийг томилохыг 49 гишүүнээс 28 нь дэмжсэнгүй. Тиймээс байнгын хороон дээр үлдсэн нэр дэвшигч буюу Д.Зүмбэрэллхамыг дахин оруулж ирэх боломж үүслээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж