Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гарган эрхэлсэн салбартаа амжилт гаргасан иргэдэд төрийн дээд цол, одон, медалийг өчигдөр /2021.11.25/ гардуулсан. Энэ үеэр тохижилт үйлчилгээний албаны гурван хүн шагнагдсан нь иргэдийг талархлыг хүлээв. Учир нь урлаг, соёл, шинжлэх ухааны салбарын алдартнууд, эрдэмтдээс гадна эрхэлсэн ажилдаа эзэн болсон олон хүнийг төр үнэлсэн юм.
Нийслэлийн “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ-ын зам, талбайн үйлчлэгч Н.Батмөнх:
-Би 64 настай, анх шагнал авах мэдээг сонсоод их огшсон. Хийж байгаа ажилдаа сэтгэлээсээ хандахад нийслэлийн иргэд минь их дэм болдог. Хотоо цэвэр цэмцгэр байлгахад хүний ухамсар их хамаатай. Тиймээс өнөөдрийн энэхүү шагналыг хүртээсэн нийслэлийнхэн болон тохижилт үйлчилгээний газрын хамт олондоо баярлалаа. Миний хувьд Багануур дүүргийн тохижилт үйлчилгээний газарт 30 жил ажиллаж байгаад нийслэлийн тохижилт үйлчилгээний газарт ажилд орсон. Одоо 13 дахь жилдээ энэ албанд ажиллаж байна. Хамт олон сайхан сэтгэлт хүмүүсийн дэмээр хөдөлмөр минь үргэлж өндрөөр үнэлүүлдэгт их талархдаг. Шагнал авахад сэтгэл их огшиж хэлэх үггүй болсон. Улсад 43 жил ажилласнаа үнэлүүлээд төв талбай дээр гарч ирэх их сайхан байна. Өглөө бүр 04.00 цагт босоод ажилдаа явахдаа сэтгэл бахдам байдаг. Тэр мэдрэмжийг өнөөдөр хэд дахин нугалж мэдэрлээ.
Нийслэлийн “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ-ын зам, талбайн мастер С.Жаргалсайхан:
-1987 оноос эхлэн барилгын салбарт ажиллаж байгаад 2014 оноос өнөөг хүртэл хот, тохижилт үйлчилгээний газар ажиллаж байгаа. Орой залгаж, маргааш шагнал авна гэж хэлэхэд хэлэх үг олдоогүй. Миний хань Нарантуул зах дээр хувиараа хөдөлмөр эрхэлдэг. Ханьдаа, хамт олондоо маш их баярлалаа гэж хэлмээр байна. Тохижилт үйлчилгээний газарт цаг наргүй ажиллаж, зүтгэж буй хүмүүсийн хөдөлмөрийг жил бүр төр засгаас үнэлдэг. Шагнал медалиас илүү хамт олныхаа дунд ажиллаж, хөдөлмөрлөж байгаадаа баярлаж байна. Нийслэлийн цэвэр цэмцгэр байдлыг хангаж ажилладаг хөдөлмөрчиддөө баярлалаа.
Холбоотой мэдээ