Ирэх оны нэгдүгээр сараас иргэн бүр урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг үзлэгт хамрагдах боломжтой болжээ. Энэхүү үзлэг оношилгоонд хамрагдсанаар өвчлөлийг эрт оношлох, цаг алдахгүй эмчилгээг хийх зэрэг давуу талтай аж. Мөн эхийн эндэгдлийг бууруулах тал дээр Эрүүл мэндийн яамнаас онцгой анхаарч ажиллаж байгаагаа салбарын сайд онцлов.
Тодруулбал, Монгол Улсын Их хурлын 2020 оны 52-р тогтоолоор батлагдсан “Алсын хараа 2050” Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд 2021-2030 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны зорилтод сэргийлж болох эхийн эндэгдлийг 2030 он гэхэд 100 мянган амьд төрөлтөд эхийн эндэгдлийг 15, нялхсын эндэгдлийг 1000 амьд төрөлтөд найм болгон бууруулах зорилтуудыг дэвшүүлсэн. Монгол Улсын Засгийн газраас эх хүүхдийн эндэгдлийг бууруулах чиглэлээр Нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний хөтөлбөрийг дөрвөн удаа, Эхийн эндэгдлийг бууруулах стратегийг 2 удаа, эх нярайн эрүүл мэнд стратеги хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсний үр дүнд 1990 оны төвшинтэй харьцуулахад эхийн эндэгдэл 4.3 дахин, нялхас болон тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 4-5 дахин буурсан үзүүлэлттэй байна.
Эхийн эндэгдэл, урьдчилсан сэргийлэх арга хэмжээний талаар хэлэлцүүлэгт Эрүүл мэндийн сайд С.Энхболд:
-Эрүүл мэндийн яам цаашид Алсын хараа 2050 Монгол улсын урт хугацааны бодлогын баримт бичигт тусгасан эх хүүхдийн эндэгдлийн хөгжингүй орны төвшинд хүргэж бууруулах зорилготойгоор бодлого шийдвэрүүдийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ. Ялангуяа эх барих эмэгтэйчүүдийн тусламж үйлчилгээг төрөлжүүлэн хөгжүүлж төрөлжсөн мэргэжлийн эмч эмнэлгийн мэргэжилтнийг бэлтгэх, эх барих хүүхдийн салбар шинжлэх ухааныг өргөжүүлэн нотолгоонд суурилсан АУ-ныг хөгжүүлэн эмчилгээ оношилгооны шинэ дэвшилтэд технологийг нэвтрүүлэн нутагшуулахаар ажиллаж байна” хэмээн онцлов. Түүнчлэн сүүлийн жилүүдэд эхийн эндэгдэл тогтвортой буурахгүй эхийн ноцтой хүндрэл өндөр байгаа нь жирэмсний хяналтын чанарт нөлөөлж байна. Мөн жирэмсний хавсарсан эмгэгтэй эмэгтэйчүүдийг цаг алдалгүй эмчлэх төрөх насны эмэгтэйчүүдийн эрхтэн тогтолцооны хавсарсан эмгэгийг жирэмслэхээс нь өмнө оношлох, эрт илрүүлгийг нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн дунд хийснээр жирэмсний тээлтийн хугацаанд төрөх явцад болон төрсний дараах үед үүсэх эрсдэл хүндрэл эмгэгээс урьдчилан сэргийлэх боломжтой болно.
Эхийн эндэгдэл бүс нутгийн онцлог соёл заншлаас шалтгаалж харилцан адилгүй байгаа бөгөөд эхийн эндэгдлийн хожимдол болох дэд бүтэц харилцаа холбоо зам тээвэртэй холбоотойгоор эмнэлгийн тусламж авч чадалгүй эндэх тохиолдлууд байсаар байна.
Монгол Улсын засгийн газар эх хүүхдийн тусламж үйлчилгээнд зориулж 2021 онд улсын төсөв болон төсөл хөтөлбөрийн санхүүжилтээр 964.2 сая төгрөгийн барилгын засвар 33.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийж санхүүжилтийг цаашид тогтвортой нэмэгдүүлэх хэрэгцээ байсаар байна. 2022 оны төсөвт бид нар эх хүүхдийн ЭХЭМҮТ болон Улсын хүрээ амаржих газруудад иж бүрэн засвар өргөтгөлийн ажлууд хийсэн. Эрүүл мэндийн яам эх хүүхдийн тусламж үйлчилгээний чиглэлээр хүний нөөцийг бэхжүүлэх зорилгоор 2020 онд Эх барих эмэгтэйчүүд хүүхдийн судлалаар 79 эмч төгсгөснөөс 61 эмчийн сургалтын төлбөрийг төрийн сангаас даасан. Мөн эх барих эмэгтэйчүүд судлал хүүхэд нярайн тусламж үйлчилгээний шинэ технологитой танилцаж туршлага судлах зорилгоор БНХАУ, Солонгос, Орос, Тайланд, Австрали зэрэг өндөр хөгжилтэй орнуудад сургалтад хамруулж мэргэжил дээшлүүлсэн. Цаашид эх барих хүүхдийн тусламж үйлчилгээг цогц байдлаар үзүүлэх шууд удирдлага зохион байгуулалтаар хангах зорилгоор 2021 оны арваннэгдүгээр сарын 17 өдөр Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар Нийслэлийн эрүүл мэндийн газрын харьяанд байдаг нийслэлийн гурван амаржих газрыг ЭМЯ-ны харьяанд шилжүүлснээр нэгдсэн удирдлага бодлогоор хангаж ажиллах үүрэг шийдвэрийг өгчээ.
Холбоотой мэдээ