"Лангуу түрээслэдэг худалдагч, таксины жолооч ч ААН-ийн тооллогод хамрагдана”

Хуучирсан мэдээ: 2021.11.26-нд нийтлэгдсэн

"Лангуу түрээслэдэг худалдагч, таксины жолооч ч ААН-ийн тооллогод хамрагдана”

"Лангуу түрээслэдэг худалдагч, таксины жолооч ч ААН-ийн тооллогод хамрагдана”

Аж ахуй нэгжийн таван жил тутамд нэг удаа болдог тооллого арваннэгдүгээр сарын 1-нээс эхэлсэн. Уг тооллогод төрийн болоод томоохон аж ахуй нэгжийн идэвх өндөр байгаа бол хувиараа хөдөлмөр эрхлэгчид харьцангуй бага хувьтай байгаа аж. Тиймээс энэхүү тооллогод цахимаар хамрагдах нь ямар давуу талтай тухай Үндэсний статистикийн хорооны Хамтын ажиллагаа, тархаалтын хэлтсийн дарга Л.Цэвээнжавтай ярилцлаа.


-Аж ахуй нэгжийн тооллого гэхээр зарим хүн зөвхөн байгууллагууд уг тооллогод орно гэж ойлгож байна. Энэхүү тооллогод хэн, хэрхэн хамрагдах, ямар ач холбогдолтой талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Статистикийн тухай хуульд заасны дагуу аж ахуй, нэгжийн тооллогыг таван жил тутам зохион байгуулдаг. Энэ удаагийн тооллогыг нөхцөл байдалтай уялдуулан toollogo.1212.mn цахим хуудсаар зохион байгуулж буй. Тооллогод Монгол Улсын нутаг дэвсгэрт үүсгэн байгуулагдсан өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж, байгууллага, хувиараа хөдөлмөр эрхлэгчид хамрагдана.

Хувиараа хөдөлмөр эрхлэгч гэдэгт лангуу түрээсэлж байгаа иргэн, такси үйлчилгээнд явж буй иргэн, гутлын үйлдвэр, талхны цех ажиллуулж байгаа бүх хүн хамаарна.

Энэ оны гуравдугаар улирлын байдлаар улсын хэмжээнд 215 мянган аж ахуй нэгж, үүнээс тогтвортой ажиллаж байгаа 95 мянган байгууллага бүртгэлтэй байгаа ба хувиараа хөдөлмөр эрхлэгч 200 орчим мянган иргэн байна. Тооллогод иргэд 4-5 минут зарцуулж цахимаар оролцсоноор санал асуулгын хэсгээр дамжуулж төрд дуу хоолойгоо хүргэх боломжтой болно.

Өөрөөр хэлбэл, санал асуулгад энэ жил анх удаа байршуулсан дэлгэрэнгүй бичих хэсэгт иргэд, хөдөлмөр эрхлэгчид тулгамдаж буй асуудал, төрийн бодлого шийдвэрээс юу нь аж ахуй нэгжүүдэд хүндрэл үүсгэж байгаа талаар бичих боломжтой болсон. Ингэснээр зөвхөн аж ахуй нэгж, хөдөлмөр эрхлэгчдийн тоог гаргаад зогсохгүй нарийвчилсан Нэгдсэн мэдээллийн сан бий болгох, улмаар бодлого, төлөвлөлтөд ашиглах боломж бүрдэнэ гэсэн үг.

-Хувиараа хөдөлмөр эрхлэгчид гэдэгт худалдагч, жолооч гээд бүгд хамаарна гэсэн үү?

-Тийм. Ашиг олох зорилготойгоор зах зээлд бүтээгдэхүүн, үйлчилгээг нийлүүлдэг хувиараа бизнес эрхлэгч иргэд хамаарна. Өөрөөр хэлбэл, дэлгүүр ажиллуулж, лангуу түрээсэлж байгаа иргэн, үсчин, гоо сайхан, гутал, цаг засвар, оёдлын цех, хувцас засвар, авто засвар ажиллуулж байгаа бүх хүн тооллогод хамрагдана.

Эдгээр иргэд орлогын албан татварын мэдээлэлд хамрагдаагүй байж болно. Харин малчид болоод бичил уурхай эрхлэгчид тооллогод хамрагдах шаардлагагүй.

-Нэг талаар иргэд цахим тооллогод хамрагдвал мэдээллийн сангаар дамжуулж, татварын дарамт үүсэх эрсдэлтэй гэж харж байгаа. Статистикийн санд байгаа мэдээллийг татвар болоод бусад газрууд цаашид нээлттэй авч ашиглах боломжтой байдаг уу?

-Хувиараа хөдөлмөр эрхлэгчид энэ төрлийн дарамт үүсэх эрсдэлтэй гэж бодож байж магадгүй. Үндэсний статистикийн хороо нэгдсэн мэдээллийн санг бүрдүүлж байгаа ч хувиараа болоод байгууллагын хөдөлмөр эрхлэлтийн талаар мэдээллийг цааш задруулна гэж ойлгох нь ташаа. Статистикийн үндэсний хороо мэдээллийн хуулийн дагуу нууцыг хадгалж, зөвхөн төрийн бодлого шийдвэрт ашиглана.

Зах, худалдааны төвүүдээр явж тооллогын талаар мэдээлэл өгч байхад байнга тооллого, судалгаа хийх юм гэж иргэд дургүйцэж байсан. Мөн энэ тооллогын дүн мэдээг татвар бусад газарт өгдөггүй юм бол Улсын бүртгэлийн ерөнхий газраас авчих гэх мэт хариулт өгч байгаа.

Гэхдээ иргэд ажлын талаар сайн ойлголттой байх нь зөв. Улсын хэмжээнд таван жилд ганц удаа авдаг тооллогод хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүс хамрагдсанаар өөрсдийнх нь эрхэлж буй ажил хөдөлмөрийн зах зээлд үр ашиг ихтэй.

Тухайлбал, иргэн Бат гутлын үйлдвэр хувиараа ажиллуулдаг байлаа гэж бодъё. Тухайн иргэн Монгол Улсад өөртэй нь ижил үйлдвэртэй хүн хэчнээн байгаа болон хаана, аль хэсэгт үйлдвэрлэл явуулж байгааг мэдэх боломжтой. Ингэснээр зах зээлийн судалгаа хийж өөрийн бизнесээ дараа дараагийн удаа өргөжүүлэхэд ач холбогдолтой. Үүнээс гадна төрийн бодлого, шийдвэрийн түвшинд бизнес эрхлэхэд ямар саад учирч байгааг сонгож, хэрхэн энэ асуудлыг шийдвэрлэх боломжтой талаар бичих боломжтой. Ингэснээр энэ тооллого эцэстээ тухайн хөдөлмөрийн зах зээл дээр буй хувиараа хөдөлмөр эрхлэгч болоод байгууллага, аж ахуй нэгжүүдэд хэрэгтэй мэдээллийг нэгтгэж байгаа юм.

ХУВИАРАА ХӨДӨЛМӨР ЭРХЛЭГЧИД ТООЛЛОГОД ХАМРАГДСАНААР ТАТВАРЫН ДАРАМТААС АЙХГҮЙ БОЛНО

-Тэгвэл тооллогын санал асуулгад иргэд идэвхтэй, хариуцлагатай хандвал төрийн бодлого, шийдвэрт нөлөөлж, өөрт таатай бизнесийн орчинг бүрдүүлэх боломжтой гэж ойлгох нь зөв үү?

-Тооллогын маягт хэсэгт бизнес эрхэлж буй хүмүүст тулгамддаг хэд хэдэн чухал санал асуулгыг оруулсан. Аж ахуй нэгж, хувиараа хөдөлмөр эрхлэгчдээс хамгийн их гаргадаг гомдол бол хүнд суртал. 215 мянган аж ахуй нэгжээс үйл ажиллагаа нь зогсоод байгаа байгууллагууд ямар шалтгаанаас болж ажиллахгүй болсон гэдэг нь анхаарал татаж байна. Хэдийгээр цар тахалтай байгаа ч гэсэн бизнесээ үргэлжлүүлэх боломжийг өөр юу хязгаарласан болохыг энэ хэсгийн санал асуулгаар тодорхойлно гэсэн үг.

Дарамт, шахалтаас гадна гадаадын улс оронд бүтээгдэхүүнээ экспортлох боломжтой эсэх, санхүүжилтээ хэрхэн шийдвэрлэх, мөн зээл авахад ямар асуудал үүсч байгаа гээд бизнес эрхлэгчдийн дуу хоолойг бодлогын түвшинд хүргэхэд тооллого чиглэж байгаа. Тэгэхлээр одоо долоон хоногийн хугацаанд аж ахуй нэгжүүд, хувиараа бизнес эрхлэгчид маань идэвхтэй хамрагдахыг уриалж байна.

-Энэхүү тооллогын идэвхжүүлэлт дээр статистикийн хороо хэрхэн ажиллаж байгаа вэ?

-Тооллого бол зөвхөн Үндэсний статистикийн хорооны ажил биш. Төрийн ирэх таван жилийн бодлогын суурь судалгааны цөм болдог учраас бүх яам, агентлагууд идэвхтэй оролцож харьяа аж ахуй нэгжээ хамруулдаг.

Хэрэв цахим тооллогод хамрагдах боломжгүй интернетэд холбогдоогүй газар байгаа тохиолдолд иргэд 7533-1212 гэдэг утсаар холбогдож мэдээллээ өгөх ч боломжтой. Судалгааны идэвхийг нэмэгдүүлэх тал дээр бүхий л нэгжүүд анхаарч ажиллаж байгаа.

-Судалгаанд хамрагдсан хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн мэдээллийн нууцлал өндөр бөгөөд тооллогын үр дүн ч их гэлээ. Тэгвэл төрийн өгөгдлийн санд мэдээллийг нэгтгэх нь ямар ач холбогдолтой талаар дэлгэрэнгүй тайлбарлавал?

-Үндэсний статистикийн хороо дээр хэлсэнчлэн судалгаа, шинжилгээг нууцлалын хуулийн дагуу бүрэн хамгаалдаг. Тооллого, судалгааны дүнд мэдээллийг нэгтгэж өгөгдлийн санг үүсгэж, төрийн байгууллагуудын мэдээллийн уялдаа холбоог сайжруулахаас гадна бодлогын түвшинд хүрэх ач холбогдолтой. Бизнес эрхлэгчдийн мэдээллийг үнэн зөв гаргаснаар төрийн бодлого эзэндээ хүрч чадна.

Аж ахуйн нэгж байгууллагын 2021 оны улсын тооллого нь  аж ахуй нэгжийн зөвхөн тоог гаргах зүйл бус Монгол Улсын эдийн засгийн цогц судалгаа. Тиймээс төрийн болоод томоохон байгууллага, аж ахуй нэгжээс гадна хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн идэвх өндөр байхын бол дараагийн таван жилийн хугацаанд бизнесийн орчин, нөхцөл байдлыг сайжруулах, орон зайг тодорхойлж цаашдын боломжийг бий болгоно гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй.

Энэхүү тооллогод хувиараа хөдөлмөр эрхлэгч хэн ч хамрагдсан татварын болоод бусад ямар нэгэн дарамт шахалт үүсэхгүй. Харин ч эсрэгээрээ үйл ажиллагаа явуулах боломж нээгдэнэ гэдгийг бизнес эрхэлж буй хүмүүс маань ойлгож, тооллогод үлдсэн цөөхөн хоногийн хугацаанд идэвхтэй хамрагдахыг хүсч байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж