“Монгол цирк 80” үзэсгэлэн Монголын театрын музейд өнөөдөр (2021.11.25) нээлээ. Монгол Улсад циркийн урлаг үүсч хөгжсөний 80 жилийн ойд зориулсан уг үзэсгэлэн гурван хэсгээс бүрджээ. Үүнд, “Циркус Хадгаа”-гийн цирктэй холбоотой 200 гаруй үзмэр, цуглуулгыг дэлгэсэн бол Урчуудын эвлэлийн хорооны шилдэг 40 бүтээлээс бүрдэх уран зургууд багтжээ. Мөн “Би цирк үзмээр байна” сэдэвт хүүхдийн гар зургийн үзэсгэлэнд тавигдсан 24 хүүхдийн гар зургууд онцлог байв.
"Боловсролд суурилсан хөгжил" ТББ-ын үүсгэн байгуулагч тэргүүн Т.Очирдарь
-Анх 2020 онд Улсын циркийг зориулалтын бусаар ашиглаж нураах гэсэн мэдээ мэдээлэл гаргах үед хувьдаа сэтгэгдэл бичиж байлаа. Үүндээ цирк Монгол Улсын өв соёлын нэг тул устгаж үгүй болгож болохгүй гэсэн асуудал дэвшүүлсэн. Учир нь цирк хүүхдүүдэд баяр баясал өгч, сэтгэлзүйд эерэгээр нөлөөлдөг цөөхөн үзмэрүүд нэг байсантай холбоотой. Ер нь хүүхэд циркээс ямар боловсрол авдаг гэхээр аав ээжтэйгээ бага насныхаа хамгийн сайхан дурсамжийг хадгалахад оршино. Нөгөө талаараа хүүхдэд тэсвэр тэвчээр хатуужлыг дуу дүрс хөгжим өнгө будгаар харуулахаас гадна үзэгчдэд баяр баясалыг түгээдэг. Гэтэл тэр зориулалтын барилга байшин байхгүй болчихлоо. Тэр барилгын давуу тал юу гэхээр амьтнаа хооллох зориулалтын өрөөтэй дүүштэй, агаарлах талбайтай цогц эко системтэй байсантай холбоотой. Одоо бол хүүхдүүд циркийг асарт л үзэх байх. Ер нь бидэнд үнэгүй бариад өгсөн барилгыг бид нураалаа. Байсан юмыг байхгүй болгоно гэдэг бол эмгэнэл.
Хамгийн гол нь хүүхдүүд өөрсдөө цирк үзмээр байна гээд нулимстай зураг зурж байна. Энэ нь үгээр илэрхийлэхийн өгүүлэмж юм. Тэдгээр хүүхдүүдийн шагнал нь цирк байгаасай гэж хүссэн.
Монголын циркийн холбооны гүйцэтгэх захирал Ж.Сувдаа
-Энэ жил бид нар Соёлын яамтай болсон. Соёлын яамны зүгээс ойрын 2022 онуудад Үндэсний цирктэй болгоно гэсэн асуудал ярьсан. Иймээс алсын ирээдүйд бид цирктэй болох болов уу гэж бодож байна. Үүнд хөрөнгө мөнгөний асуудал хэрхэхийг би мэдэхгүй. Анх 1973 онд Румын улсын тусламжтайгаар баригдсан Улсын цирк дахин сэргэх нь нэгэнт өнгөрсөн. Уг нь тус барилга хана, шал, таазнаасаа авхуулаад бүгд зориулалтын стандартаар хийгдсэн байсан. Гэхдээ барилга нь байхгүй ч циркийн урлаг улам хөгжсөөр байна.
П.СҮРЭН
Холбоотой мэдээ