​Мөсөн дээр мөнгөн аяга буюу Монголын хоккейн шинэ тоолол

Хуучирсан мэдээ: 2021.11.26-нд нийтлэгдсэн

​Мөсөн дээр мөнгөн аяга буюу Монголын хоккейн шинэ тоолол

Мөсөн дээр мөнгөн аяга тэр юу вэ? гэдэг шиг Монголын хоккейн хөгжлийн түүх, боломж яг л оньсого мэт явж иржээ. Хоккейн спортыг л гэхэд хойд хөршийнх гэж бодож  итгэж явсаар 21-р зуунтай золгосон нэгэн зууны амаргүй цаг, нэгэн зунаар хайлан урсаж, аль хэдийн шинэ он айсуй. “Хоккейн гэр орон” өндөр үүдээ нээсэн даруйд уран гулгалт, хоккей тоглохыг сонирхогчид, хичээллэхийг хүсэгчид яармагийн дэнжийг зорьсоор л…

Өнгөрсөн амралтын өдрөөр мөрөөдөл биелэх мөсөн ордонд Хоккейн лигийн нээлтийн тоглолтуудыг үзэж суухад Монголын Хоккейд шинэ цаг ирж байгаа юм байна гэсэн цоо шинэ мэдрэмж төрж байлаа. “Монголын Хоккейн Холбоо”, “Степпе Арена” хамтран зохион байгуулсан энэ тэмцээнд хүрэл медалийн төлөө “Багануур”, “Отгон од-Бласт” багууд тоглож “Бласт” ххк-ийн “Отгон од-Бласт” баг хүрэл медаль хүртэж аваргын төлөө “Хангарьд”, “Шарын гол” багууд өрсөлдөж Хангарьд клубын "Хангарьд" баг лигийн цомын эзэн боллоо.

Олон улсын Олимпийн хорооны стандартад нийцсэн, өвөл зуны битүү ордонд суугаа үзэгчидийн шуугиан үндэсний лиг плей-оффын тоглолтууд жинхэнэ эр зоригийн “тулаан” болж байгааг харуулж байлаа.

Тоглолтын завсарлагаанаар халуун кофе, “Hot dog”, шар айраг барьсан залуус тоглолтын тухай амтархан ярилцаж байгаагаас үзэхэд мөсөн спортын соёл монголд нэвтрээд эхэлчихжээ гэмээр. Дээр нь “DJ болж байна битгий зогсоо, дэндүү гоё байна битгий зогсоо”. Зүгээр л маяг, “сулиатээ”…

Огшоод, “эмороод” яараад байгаа ч юмуу, яагаад ч юм дүүтэйгээ хамт цахим хайлтын системээс Монголынхоо хоккейчдийн Олон улс дахь эрэмбийг ч сонирхож үзлээ. Харамсалтай нь хамгийн хүйтэн нийслэлтэй, урт өвөлтэй Монголчуудын тухай мэдээлэл, Монголын Хоккейчдын эрэмбэ нэгээхэн ч харагдсангүй. Бидний ойр мэдэх Казакстан 13-р байранд эрэмбэлэгдсэн бол БНСУ-ын баг 21-р байранд Япон 25, БНХАУ 32, Киргиз 52-р байранд тус тус жагссан байх юм. Олон улсын эрэмбэд ор сураггүй мэт дурдагдахгүй байгаа шалтгаан нь мөнөөх л олон улсын чанартай А зэрэглэлийн тэмцээнд оролцож чаддаггүйгээс үүтгэлтэй гэнэ. Мэдээж Олон улсын стандартын шаардлагад нийцсэн битүү дээвэртэй ордон байдаггүй учраас А зэрэглэлийн тэмцээнд аахилаад уухилаад яаж ч хүрэх билээ дээ.

Шалтгаан нь дээрх үзүүлэлт бол, шаналал нь ердөө л энэ. Үнэндээ бол хоккейн түүхийг бас, ч гэж холоос уудлах хэрэгтэйг учир мэдэх хүн хэлж байна шүү.

1945 оны 12-р сарын 23-нд Хорооллын дэнжид анхны задгай талбайн нээлт болж Ю.Цэдэнбал дарга, ЗХУ-ын элчин сайд Иванов нар удтал гулгаж байсан тухай түүхэн үнэнийг тэр үеийн “Үнэн” сонины шарласан хуудас гэрчилж байгаа нь одоогоос 86 жилийн өмнөх түүх. Гэтэл Монголын Хоккейн Холбооны мэндчилгээнд “Мөсний хоккей манай улсад үүсч хөгжөөд 43 жилийг ардаа орхижээ” хэмээжээ. Бас л нэг эргэж ярилцмаар сэдэв.

Хоккейн лигийн тэмцээнийг үзээд ийм ордонтой болсондоо итгэж ядан, самсаа шархируулан суугаа ахмад хоккейчдоо хараад алдагдсан боломж, амжилтуудыг нь төсөөлөн бодоход өрөвдөх, бахархах зэрэгцэж байлаа. Хоккейн спортын ахмад тамирчин спортын мастер Ш.Батцэрэний “Манай хоккейчид энэ өргөөг л хүлээж байлаа. Ийм өргөө байгуулах санаачилга гаргасан, хөрөнгө оруулж байгаа хүмүүст талархаад барамгүй. Битүү дээвэртэй мөсөн гулгуурын талбайдаа жилийн турш бэлтгэл хийж, тэмцээн зохион байгуулахаар хоккейчидын маань ур чадвар дээшилж, Монголын хоккейн хөгжил цоо шинэ түвшинд хүрнэ, харж л байгаарай” хэмээн хэлж байсныг нь санахаар бас ч гэж сэтгэл сэргээд ирж байна.

Мөрөөдөл биелэх мөсөн ордонд үргэлжлээд хүүхдийн хоккейн лиг болж байх жишээтэй. “Хөлдөө коньки углаж үзсэн хүн бүрийн хүүхэд бүрийн мөрөөдлийг биелүүлнэ” хэмээн хэн хэлж байлаа даа байз?

Ийнхүү талын дэвжээ буюу Мөсөн өргөө нээгдсэнээр Монголчуудын мөрөөдөл биелж, Монголын хоккейчдын хувьд шинэ тоолол эхэлж байна. 2022 оноос эхлэн Дэлхийн аварга шалгаруулах уралдаанд тэмцээнд оролцох боломж ч нээгдэнэ.  Монголын хоккей мэргэжлийн болно. Нэг л өдөр монголчуудад дэлхийн хоккейн мөсөн талбайд төрийн алтан соёмбот далбаагаа мандуулж, төрийн дууллаа дагаад дуулах цасан цагаан өдөр ирнэ.  Хувийн хэвшлийнхэн түүчээлэн, хувьсгаалуудаар хийж чадаагүй их ажлыг амжуулж, ачаа үүрч ард нь гарч чаджээ. Төр засгаас цаашдаа сайн дэмжээд өгвөл монголын хоккейг дэлхийн оргил руу гаргах нь ойлгомжтой юм байна гэсэн бодол хоккейн лигийн тэмцээн дундуур төрж байлаа.  Бөхийн өргөө, Спортын ордон гээд түүхэн үүргээ гүйцэтгэсэн өргөөнүүд маань бий ч тэнд хувцас солих өрөө, усанд орох душ, тэр бүү хэл ариун цэврийн өрөө нь асуудалтай байдаг шүү дээ. Охид эмэгтэйчүүд тэмцээн дундуураа хувцасаа солих гэж хүмүүсийн нүд хариулж олны дунд хувцас хунараа солих нь эвгүй, хэцүү байдаг л гэцгээдэг. Яг л хуучны монгол киноны танил “сцена” шиг үзэгдэл. Энэ бүх асуудлуудыг энд, олон улсын олимпийн хорооны стандартад нийцсэн мөсөн өргөө ордонд асуудалгүй шийджээ. Тэд мэргэжлийн хоккейг мэргэжлийн түвшинд хөгжүүлэхийг зорьж байна.

Уурхайн жижиг тосгоноос улсын лигийн аваргын төлөө тоглох Шарын голынхноор бас бахархахгүй байхын аргагүй. Ховд, Булган, Богдын голоос Хөвсгөл, Тэрх нуур, дорнын Хэрлэн Онон гол, магадгүй Дэнжийн мянгын Должин эмээгийн хашаандаа хийсэн жижигхэн мөсөн гулгуурын талбайгаас ирээдүйн олимп, тив дэлхийн аваргууд төрөх болтугай. Монголын хоккейн шинэ тоолол эхэлж байна. Хоккей мандтугай, Монгол мандтугай.

Ж.Эрдэнэ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж