Засгийн газар, Эрүүл мэндийн яам гурав дахь тунгийн дархлаажуулалтад анхаарал хандуулж буй. Өнөөдрийн байдлаар хүн амын 19 хувь нь буюу 604 мянган хүн нэмэлт тундаа хамрагджээ. Цаашид дөрөв дэх тунгаар иргэдээ дархлаажуулахаар судалж байгааг Эрүүл мэндийн сайд С.Энхболд өчигдөр /2021.11.24/мэдээлсэн. Гэвч албан ёсоор хэзээ эхлүүлэх нь тодорхойгүй байна. Энэ тухай Эрүүл мэндийн яамны өгч буй мэдээллээр, дөрөв дэх тунг эхлүүлэх хугацааг товлох шийдвэр гараагүй гэнэ. Иргэдийн гадагшаа зорчих урсгалыг нээлттэй болгох зорилгоор дөрөв дэх тунгийн талаар гадаадын улс орнуудын туршлагыг судалж эхэлжээ. Одоогоор гадаадад зорчих иргэдийг Спутник-V вакцинтай бол дөрөв дэх тун тариулах хүсэлтээ гаргасны дагуу дархлаажуулж байгаа юм.
Вакцин тойрсон асуудлын цаана орхигдсон нэг асуулт бол нас баралт буурахгүй байгаа шалтгаан юм. Хэдийгээр сүүлийн үед хоногт бүртгэгдсэн тохиолдлын тоо буурсан сайн мэдээтэй ч өдөр бүр 10 орчим хүнээ бид тахалд алдсаар байна.
Эрүүл мэндийн яамны өнөөдрийн /2021.11.25/ мэдээллээр сүүлийн 24 цагт Covid-19 халдвараар 711 хүн өвдсөн бол 21-80 насны долоо хүн амь насаа алджээ. Шалтгааныг нь архаг хууч өвчин хавсарсан гэж тодотгожээ. Өнөөдрийг хүртэл цар тахлын улмаас 1903 хүн зуурдаар амь насаа алдсан байна. Сүүлийн долоо хоногийн статистик мэдээллээс харвал нийт 57 хүн нас барав. Өдөрт бүртгэгдсэн тохиолдлын тоо хамгийн багадаа л 6. Энэ бол бага тоо биш. Графикаас харвал,
Сүүлийн долоо хоногт Covid-19 халдвараар 3797 хүн өвджээ.
МОНГОЛ УЛСАД 17-ООС ДООШ НАСНЫ 17 ХҮҮХЭД НАС БАРСАН
Нас баралт буурахгүй байгаа голлох шалтгааныг архаг хууч өвчлөл эзэлж байгааг Эрүүл мэндийн яамнаас тайлбарлаж буй. Тус яамны Эмнэлгийн тусламжийн бодлого, хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Буянтогтохоос цаг үеийн асуудлаар тодруулав.
–Сүүлийн үед хоногт бүртгэгдэх Covid-19 халдварын тохиолдлын тоо буурсан ч нас баралт буурахгүй байгаа нь ямар шалтгаантай вэ?
-Covid-19 халдварын тохиолдлын тоо буурч байна. Цаашид халдварын тохиолдол буурвал нас барах эрсдэл ч багасна. Нас баралт нь батлагдсан тохиолдлын тооноос 7-21 хоногийн зайтай хоцорсон үзүүлэлтээр гардаг. Үүнийг тайлбарлавал, халдвар авсан хүний нууц үеийн хугацаа нь 7-14 хоног. Мөн эмчилгээний хугацаа зэрэг хамаарч буй. Тухайлбал, дельта хувилбарын давлагааны үед хоёр долоо хоногийн өмнө нь 108 хүн нас барсан бол 79 болж буурсан. Шалтгаан нөхцөлийн хувьд, жишээ нь өнгөрсөн долоо хоногт нас барсан хүмүүсийн 82 хувь нь 60-аас дээш насныхан байна. Мөн архаг хууч өвчний хамаарал 91 хувь байгаа юм. Өөрөөр хэлбэл, архаг хууч өвчин Covid-19 халдварын үед сэдэрч хүндрэх нас барах эрсдэл болж байна. Нас баралт, өвчний хүндрэлээс сэргийлж буй хамгийн чухал зүйл нь вакцин. Гэвч өнөөдрийг хүртэл вакцины нэг, хоёрдугаар тунд хамрагдаагүй аль эсвэл нэг тунтай хүн ч нас барж байна. Хэрэв вакцины бүрэн тунгаа авсан бол эрчимт эмчилгээнд шилжих эрсдэл 5-10 хувь гэж үзвэл вакцингүй хүн 20-оос дээш хувийн эрсдэлтэй байна. Иймд вакциндаа хамрагдах нь чухал.
–Вакцинд хамрагдах боломжгүй бага насны хүүхдийн өвчлөл, нас баралт хэр их хувийг эзэлж байна?
-Улсын хэмжээнд Covid-19 халдварын нийт батлагдсан тохиолдлын 20 хувь нь хүүхдийн өвчлөл эзэлж байна. Цар тахлыг дотоодод алдсанаас хойш 17-оос доош насны хүүхдийн нас баралт 17 бүртгэгдсэн. Мөн л хүүхдийн архаг суурь өвчлөл нас барах шалтгаан болж байна. Тухайлбал, 0-1 хүртэл насны дунд олон эрхтэний гажиг, 1-5 нас хүртэл хөгжлийн бэрхшээлтэй, зургаагаас дээш насныханд архаг суурь өвчин /цусны хавдар, бөөрний дутагдал/ зэрэг өвчний шалтгаан нас баралтад нөлөөлж байна. Харин эрүүл хүүхэд халдварт өртөж нас барсан тохиолдол байхгүй.
–Гэрийн нас баралт бүртгэгдсэн үү?
-Гэрийн нас баралт бүртгэгдээгүй, орны хүлээгдэлгүй болсон.
–Эмнэлгүүдийн ачаалал буурсан ч тоног төхөөрөмжийн хүрэлцээ хангамж тааруу байх шиг. Хэрэв цар тахлын давлагаа дахин дэгдвэл тоног төхөөрөмж хүрэлцэх үү?
-Эмнэлгийн тоног төхөөрөмж хангалттай бий. Харин хүний нөөц эрүүл мэндийн салбарт тулгамдсан асуудал болж байна. Сүүлийн хоёр жилийн хугацаанд эрчимт эмчилгээний тасагт 170 эмч ажилласан. Ачаалал нь 2.5 дахин нэмэгдсэн. Уг нь нийт 660 ор гэж тооцвол 330 эмч эрчимт эмчилгээний тасагт ажиллах ёстой. Өнгөрсөн хугацаанд хүний нөөцийг нэмэгдүүлэхээр эрчимт эмчилгээний тасагт эмч нарыг сургаж 12 нь төгсч ажлын талбар дээр гарсан. Тэгэхээр бидэнд тоног төхөөрөмжөөс илүү хүний нөөцийн асуудалтай байна.
–Дөрөв дэх тунгийн дархлаажуулалтыг хэзээнээс эхлүүлэх вэ?
-Вакцины тухай асууудал өөрөө судалгааны шатандаа байна. Бид дөрөвдүгээр тун гэхээс илүүтэй гуравдугаар тундаа бүрэн хамрагдах нь чухал. Нэмэлт тунгийн дархлаажуулалтыг өнгөрсөн наймдугаар сард эхлүүлснээс хойш халдварын давлагаа, тохиолдлын тоо эрчимтэй буурсан. Энэ бол гурав дахь тунгийн үр дүн.
НАС БАРАЛТАД ХҮЙТНИЙ УЛИРАЛ НӨЛӨӨЛЖ БАЙНА
УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн тооцооллоор нас баралт буурна гэж үзэж байна. Цаашид халдварын давлагаа дэгдэхийг үгүйсгэхгүй ч дельта хувилбарын давлагаа хамгийн аюултай нь байжээ.
МУИС-ийн багш, доктор Т.БЭГЗСҮРЭН:
-Covid-19-ийн дельта хувилбарын давлагааны дараа нас баралтын оргил үетэй харьцуулахад нас баралт хоёр дахин буурсан. Нас баралтын оргил үе халдварын илрэх оргилоос 14-21 хоногийн дараа тохиодог. Өөрөөр хэлбэл, өдөрт илэрч бүртгэгдсэн халдвар есдүгээр сарын 20-ны үед оргил хэмжээнд хүрч байсан. Үүнээс хойш 14-21 хоногийн дараа аравдугаар сарын эхний долоо хоногт нас баралт 19-20 хүрч оргилдоо хүрсэн байна. Одоо дунджаар найм болж буурсан. Гэсэн ч энэ нь бага тоо биш. Нас баралт өндөр байгаа шалтгаан нь хүйтний улирал эхэлсэнтэй холбоотой хүний дархлаа унах, өвдөж хүндрэх эрсдэл дагуулж байна. Нэг үгээр хэлбэл, нас баралтад цаг хугацааны хоцрогдол, хоёрдугаарт цаг агаарын нөхцөл нөлөөлж байна. Ийм боловч өдөрт бүртгэгдэх халдварын тохиолдлын тоо буурч байгаа учраас нас баралт ч цаашид буурах болов уу.
Холбоотой мэдээ