Ус гатлахдаа унаагаа юүлдэггүй!

Хуучирсан мэдээ: 2021.11.25-нд нийтлэгдсэн

Ус гатлахдаа унаагаа юүлдэггүй!

Ус гатлахдаа унаагаа юүлдэггүй!

Ардчилсан намын тамганы хэрүүл Улсын дээд шүүх дээр ахин гацсан энэ өдрүүдэд Ардын намынхан 30 дахь Их хурлаа арванхоёрдугаар сарын 6-наар товлож, Л.Оюун-Эрдэнийг намын даргаар батламжлах эсэхийг шийдэх аж.  Үүнээс гадна  хүний эрхийн асуудал, авлига, албан тушаалын гэмт хэрэг, хүнд суртал, хариуцлагагүй байдлыг хэлэлцэхээ МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нийтэд зарлав. Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эдийн засгийг эрчимжүүлэх "Шинэ сэргэлтийн бодлогоо" ч танилцуулах юм байна.

Зургадугаар сарын 25-ны өглөө, Ерөнхийлөгчийн тангараг өргөхийнхөө яг өмнөхөн У.Хүрэлсүх нутгийн дүүдээ намын тамгаа шилжүүлснээр Л.Оюун-Эрдэнэ МАН-ын даргын үүрэг гүйцэтгэгч болсон. МАН-ын дүрмэнд заасны дагуу Л.Оюун-Эрдэнийг намын даргын үүрэг гүйцэтгэгчээр Бага хурлаас сонгосон тул Их хурлаар батламжлах ёстой.

Ийнхүү эрх баригч нам ирэх сарын эхээр Их хурлаа хийхээр болсон нь  нэгд, цар тахлын халдвар буурсан. Хоёрт, Л.Оюун-Эрдэнэ айдгаа авдартаа хийсэнтэй нь холбоотой.  Шулуухан хэлэхэд, намаа авсан нь засгаа авах дүрэмтэй тул Л.Оюун-Эрдэнэ аль, алийг нь авахаар хэдийнэ тохирчихжээ гэсэн үг.  Тэгэхээр арав хоногийн дараа эрх баригч намд эрх мэдлийн, хүндийн хүчний хуваарилалт шинээр өрнөх нь.

ДААРЧ ЯВАА ДАН ДЭЭЛТЭЙ ЗАСАГ

МЭК-ийн хамгийн сүүлд, арваннэгдүгээр сард хийсэн судалгаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн рейтинг 0.2 функтээр өссөн гэжээ. Авчиг хүмүүсийн бичиж, шүүмжилж байгааг харвал эсрэгээрээ унасан байх магадлал өндөр. Мянган хүний дунд явуулсан судалгаа мэдээж нийт олны санаа бодлыг төлөөлөхгүй.

Олон нийтийн сүлжээнд, өнөөдрийн байдлаар хамгийн их “зодуулж” байгаа хүн бол Л.Оюун-Эрдэнэ. Угаасаа ч үеийн үед Ерөнхий сайд нар олны  "нүдүүр" болдог нь тавилан хойно. 

Гэхдээ шатахууны тасалдал, хилийн хорио, экспорт, импортын тэг зогсолт, үнийн хөөрөгдөл, өргөн хэрэглээний бүтээгдэхүүний хомсдол гээд Л.Оюун-Эрдэнийн огт таамаглаагүй шахалт, дарамт гадаад, дотоодоос ирж байгаа нь худлаа биш л дээ. Харин үүнийг яаж зохицуулах нь түүний хувьд иом шалгуур болж байна.

Ядаж байхад улс төрийн нөлөөлөл муутай, “мэргэжлийн” гэх тодотголтой сайдууд нь Л.Оюун-Эрдэнэд нэмэр болохоос илүүтэй нэрмээс болох нь их.  Үнэндээ танхимынхаа сайд нарынхаа томилгоог Л.Оюун-Эрдэнэ хар толгойгоороо хариуцаж хийсэн гэвэл тэнэг хүн ч итгэхгүй гэнэн дүгнэлт юм.  Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Ерөнхий сайд танхимаа чөлөөлөх, томилох эрхтэй гэж хэдийгээр наанаа “гоёор” суулгаж өгсөн ч У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ хоёулаа танхимынхаа сайд нараа ганцаараа дур мэдэж томилоогүй нь баараггүй үнэн юм даг. Тэгээд ч сайд нарынх нь ард Ардын намын ямар фракц бүлэглэлүүдхэн, хэн, хэн бий нь бараг духан дээр нь бичээстэй шахуу харагддаг.

 Хэрэвзээ Л.Оюун-Эрдэнийн засаг муу ажиллаж байна гэвэл МАН муу ажиллаж байна гэсэн үг. МАН-ынхны л сонгосон, томилсон сайд нар шүү дээ.

Түүний засагт өнөө маргаашгүй хөөгөөд явуулах ёстой, шаардлагатай, ажлаа мэддэггүй чаддаггүй сайд нэгээр тогтохгүй бий.  Гэвч, өнөөг хүртэл танхимтайгаа хариуцлага тооцохгүй, улаан цээжээрээ хамгаалж яваа нь нэг талаасаа Л.Оюун-Эрдэнийн эрсдэл, нөгөө талаасаа “эрсдэлийн менежмент”-ийнх нэг хэсэг болжээ.

МАН-ЫН АМАЛСАН ТОГТВОРТОЙ ТӨР

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт дээр Л.Оюун-Эрдэнийн засаг оршин тогтнож байна гэвэл бодит байдлаас хол зөрөхгүй юм. Монголын Засгийн газрын дундаж наслалт 1.5 жил байсан гээд тооцох юм бол шүү дээ. Хуучин Үндсэн хуулиар Л.Оюун-Эрдэнийн дан дээлтэй сайд нарыг нэг, нэгээр нь тоншоод явуулчихсан, цаашлаад улс төрийн тогтворгүй байдал ч үүсэх эрсдэлтэй байлаа.  Л.Халтар, Г.Ёндон, Н.Уртнасан, Н.Тавинбэх, Ч.Номин, С.Амарсайхан нарыг аль эрт Ардчилсан намынхан биш Ардын намынхан хөөчих байсан нь гарцаагүй үнэн.

“Дайны хажуугаар дажин” үүсгэн цар тахалтай зэрэгцээд улс төр бужигнаж эхэлсэн бол эрүүл мэнд, эдийн засгийн асуудал улам хүндрэх нь ойлгомжтой байлаа. Золоор 2919 онд Үндсэн нэмэлт өөрчлөлт оруулсныг халхын заяа их гэхээс яахав.

Үнэндээ, Л.Оюун-Эрдэнэ муулуулах, хараалгах өч төчнөөн шалтаг, шалтгаан гаргасан уу гэвэл гаргасан. Иргэд ч бухимдах нь аргагүй “Андлалын өргөө”, “Дижитал нэшн”, иргэдийн баривчилгаа, С.Зоригийн алуурчдыг сулласан  явдал, С.Амарсайханы ар гэрийнхний дабль стандарт  зэргийг дурдахад  төдийд л хангалттай.

Гэхдээ иргэдээ цаг алдалгүй дархлаажуулсан нь Л.Оюун-Эрдэнийн засгийн ололт, энэ нь Монголын эрүүл мэнд, эдийн засгийг аврах ганц гарц болсон нь үнэн. Хэрэвзээ вакцинцуулалтыг оройтуулсан бол дор хаяж 20-40 мянган хүн амиа алдах эрсдэлтэй байв.

Өнөөдөр Оюутолгойн хэлэлцээ ид явагдаж байна. Л.Оюун-Эрдэнийг "хусчихвал" “Рио Тинто”-той хийх хэлэлцээ эхнээсээ явагдана, цаг алдахын нэмэр болно. Төрийн албанд дахиад халаа, сэлгээ үргэжилнэ. Нэг сайдыг дагаад нэг яам бүхэлдээ шинэчлэгдэнэ. Төрийн бодлого шийдвэр тэгээс, шинээс эхэлнэ, засаг солигдохыг хүсэх юм биш л дээ. Авчиг энэ нь муу ажиллаж байгаа сайд нарынхаа толгойг ил гэсэн үг биш. Мэдээж, Михаилд нэг бодол бий л байх.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх засаг төр тогтвортой байх ёстой гэсэн байр суурийг илэрхийлсээр ирсэн. Энэ  нь Л.Оюун-Эрдэнийг засгийг унагаахгүй л гэсэн утгатай үг.

Түүний төрийн албанд хийх реформ, авлигатай тэмцэх ажиллагааг нь дэмжээд явуулах ёстой юу гэвэл ёстой.  Цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх шинэ сэргэлтийн бодлогыг нь бас харъя. Тэгээд ч Л.Оюун-Эрдэнээс өөр амбицалж чадах хүн Ардын намд байна уу. Эцэст нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд зөвлөхөд улс төрд хол явъя гэвэл ураг төрлөөсөө хол бай!

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
9
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж