Барилгын салбар: Үндэсний үйлдвэрлэгч, худалдаачид, ханган нийлүүлэгчид нэгдэж байна | News.MN

Барилгын салбар: Үндэсний үйлдвэрлэгч, худалдаачид, ханган нийлүүлэгчид нэгдэж байна

Барилгын салбар: Үндэсний үйлдвэрлэгч, худалдаачид, ханган нийлүүлэгчид нэгдэж байна

Барилгын салбар: Үндэсний үйлдвэрлэгч, худалдаачид, ханган нийлүүлэгчид нэгдэж байна

Монгол Улс импортлогч бус үйлдвэрлэгч орон болох шаардлагатай талаар төр, хувийн хэвшлийнхэн аль аль нь асуудал дэвшүүлэн хэлж, ярьцгаагаад багагүй хугацаа өнгөрсөн. Тэрдундаа сүүлийн хоёр жилийн хугацаанд дэлхий нийтийн хэмжээнд  ковид цар тахлаас шалтгаалсан ханган нийлүүлэлтийн сүлжээ, тээвэр ложистикийн “их хямрал” тохиосноор энэхүү асуудал улам хурцаар тавигдаж буйг тодотгоё.  Дотооддоо нэмүү өртөг шингээсэн баялаг бүтээдэггүй, уул уурхайн цөөн нэр төрлийн түүхий эдээ экспортод гаргаж л хэдэн ам.долларын орлого олдог Монгол Улсыг импортын хэт хамаарлаас ангижруулах шаардлага улам бүр нэмэгдэж байгаа билээ. Түүнчлэн импортын хэмжээг бууруулахад барилгын салбарын зүгээс ихээхэн оролцоотой байх шаардлагатай юм.


Тэгвэл энэ сарын 23-24-ний өдрүүдэд зохион байгуулагдсан  “Барилгын материалын үйлдвэрлэл, ханган нийлүүлэлтийн форум 2021” арга хэмжээний хүрээнд төр, хувийн хэвшлийнхэн салбарынхаа тулгамдсан асуудлуудаа хэлэлцэж,  гарц шийдлийг эрэлхийллээ.

Барилга, хот байгуулалтын яам,  “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ,  “Монголын барилгын материал үйлдвэрлэгчдийн холбоо” ТББ,  “Хонхор Барилгын материалын худалдаа, үйлдвэрлэл, технологийн парк”-аас  хамтран зохион байгуулсан арга хэмжээний хүрээнд “Барилгын материал үйлдвэрлэгчдийн үзэсгэлэн” болсон юм. Барилгын салбарын дотоодын үйлдвэрлэл, худалдаа эрхлэгчдийг хамруулсан тус үзэсгэлэнг 1000 гаруй иргэн, аж ахуйн нэгж үзэж сонирхсоныг тодотгоё.

24-ний өдөр зохион байгуулагдсан  “Барилгын материалын үйлдвэрлэл, ханган нийлүүлэлтийн форум“-аар  барилгын материалын үйлдвэрлэл, ханган нийлүүлэлттэй холбоотой асуудлуудыг төр, хувийн хэвшлийн 200 гаруй төлөөлөл  хэлэлцсэн юм.

Барилга, хот байгуулалтын Дэд сайд Э.Золбоо  форумын үйл ажиллагааг нээн хэлсэн үгэндээ, 2021 он барилгын салбарынханд амаргүй жил болж өнгөрч буйг, цар тахлаас хамаарн  ханган нийлүүлэлтийн сүлжээнд үүссэн асуудлуудаас үүдэн барилгын материалын үнэ 80-90 хувиар өссөн хүндрэлтэй нөхцөл байдлыг салбарынхан хамтын хүчээр даван туулж буйг онцолсон. Барилгын салбарт төрөөс баримтлах бодлогын баримт бичгүүд болон Засгийн газрын  үйл ажиллагааны Мөрийн хөтөлбөрт барилгын материалын импортыг бууруулах хүрээнд дотооддоо арматур, цемент, хавтгай шил гэсэн нэр бүхий барилгын материалын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх талаар тусгасан байдгийг тэрбээр хэлсэн. Эдгээрээс одоогийн байдлаар цементийн үйлдвэрлэлийн нөхцөл байдлыг сайжруулсан нь цар тахлын энэ үед улам тодорхой харагдаж буйг тэрбээр мэдээлэлдээ хэлсэн юм.

Мөн УИХ-ын Үйлдвэржилтийн байнгын хорооны дарга Д.Өнөрболор, УИХ дахь Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт нар форумын эхэнд үг хэлэхдээ барилгын салбарын бодлого, хууль эрх зүйн орчинтой холбоотой асуудлаар байр сууриа илэрхийлсэн.

Тухайлбал, С.Бямбацогт гишүүн “Монгол Улс үндэсний түүхий эд бэлтгэгч орноор гучаад жил ажиллаж ирлээ. Өнөөдөр нүүрс, зэсийн баяжмал, ноос, ноолуур зэрэг түүхий эд гаргаж байна. Манай барилгын салбар ч ялгаагүй. Халдварын үед дотооддоо бүтээгдэхүүн үйлдвэрлэхгүй бол ямар их хохирч байгааг харлаа. Тиймээс төрөөс үүн дээр анхаарч ажиллаж байна. Төрөөс бодлогоор дэмжих, дэд бүтцийг нь төсвийн хөрөнгөөр шийдэж, хууль эрх зүйн орчныг нь сайжруулж өгнө. Аж ахуйн нэгжүүдээ татвараас чөлөөлөх зэрэг олон арга хэмжээг үе шаттай дэмжинэ. Төрийн оролцоо, дэмжлэг байж байж үйлдвэрлэл хөгжинө. Ялангуяа шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа аж ахуйн нэгжийг төр зоригтой дэмжих бодлого барьж ажиллах болно" гэсэн юм.

“Монголын  барилгын  материал  үйлдвэрлэгчдийн холбоо”  ТББ-ын  гүйцэтгэх захирал О.Лхагвадорж “Барилгын  материалын  үйлдвэрлэлд тулгамдаж  буй  асуудал,  оролцогч  талуудын  хамтын ажиллагаа” сэдвээр илтгэл тавьсан. Тэрбээр ХХААХҮЯ-наас танилцуулсан судалгаагаар барилгын материалын эрэлт, хэрэгцээ 2030 он хүртэлх хугацаанд хэрхэн өсөх прогнозтой байгаа талаар мэдээлэлдээ онцолсон. Учир нь өнөөдрийн байдлаар  барилгын материалын хэрэгцээнийхээ 60 гаруй хувийг импортоор худалдан авдаг манай улс дотоодын үйлдвэрлэлээ хөгжүүлэхгүй бол барилгын материалын хэрэглээний өсөлтийг дагасан валютын гадагшлах  урсгал улам нэмэгдэх бодит эрсдэл байна.

Салбарын дэд сайд цементийн үйлдвэрлэл бусад бараа материалуудын үйлдвэрлэлээс харьцангуй ахицтай байгааг хэлж байсныг О.Лхагвадорж захирал  ч бататгасан. Тэрбээр “Цементийн үйлдвэрүүд тасралтгүй гурван ээлжээр ажиллаж хүчин чадлынхаа дөнгөж 50-60 хувийг ашиглаж дотоодын эрэлт хэрэгцээг бүрэн хангаж байгаа тул цемент импортлох ямар ч шаардлагагүй, харин ОХУ -д  эспортлох асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна” гэсэн юм. Ган туйван үйлдвэрлэлийн тухайд 20 мянга орчим тонныг дотооддоо үйлдвэрлэж, 250 орчим мянган тонныг импортоор оруулж ирж дотоодын хэрэгцээгээ хангаж буй аж. БХБЯ-ны Барилгын материалын үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Д.Батзоригийн өгсөн мэдээллээр Монгол Улсад арматурын 15 үйлдвэр байдаг бөгөөд үйлдвэрүүдийн суурилагдсан хүчин чадал 450 мянган тонн аж. Үйлдвэрүүдийн хүчин чадал өндөр мөртлөө дотоодоо хангаж чадахгүй байгаа нь хаягдал төмрөөс ган туйван үйлдвэрлэж байгаатай холбоотой гэж тэрбээр хэлж байсан юм.

Форумд оролцсон “Ган Хийц” компанийн ерөнхий захирал М.Даваасүрэн барилгын материал чанарын асуудлыг өндөр түвшинд анхаарах шаардлагатай гэдгийг төр, хувийн хэвшлийн бүхий л оролцогчдод хандан хэлж байсныг тодотгоё. Барилгын үйлдвэрлэлийн төмрийн чанарын асуудлыг шинэчлэхэд анхааръя гэдэг асуудлыг МХЕГ-т хандан тавихад хүлээн аваагүй хэмээн  хэлсэн. Мөн тэрбээр барилгын салбарынхан эх орныхоо хөгжлийн төлөө нэг хүн шиг байж хамтдаа хичээх хэрэгтэй гэсэн уриалгыг оролцогчдод хандан хэлж байлаа.  БХБ-ын Дэд сайд Э.Золбоо түүний хөндсөн барилгын материалын чанарын асуудалтай санал нэгдэж буйгаа хэлсэн.

Тэрбээр “Барилгад арматурын чанар гэдэг бол хамгийн чухал зүйл. Монгол Улс жилдээ 250 мянган тонн арматур хэрэглэдэг. 80 хувийг нь импортоор оруулж ирж байна. Энэ жил 50 мянга орчим тонныг дотооддоо үйлдвэрлэж байна. Ихэнх арматур Эрээний хилээр орж ирж байгаа. Чанарыг сайжруулахын тулд хил дээр лаборатори байгуулах хэрэгтэй гэдэг асуудлы өнгөрсөн жил Барилгын чанарын улсын зөвлөгөөн дээр ярьсан” гэсэн юм.

"Хонхор Барилгын материалын худалдаа, үйлдвэрлэл, технологийн парк”-ийн ТУЗ-ийн дарга, “Мегавүүд” компанийн ерөнхий захирал Ц.Ариунбат форумын талаар хэлэхдээ “Ковидын нөхцөл байдлаас болоод барилгын материалын ханган нийлүүлэлт болон импортын тасалдал, үйлдвэрлэл дээр бол үндсэн түүхий эд, анхдагч түүхий эдийн тасалдлаас болоод хүндрэл учирч байна. Үүнтэй уялдуулаад энэхүү форумыг зохион байгуулж байна. Төрийн албаны хүмүүс форумд оролцож, төрийн зүгээс  арга хэмжээ авах талаар ярьж байна.

Ер нь бол улс орон даяар асуудал үүссэн байна. Импортын хараат байдал манай улсын хувьд нэлээд том цохилт болж байна. Тэгэхээр энэхүү импортын асуудал, ялангуяа ложистик тээврийн асуудлыг хэрхэн шийдэх талаар гарц гаргалгааг ярилцаж, салбар салбарын төлөөллүүд хэлэлцэж байна. Форумын хүрээнд энэ асуудлын талаар зохих ёсны албан тушаалтнууд хариулт өгч байна. Гэхдээ шийдэл нь биднээс 100 хувь шалтгаалахгүй байна. Гадаад талдаа  БНХАУ болон ОХУ-аас орж ирж байгаа ачаа бараа ложистикийн бөөгнөрөл, саатал тулгараад байгаа учраас бидний зүгээс аль болох боломжийн арга хэмжээ авахаар хэлэлцэж байна.

Форумд оролцсон Хөгжлийн банкны Бизнес, хөгжил хариуцсан дэд захирал С.Цэрэндаш хэлэхдээ  "Хөгжлийн банк бол бодлогын банк. Монгол Улсад хэрэгцээтэй гэж үзсэн голлох салбарт санхүүжилт олгодог. Энэ ч утгаараа барилгын салбар бол Хөгжлийн банкны гол санхүүжилтээ өгөх ёстой салбарын нэг. Өнгөрсөн хугацаанд барилгын салбарт гурван шугамаар санхүүжилт өгч явж ирсэн. Эхнийх нь ипотекийн зээлийн эх үүсвэрийг арилжааны банкуудад олгож, зээл гаргадаг. Мөн барилгын төслүүдэд нь зээл олгож байсан. Цаашид үргэлжлүүлэх авч явах, санхүүжүүлэх хэлбэр нь бол үйлдвэрлэл юм. Үйлдвэрлэлийг нь дэмжих юм. Барилгын зардлын 45 хувь нь барилгын материалтай холбоотой гэдэг судалгаа байдаг юм билээ. Тиймээс Хөгжлийн банкнаас барилгын төслүүдэд нь арилжааны банкаар ипотекийн зээлтэйгээ уялдуулж явах нь зүйтэй. Цаашдаа олгох зээлээ барилгын материалын үйлдвэрлэлд чиглүүлж гаргаж, ажиллах болно" гэсэн юм.

Форумд “Хонхор барилгын материалын худалдаа, үйлдвэрлэл, технологийн парк”-ийн төслийн удирдагч Х.Мандахбаяр “Барилгын материалын үйлдвэрлэлийг кластераар хөгжүүлэх олон улсын туршлага” сэдвээр илтгэл тавьсан. Тэрбээр кластер хэлбэрээр үйлдвэрлэлээ хөгжүүлж, инновацыг нэвтрүүлж чадсан улс орнуудын эдийн засаг үсрэнгүй хөгжиж, энэ системийг хийж чадаагүй улс орнуудын хөгжил удааширдаг талаар судлаачдын мэдээллийг өгч байлаа. Тэрбээр Монгол Улсад кластер үйлдвэрлэл хөгжүүлэхэд хамгийн гол нь хандлагын асуудал, төрийн дэмжлэг хэрэгтэйг илтгэгч онцолсон.  2009 онд Үйлдвэр технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хууль батлагдсан нь том дэвшил байсан ч, өнөөдрийг хүртэлх хугацаанд нэг ч парк бодитой байгуулагдаагүй.  Судлаад үзэхээр хамтын ажиллагаа, хандлага, хөрөнгө санхүү, нэгдэж нийлж чадахгүй зэрэг асуудлууд байдаг аж. Үйлдвэрлэгчид  төрөөс хөрөнгө санхүү хүсэхээр эргээд хүүгийн өндөр дарамтад сөхрөөд байна. Тийм учраас “Хонхор Барилгын материалын худалдаа, үйлдвэрлэл, технологийн парк” төсөл  энэ орон зайг нөхөхийн тулд, үндэсний 45 компанид хөрөнгө, туршлага, технологио  нийлүүлэх албан ёсны хамтын ажиллагааны саналыг тавьж, үйл ажиллагаа явагдаж буйг Х.Мандахбаяр мэдээлэлдээ онцолсон. Мөн тэрбээр цаашдаа ганц барилгын материалын салбар биш олон салбарт кластер системийг хөгжүүлэх боломж байгааг тодотгож байсан юм.

“Хонхор Барилгын материалын худалдаа, үйлдвэрлэл, технологийн парк” 5.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын гэрээ байгууллаа

“Барилгын материалын үйлдвэрлэл, ханган нийлүүлэлтийн форум 2021” арга хэмжээний үеэр  “Эрхэт Монгол” групп, “Мегавүүд” ХХК-ийн зүгээс хамтран хэрэгжүүлж буй  “Хонхор Барилгын материалын худалдаа, үйлдвэрлэл, технологийн парк” төсөл үндэсний компаниудын хамтын хүчээр, кластерийн зохион байгуулалтаар хөгжих зорилгынхоо хүрээнд дахин дөрвөн  хөрөнгө оруулагчтай гэрээ байгууллаа.

Тодруулбал, “Үүртээл” ХХК-тай 1 тэрбум төгрөг, “Мандар групп” ХХК-тай 1 тэрбум төрөг, иргэн Г.Жаргалмаатай 1 тэрбум төгрөг,  “Центурион” ХХК-тай 2.5 тэрбум төгрөг буюу нийт 5.5 тэрбум төгрөгийн  хөрөнгө оруулалтын гэрээг байгуулав.Тодотгоход, уг төслийн хүрээнд 40 хүртэлх хөрөнгө оруулагчид оролцох боломжтойг төслийн удирдлагууд онцолж байсан.

"Хонхор Барилгын материалын худалдаа, үйлдвэрлэл, технологийн парк”-ийн ТУЗ-ийн дарга Ц.Ариунбат “Барилгын материалын худалдаа үйлдвэрлэл, технологийн парк байгуулснаар үндэсний компаниуд болон үндэсний хөрөнгө оруулагчид нэгдэж, том хэмжээний үйлдвэрлэгч болон худалдаа эрхлэгч компани болж хувирч байна гэсэн үг. Мөн паркийн үйл ажиллагаа явуулбал паркийн эрх зүйн зохицуулалт, хуулиуд байгаа. Тэр хуулийн дагуу тодорхой хэмжээний хөнгөлөлтүүд эдэлнэ. Энэ нь үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, үйлдвэрлэгчдэд  эерэг нөлөө үзүүлэх боломжтой. Яг одоо бодит хөрсөн дээр буусан барилга байгууламжаа барьчихсан ганц парк манай "Хонхор Барилгын материалын худалдаа, үйлдвэрлэл, технологийн парк” болж байна. Өмнө нь Налайх, Багануурын гэх мэт хэд хэдэн үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагаа зөвшөөрөл аваад хийгдсэн боловч үндсэн үйл ажиллагаагаа явуулж чадаагүй, цаасан дээр үлдсэн байдаг. Бидний давуу тал бол хувийн хөрөнгө оруулалтаар Монгол Улсад анх удаа  барилгын материалын худалдаа, үйлдвэрлэл, технологийн парк ашиглалтад оруулаад, үйл ажиллагаагаа эхэлж байна. Парк байгуулснаар барилгын материалын үйлдвэрлэлийн түвшинд маш том давуу тал, шинэ эрин үе бий болгохыг зорьж байна. Хамгийн гол нь үндэсний үйлдвэрлэгч нар үүнд нэгдэж байна” гэсэн юм.

“Хонхор Барилгын материалын худалдаа, үйлдвэрлэл, технологийн  парк” нь Монгол Улсад анх удаа барилгын материалын 12 төрлийн үйлдвэр, агуулах, худалдааны төвийг цогцоор нь байгуулж, барилгын салбарт кластер үйлдвэрлэл, үйлчилгээг нэвтрүүлэн, үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагааг хөгжүүлэхийг зорьж байна. Уг төслийн бүтээн байгуулалтын ажил 90%-д хүрч, үйлдвэрийн барилгууд 100 хувь ашиглалтанд орсон. Энэ төсөл амжилттай хэрэгжсэнээр 1200 ажлын байр шинээр бий болж, жилд 300 тэрбум орчим төгрөгийн барилгын материал үйлдвэрлэх болон худалдан борлуулах боломж бүрдэх юм.

Сүүлийн хоёр жилийн хугацаанд эдийн засгийн бүхий л салбаруудад, тэрдундаа барилгын салбарт том эрсдэл дагуулсан цар тахлын нөхцөл байдал ирэх жилүүдэд  ч сүүдрээ тусгасан хэвээрээ байх магадлал тун өндөр байгаа. Түүнчлэн ийм хүнд үед барилгын салбарынхан  хүчээ, нөөцөө, хөрөнгөө, технологио нэгтгэн “Хонхор Барилгын материалын худалдаа, үйлдвэрлэл, технологийн  парк”-д нэгдэж буй нь цагаа олсон үйл явдал гэдгийг форумд оролцогч төр, хувийн хэвшлийн төлөөллүүд хэлж байлаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж