Энтертайментыг эдийн засаг болгосон ТЭРБУМТНУУД

Хуучирсан мэдээ: 2021.11.25-нд нийтлэгдсэн

ХҮМҮҮС

Энтертайментыг эдийн засаг болгосон ТЭРБУМТНУУД

Энтертайментыг эдийн засаг болгосон ТЭРБУМТНУУД

"NEWS” агентлаг энэ удаагийн “ХҮМҮҮС” буландаа "BTS" хамтлагийн харьяалагддаг "Big Hit" энтертайнментийн эзэн Бан Ши Хёкийг онцолж байна. Хөгжмийн зохиолч, продюсер тэрбээр 2013 онд долоон гишүүнтэй хамтлаг байгуулсан нь өдгөө Ази төдийгүй дэлхийд алдартай болжээ. Саяхан болж өнгөрсөн "AMA" буюу Америкийн хөгжмийн шагнал гардуулах ёслолын оны шилдэг уран бүтээлч, шилдэг поп дуу, шилдэг поп хамтлагаар "BTS" хамтлаг тодорч, Азиас энэхүү амжилтыг үзүүлсэн анхны хамтлаг болсон.


НОМЫН НАЙЗ

Бан Ши Хёк 1972 онд Сөүл хотод цэргийн дарангуйллын үед төржээ. Түүний эцэг эх өндөр боловсролтой хүмүүс бөгөөд эцэг Бан Гёк Юн нь хөдөлмөрийн эрхийн төрийн байгууллагын дарга, ээж Чои Мёнжа нь Сөүлийн их сургуулийн Английн уран зохиолын ангийг төгссөн гэнэ. Бан багаасаа ээжийгээ даган номтой нөхөрлөж, бага сургуульд орохоосоо өмнө дэлхийн сонгодог Плутархын бичсэн “Грек, Ромын ихэс дээдсүүдийн амьдрал” номыг уншсан гэнэ. Түүний аав хүүгийнхээ талаар ярихдаа “Хүү маань багадаа өдөржин л ном уншдаг хүүхэд байсан. Тэр ном унших хоббиноосоо болоод жин их нэмсэн шүү” гэжээ. Кюнги ахлах сургуулийг төгссөнийхөө дараа Бан Ши Хёк ээжийнхээ адилаар Сөүлийн их сургуульд элсэн орж, гоо сайхны чиглэлээр суралцаж эхэлжээ. Эцэг эх нь түүнийг хуульч болгохыг хүссэн ч Бан өөрөө хүсээгүй гэнэ.

ХӨГЖИМТЭЙ ХОЛБОГДСОН НЬ

Өмнөд Солонгост ардчилсан нийгэм дөнгөж бүрэлдэж байсан үед буюу 1990-ээд оны дунд үед Бан хөгжимтэй нөхөрлөж иржээ. Хаалттай нийгмийн үед америк цэргүүдийн ачаар олдсон хөгжмөө сонсдог байсан залуу одоо хүссэн дуу, хөгжмөө сонсч, түүндээ дурлаж эхлэв. Ким Ван Сүн, Сио Таижи ба хөвгүүд зэрэг хамтлаг дуучид солонгосын урлагт өөрчлөлтийг авчирч, орчин цагийн к-поп урсгалын үндсийг суулгажээ.

Энэ үед Сөүлийн их сургуулийн оюутан Бан Ши Хёк өөрөө хөгжим хийхийг хүсч, Пак Жин Ёнтой танилцсан гэнэ. Бан энэ талаараа “Анх надад хөгжмийн авьяас байгаагүй ээ. Өөр зүйлст авьяастай байсан ч хөгжимд л байгаагүй. Гэхдээ азтай нь намайг Пак Жин Ён, Шин Сюн Хүн зэрэг шилдгүүд хүрээлж байлаа. Анх би их уйлдаг байлаа. Тэр үеэс өдийг хүртэл үнэхээр шаргуу хөдөлмөрлөсөн. Тэгэх ч шаардлагатай байсан” гэжээ.

Тэрбээр бие даан төгөлдөр хуур тоглож сурч, гуяа халуу оргитол бэлтгэл хийнэ гэж өөртөө хэлдэг байжээ.

Пак Жин Ён, Бан Ши Хёк

Пак Жин Ён өөрийн "JYP" энтертайнментийг байгуулж, Бан Ши Хёк түүний дор хөгжмийн зохиолч, найруулагч, продюсерын үүргийг гүйцэтгэж эхэлсэн аж. "JYP" энтертайнмент хамгийн анх "g.o.d" гэх хамтлагийг гарган ирж, олонд танигдсан бөгөөд Пак продюсер, дууны үгийн зохиолчоор нь ажиллаж, Бан хөгжмийн найруулга, аяыг нь хариуцдаг байжээ.

2000 оны эхээр "g.o.d" хамтлаг Солонгосын хөгжмийн салбарт тэсрэлт хийн, гаргасан дуу бүр нь хит болж байсан учир Пак болон Бан нар өөрсдийгөө “хит бүтээгчид” гэж тодорхойлсон түүхтэй.

"JYP" энтертайнментэд байх хугацаандаа Бан Ши Хёг нь Им Чан Жүн, Пак Жи Ён, “Rain”, Бак Жи Ён,  “Wonder Girls”, “2AM”, “Teen Top” зэрэг хамтлаг уран бүтээлчдийн продюсер, хөгжмийн зохиолчоор нь ажиллаж байв.  2003 онд Бан, Пак хоёр Америкийн зах зээлд нэвтрэх гэж оролджээ. Тэд Америкт бүтэн нэг жилийг өнгөрүүлэхдээ ганц ч дуугаа борлуулж чадалгүй ганзага хоосон гэртээ эргэн ирсэн гэнэ.

Америкт найзынхаа хажуу өрөөнд бүтэн жил амьдарсан өнөөгийн Солонгосын хоёр том продюсер маань ганц оймсны төлөө хоорондоо зодолдож байсан гэдэг.

BTS

2005 онд “Youtube” дөнгөж үүсгэн байгуулагдаж байхтай зэрэгцэн Бан “JYP”-ийг орхиж, өөрийн “Big Hit” энтертайнментийг байгуулсан. Түүний анхны уран бүтээлчид нь “8Eight” гэх гурван гишүүнтэй хамтлаг байсан ч удаан оршсонгүй. 2019 онд Бан “Time” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “2005 онд биет цомгийн борлуулалт огцом унаж, дижитал борлуулалт нь ч үүнийгээ нөхөж чадахгүй байдалд хүрсэн” гэжээ. Энэ үед тэрбээр үнэнч шүтэн бишрэгчидтэй, цахим орчинд алдартай к-поп шүтээнүүдийг гаргаж ирвэл амжилтанд хүрнэ гэдгийг олж харав. Ийнхүү өөрийн гэсэн к-поп шүтээнүүдийг бий болгохоор зорьж, их аялалдаа гарчээ.

Бан Ши Хёк “Манай продюсеруудын нэг "Pdogg" надад анх "RM"-ийн бичлэгийг авчирч үзүүлээд “Залуу хүүхдүүд үүнд л татагдана” гэж байлаа. "RM" тухайн үед 15 настайдаа л байсан. Би шууд л түүнтэй гэрээ байгуулсан. Бид залуучуудыг нийлүүлж хип-хоп хамтлаг байгуулахыг хүссэн. Өмнө нь байсан айдол хамтлаг биш. Цоо шинэ зүйлийг бүтээхийг хүссэн. "RM", "Suga", "J-Hope" нар BTS-ийн суурийг тавьж, удалгүй бид хэд хэдэн сонгон шалгаруулалт явуулж, бусад гишүүддээ нэгтгэсэн” хэмээн анх BTS байгуулагдсан түүхийг ярьжээ.

Бак Ши Хёк орчин үеийн “Сио Таижи ба хөвгүүд” хамтлагийг бүтээхийг хүсч, BTS-ийг байгуулжээ.

BTS хамтлаг 2011 онд дебютээ хийх хуваарьтай байсан ч хойшлогдож, 2013 онд анхны “2 Cool, 4 Skool” цомгоо гаргажээ. Одоо бол тэд Өмнөд Солонгосын соёлыг дэлхий даяар түгээн дэлгэрүүлэх соёлын элч төлөөлөгч болон хувирсан.

Ихэнхи энтертайнментууд жүжигчид, дуучдынхаа утсыг хурааж, хүнтэй үерхүүлэхгүй гэдэг бол "Big Hit" уран бүтээлчиддээ эрх чөлөө, орон зайг нь өгдгөөөрөө онцлогтой.

ЭНТЕРТАЙНМЕНТ САЛБАРЫН ГАНЦ ТЭРБУМТАН

"BTS"-ийн цуу алдар дэлхий даяар тархаж, тэд Хойд Америкийн зах зээлд өөрсдийн байр сууриа нэгэнт олсон. Үүнийгээ дагаад “Big Hit” ч томорч, 2019 он гэхэд Бак Ши Хёкийн нийт хөрөнгө 770 сая ам.доллараар үнэлэгдэв. Гэвч тэр ханасангүй. “Big Hit” 2020 оны аравдугаар сард IPO гаргаж, ширхгийг нь 135 мянган воноор үнэлжээ. Түүний IPO амжилтанд хүрч, Бан Өмнөд Солонгосын энтертайнмент салбараас төрөн гарсан анхны тэрбумтан болж, хамгийн баян 16 дахь солонгос хүн болов. "Big Hit" ч хүрээгээ тэлж, "Hybe" корпорацийг байгуулж, АНУ, Японы зах зээлд нэвтэрч, энтертайнментийн төрөл бүрээр үйл ажиллагаа явуулж байна. "HYBE" өдгөө "JYP", "YG", "SM" зэрэг өрсөлдөгч томоохон энтертайнментуудаа нийлүүлснээс илүү их хөрөнгөтэй болжээ.

Бан Ши Хёгийн өнөөгийн нийт хөрөнгө 4.1 тэрбум ам.доллараар үнэлэгдэж байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХөөрхөнХөөрхөн
3
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж