Генетик нөөцийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна
УИХ үргэлжлүүлэн Генетик нөөцийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцэж байна.
Тус хуулийн төслийн танилцуулгыг УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн танилцуулав. Тэрбээр “Дэлхий нийтэд хэрэглэж байгаа ихэнх эм, биобэлдмэл, хүнс, гоо сайхны бүтээгдэхүүн нь байгалийн гаралтай буюу генетик нөөцөөс гарган авсан, эсхүл түүнээс санаа авч үйлдвэрлэсэн байдаг. Гэвч Монгол Улсын хувьд генетик нөөц, түүнтэй холбоотой уламжлалт мэдлэгийг ашиглах талаарх зохицуулалт бүрдээгүй, биотехнологийн шинжлэх ухаан дорвитой хөгжөөгүйгээс генетик нөөцийг хангалттай хэмжээнд судалж тогтоогоогүй, бүртгээгүй. Цаашлаад хүний нөөцийн чадавх бүрдээгүй зэргээс байгаль дээрээс хувь хүн, гадаад, дотоодын хуулийн этгээд генетик нөөцийг зөвшөөрөл, хяналтгүйгээр цуглуулж ашиглуулдаг, гадагш гаргадаг, үр шим хүртээх талаар гэрээ байгуулж чадахгүй гадаад улс руу алдсаар байна.
2012-2017 оны байдлаар Монгол Улсын хилээр амьтан, ургамал, бичил биетний гаралтай зүйлийг давхардсан код, нэрээр нийт 1450 удаа хилээр гаргах зөвшөөрөл олгосон байна. Улсын хилээр гарч байгаа ургамал, амьтан, бичил биетний эдийн засгийн ач холбогдол нь олон сая ам.доллараар хэмжигдэх бололцоотой бөгөөд эдгээр генетик нөөцийг ашиглан ямар бүтээгдэхүүн үйлдвэрлэж худалдаанд гаргаж байгааг тооцох боломжгүй байна.
Манай орны ургамал, амьтны ховордлын гол шалтгаан нь хууль бус ашиглалт, хүний болон байгалийн хүчин зүйлийн нөлөөтэй амьдрах орчны хомсдол доройтлоос үүдэлтэй байна. Иймд байгалиа хамгаалж ирсэн уламжлалт мэдлэгээ ахуйн соёлдоо шингээж өвлүүлж ирсэн ард түмний хувьд энэ байдлаа баталгаажуулах, генетик нөөцийн хамгаалалт, зохистой ашиглалтыг хуулиар зохицуулах нь чухал ач холбогдолтой юм.
Генетик нөөцийн тухай хууль нь Монгол Улсын нутаг дэвсгэрээс гаралтай амьтан, ургамал, бичил биетний үнэ цэнэ бүхий генетик нөөц болон тэдгээртэй холбоотой уламжлалт мэдлэгийг судлах, бүртгэх, хадгалж хамгаалах, ашиглах, тэдгээрийг ашигласнаас үүдэх үр шимийг хүртэхтэй холбоотой харилцааг зохицуулна. Хуулийн төсөл батлагдсанаар генетик нөөц, түүнтэй холбоотой уламжлалт мэдлэгийн хамгаалалт сайжирч, үнэ цэнэ нь өсөн нэмэгдэж, ашиглалтаас бий болох үр шимийг Монгол Улс, эзэмшигчид хүртэх нөхцөл бүрэлдэхийн зэрэгцээ биотехнологийн ололт амжилтад тулгуурласан судалгаа, үйлдвэрлэл хөгжих, технологи дамжуулалт, хөрөнгө оруулалт нэмэгдэх, олон улсын зах зээл дээр гарах боломж бүрэлдсэнээр эдийн засгийн бодит эерэг үр дүн бий болно” гэдгийг онцлов.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг:
-Мэргэжлийн зөвлөлийг хэрхэн бүрдүүлж, үйл ажиллагааг явуулах вэ
УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Г.Тэмүүлэн:
-Генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгийн мэргэжлийн зөвлөл байгуулахаар хуульд тусгасан. Төрийн захиргааны төв байгууллагын дэргэд мэргэжлийн зөвлөмж гаргах үүрэг бүхий орон тооны бус зөвлөлийг байгуулах юм. Энэ зөвлөлийг бие даасан хараат бусаар ажиллах нөхцлийг бүрдүүлэх үүднээс зарчмын зөрүүтэй саналуудыг тусгаад байна. Төрийн бус болон шинжлэх ухааны байгууллага, аж ахуйн нэгжийн төлөөлөл гээд холбогдох салбарын эрдэмтэн судлаач нар зөвлөлд ажиллана.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:
-Хуулийн төсөлд генетик нөөц түүнтэй холбоотой уламжлалт мэдээллийг судалгааны зорилгоор илрүүлэх, арилжааны зорилгоор судлах бүтээгдэхүүн бий болгохын тулд тусгай зөвшөөрлийг авна гэж заажээ. Уг нь миний санахад энэ мэдээллийг чөлөөтэй авч олон нийтийн хүртээл болгох цаашлаад эргэлтэд оруулах боломжийг нээх нь чухал.
УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Г.Тэмүүлэн:
-Генетик нөөцийн тухай хуулийн гол ач холбогдол нь генетик нөөц түүнтэй холбоотой уламжлалт мэдлэгээ нэгтгэж бүртгэлжүүлэх юм. Тухайн өмчлөл, эзэмшигчийг тодорхойлсон. Хадгалж, хамгаалах судлах эдийн засгийг эргэлтэд оруулах харилцаа чухал. Гадны улс орнуудад монголоос гаралтай уламжлалт мэдлэгтэй холбоотой асуудал ямар нэгэн бүртгэл, хяналтгүйгээр гараад үйлдвэрлэлийг хөгжүүлж байна. Үндсэн хуулийн гол зорилго нь судалгаа хөгжүүлэлтийг дэмжинэ. Эргээд Монгол Улсаас гаралтай уламжлалт мэдлэг, генетик нөөцийг эзэмшигч улсынхаа хувьд үр шим хүртэх нөхцлийг бүрдүүлнэ. Энэ хүрээнд тусгай зөвшөөрлийг авах шаардлагатай. Засгийн газраас анх орж ирэхдээ ингэж тусгагдсан байсан. Төрийн тусгай байгууллагаас зөвшөөрөл авахгүй. Төрийн захиргааны төв байгууллага буюу Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас авна. Энэ нь эрх мэдлийн төвлөрлийг яаман дээр өгөх биш яамны дэргэд бие даасан хараат бус мэргэжлийн зөвлөлийг байгуулна.
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:
–Бидний ихэнх хэрэглэдэг эм, биологийн бэлдмэл, хүнс гоо сайхны бүтээгдэхүүнүүд генетик нөөцөөс гаргаж авдаг. Эрс тэс уур амьсгалд дасан зохицсон амьтан ургамалд генетик нөөц хадгалагдаж байдаг. Монгол Улсын хувьд уламжлалт эмнэлгийн ургамал ихтэй. Түүхийгээр нь гаргадаг. Боловсруулсан бүтээгдэхүүн байхгүй. Боловсруулж зөв менежмент хийж чадвал асар их валют олох боломжтой. Дэлхийн эм зүйн салбарууд жилд хоёр их наяд орчим ам.долларын орлогыг олдог. Үүнд Монголоос Солонгос, Хятадад гарч байгаа генетик нөөцөөс олж байгаа орлого хамаарч байна. Монголд генетикийн нөөцийг судлах шинжлэх ухаан хэр хөгжсөн бэ. Улаан дансны бүртгэлд орсон ховор зүйлийн ургамал, амьтны амьдрах орчны байдал хэр байна вэ.
УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Г.Тэмүүлэн:
-Монгол Улсад лабораторийн чадавх төдийлөн бэхжээгүй. Үүнээс улбаалан биотехнологийн шинжлэх ухаан, үйлдвэрлэл хөгжөөгүй. Монголд байгаа генетик нөөцийг хангалттай хэмжээнд судлаагүй. Магадгүй манай улсаас гаралтай генетик нөөц бусад улс оронд хэрхэн ашиглаж байгаа талаарх ч бүртгэл мэдээлэл байхгүй. Улсын хэмжээнд ч нэгдсэн бүртгэл мэдээлэл байхгүй. Хуульгүйгээс үүдэн гарсан энэ асуудлыг цэгцлэх цаг нь болсон. Хууль эрхзүйн орчин дотоод гадаад аль, аль талдаа хүлээлттэй байна.
Хятадууд Монголд ургадаг дэрвэгэр, жиргэрүүг ашиглан шувууны ханиадны эсрэг эм гаргасан. Мөн япончууд чихэр өвснөөс хорт хавдрын эсрэг эм гаргаж авсан. Жишээ болгож хоёрхон зүйлийг ярьж байгаа болохоос 2020-2021 оны хооронд Монгол Улсын хилээр судалгаа шинжилгээ болон бусад зориулалтаар 1300 гаруй зүйл ургамал, 70 гаруй амьтан гарсан. Улсын хилээр гарч байгаа генетик нөөцийн эдийн засгийн үр ашиг нь олон сая ам.доллараар хэмжигдэнэ. Тиймээс хуулиа батлах нь чухал. Монгол Улсад ургадаг 7702 зүйлийн ургамал бүртгэлтэй байдаг. Үүн дотроос нэн ховор төрөл нь 133, ховор 356 байна.
Ажлын хэсэг:
-БОАЖЯ-аас 2019 онд гаргасан 876 зүйлийн ургамлыг олон улсын улаан дансны үнэлгээгээр үнэлэхэд 72.5 хувь нь зайлшгүй хамгаалалтад авах шаардлагатай гэж гарсан. Ховордлын шалтгаан нь амьдрах орчны доройтол, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй байсан. 2004 оны судалгаагаар эмийн 1000 гаруй, хүнсний ач холбогдолтой 200, хөрс бэхжүүлэх 70 орчим зүйлийн ургамал байна гэж тогтоосон. Генетик нөөцийн тухай хуулийн төсөлд байгалийн нөөцийн ашиглалт, генийн түвшний мэдээллийг судлах чухал заалтыг оруулсан.
Амьтны аймаг дээр нийт 141 зүйлийн хөхтөн, 513 зүйлийн шувуу, 21 зүйлийн мөлхөгч, зургаан зүйлийн хоёр нутагтан, 74 төрлийн загас, 13 мянга гаруй зүйлийн сээр нуруутан бүртгэгдсэн байдаг. Үүнээс ховор 76, нэн ховор 31 зүйлийн амьтан байна. Монгол орны нэн ховор амьтан болох мазаалай өнөөдрийн байдлаар 34 зүйл бүртгэгдсэн байна. Жишээлбэл, халиу буга, ирвэс, тахь гэх мэт нэн ховор амьтад маш цөөн тоогоор байна.
Ийнхүү УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд дуусч Пүрэв гаригийн чуулганы хуралдаан өндөрлөлөө.
ШЕЗ-ийн шүүгч бус дөрвөн гишүүд томилогдов
УИХ-аас Шүүхийн Ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүд томилох асуудлыг хэлэлцэж байна. ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнд Н.Отгончимэг, Д.Эрдэнэчимэг, Н.Баасанжав, Р.Онончимэг, Н.Мөнгөнцэцэг нар нэр дэвшээд байна. Шүүхийн сахилгын хороо, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүний сонгон шалгаруулалтын томилгоог УИХ өнгөрсөн Пүрэв гаригт /2021.11.18/ хэлэлцсэн. Улмаар УИХ дахь АН-ын бүлэг ШЕЗ-ийн шүүгч бус гишүүд томилох асуудлаар тав хоногийн завсарлага авсан юм.
Шүүхийн Ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд Н.Отгончимэг, Н.Баасанжав,Р.Онончимэг, Н.Мөнгөнцэцэг нарыг томилохыг 49 гишүүдийн олонх нь дэмжлээ. Харин нэр дэвшигч Д.Эрдэнэчимэгийг томилохыг 49 гишүүнээс 28 нь дэмжсэнгүй. Тиймээс байнгын хороон дээр үлдсэн нэр дэвшигч буюу Д.Зүмбэрэллхамыг дахин оруулж ирэх боломж үүслээ.
Монголчуудын 29.7 хувь нь ядуу байна
УИХ үргэлжлүүлэн Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн С.Чинзориг:
-Бид сүүлийн 30 жил хөгжлийн нэгдсэн бодлоггүй явж ирсэн. Түүнийнхээ горыг ч өнөөдөр амсч байна. 1995 онд намайг орон нутагт ажиллаж байхад монголчуудын 35 хувь нь ядуу байна гэж мэдээлж байсан. Өнөөдрийн байдлаар 29.7 хувь нь ядуу байна. Хөгжлийн томоохон төсөл хөтөлбөрүүд нь явдаггүй. Ийм л дүр зурагтай байгаа. Энэ нь хоёр шалтгаантай. Нэгдүгээрт, хөгжлийн нэгдсэн бодлогын бүтэц байхгүй учраас одоогийн мөрдөгдөж байгаа Засгийн газрын хуулиар яамдууд бүгд бодлогын статустай ажилладаг. Тиймээс салбар бүр өөрсдийн бодлогыг гаргадаг учраас улсын хэмжээнд нэгдсэн бодлого гарч чадахгүй. Уялдаа холбоо хангагдахгүй байна. Хоёрдугаарт, Монгол Улсын хөгжлийг намуудын дөрвөн жилийн сонгуулийн мөрийн хөтөлбөрөөр харж ирсэн. Тиймээс өнгөрсөн жил Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа хөгжлийн бодлого тогтвортой байна гэх заалтыг оруулж өгсөн. Үүний дагуу Засгийн газрын бүтцийн тухай хуульд өөрчлөлт оруулж эдийн засгийн хөгжлийн яам байгуулах, хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуульд өөрчлөлт оруулах гэж байна. Нэгдсэн хөгжлийн бодлого төлөвлөлт хариуцсан Засгийн газрын бүтцийн байгууллагатай болсноор үр дүнгээ өгнө гэж найдаж байна. Төлөвлөлтөд суурилсан төлөвөлтийн зарчим, нэгтгэн тайлагнах гэсэн хоёр зарчмыг хуульд тусгасан.
УИХ-ын гишүүн Д.Ганбат:
-70 жил бид уриа лоозон ярьсан. Олон яам байгуулагдаад сайжирсан зүйл алга. Дарга нарын л тоо нэмэгдээд байдаг. Ингэхэд бид дэлхийтэй хөл нийлүүлж алхаж чадаж байна уу.
УИХ-ын гишүүн С.Чинзориг:
-Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцэн баталсан. Үүнд эдийн засгийн хөгжлийн сайдын бүрэн эрх, эрхлэх асуудлын хүрээнд оновчтой тодорхойлж өгөхийг хичээсэн. Өмнө нь бидэнд алдсан, оносон олон зүйл байсан. АН 2012-2016 онд засаг барьж байх үед Эдийн засгийн хөгжлийн яам байгуулж ажилласан. Харамсалтай нь тэр яам эдийн засгийн бодлого хариуцдаг бус гудамж төсөл хэрэгжүүлдэг яам болоод дууссан. Шинээр байгуулагдах эдийн засгийн хөгжлийн яамны чиг үүргийг маш тодорхой болгосон.
Монгол Оросын хамтарсан нэртэй хамгийн дампуу байгууллага энд байна
УИХ-ын нэгдсэн чуулган эхэллээ. Чуулганы эхэнд Монгол Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн талаар авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна.
Уг төслийн танилцуулгад “Сангийн яам, “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн хооронд “МОН-П1”, “МОН-П2” дамжуулан зээлдүүлэх гэрээг эргүүлэн төлөх нөхцөлтэйгөөр 2000 оны аравдугаар сарын 25-ны өдөр байгуулсан.
“Улаанбаатар төмөр зам” ХНН нь 2007 хүртэл зээлийн гэрээний хуваарийн дагуу зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг Сангийн яаманд цаг хугацаанд нь төлж байсан. Гэвч 2007-2014 онд зээлийн гэрээний хуваарьт заасан дүнгээр зээл, зээлийн хүүгийн төлбөрийг дутуу төвлөрүүлж, 2014 оноос зээл, зээлийн хүүгийн төлбөрийг огт төлөөгүй байна.
“Улаанбаатар төмөр зам” ХНН нь 1998-2015 онд өөрийн хэрэгцээнд импортолсон дизелийн түлшний онцгой албан татварт 73.8 тэрбум төгрөгийг төлсөн бөгөөд уг хэмжээгээр “МОН-П1”, “МОН-П2” зээлийн гэрээний дагуу тооцсон алданги, хүү, үндсэн төлбөрөөс суутган тооцсон.
Дээрх зээлийн үлдэгдлийг Сангийн яам, “Улаанбаатар төмөр зам” ХНН, Зам, тээврийн хөгжлийн яам хамтран тооцоход зээлийн үндсэн төлбөрийн үлдэгдэл “Монголбанк”-ны 2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдрийн ханшаар 131.034.925.477.09 төгрөг байна. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн 2019 оны арванхоёрдугаар сард ОХУ-д хийх айлчлалын үеэр “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн дүрмийн сангийн хөрөнгийг өсгөх тухай санамж бичгийг байгуулахыг санал болгосон ч Оросын талаас зээлийн үлдэгдэл төлбөрийн талаар санал нийлэхгүй байсан. Тиймээс уг санамж бичиг байгуулагдаагүй болно. Иймд Улсын Их Хурлын тогтоолын төсөлд зээлийн үлдэгдлийн тодорхой хэсгээр дүрмийн санг нэмэгдүүлэх, үлдэх хэсгийг боломжит нөхцөлөөр 2021-2025 онд улсын төсөвт эргэн төлөх нөхцөлөөр төлөх, зээлийн үлдэгдлийг 2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөр царцааж, иенийг төгрөгт шилжүүлэх болон тус өдрөөс хойш үүссэн хүү, алдангийн төлбөрөөс чөлөөлөх, тусгасан” гэжээ.
Тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг:
-Гадаадаас зээл авалгүй яахав. Гэсэн ч энэ зээлээр юу хийж бүтээж байгаа вэ гэдэг нь олны анхаарлыг татдаг. УИХ-аас УБТЗ-ын асуудлаар ажлын хэсэг байгуулах горимын санал гаргаж байна. Монгол Оросын хамтарсан нэртэй хамгийн дампуу байгууллага энд байна. Бид нар УБТЗ-ын авсан зээлийг төлөөд ч энэ байдлаараа явбал тэд олигтой ажиллаж чадахгүй. УБТЗ дөрөв дэх даргаа тавих гээд чадахгүй арчаагүй царайлаад сууж байна. Монгол Улс УБТЗ-ын даргаа томилж чадахгүй шившиг болж байна. Богдхан төмөр замыг ямар өртгөөр босгох юм. УИХ-ын гишүүдэд энэ талаар мэдэж байгаа зүйл байна уу. Оростой хамтарсан ганц компани нь УБТЗ. Бусдыг нь хулгай дээрэм хийгээд дуусгасан. Үлдсэн ганц компаниа цаашид зөв авч явах хэрэгтэй. Тээврийн бизнес дэлхийд үнэ нь өсөөд бүүм болж байхад бид нар арчаагүйгээсээ болоод алдагдалтай ажиллаж байна. Ашиг гэвэл хэдхэн тэрбум. Ийм байж болохгүй. Бизнесийн байгууллагын бизнесийн чиглэлээр нь ажиллуулах ёстой. Бусад улсад дэд бүтцээ төмөр зам нь өмчлөөд бусад хөдлөх бүрэлдэхүүнийг хувийн компаниудад өгч менежментийг хийдэг. Энэ хэрээрээ төмөр зам нь ашигтай ажилладаг. Гэтэл монголчууд төмөр замынхаа өрийг төлнө гээд сууж байна. УБТЗ их л өндөр үнээр даргаа тавих нь дээ.
Зам, тээвэр хөгжлийн сайд Б.Халтар:
-Жилд олж байгаа ашгийн хэмжээ нь 2.5 орчим тэрбум төгрөг.
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:
–Оросын тал ч УБТЗ-ыг зах зээлийн жамаар нь явуулах сонирхолтой байгаа. Манай тал ч үүнийг дэмжиж байгаа. Төмөр замын тухай хууль дээр би ажлын хэсгийг нь ахлаад сууж байгаа. Энэ нь төмөр замыг либералчилсан шинэ хууль гарж байгаа. Суурь бүтцийг нь тусад нь гаргаж байгаа. Оператор нь тусдаа гэсэн үг. Бусад тээврийн зарчим руу оруулна. Ингэж УБТЗ-ыг хөл дээр нь босгоно.
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг:
-Ж.Бат-Эрдэнэ гишүүнтэй би 80 хувь санал нийлж байна. Төмөр замын зарим шийдвэрийг улс төлөх гэж байна. 2008-2009 онд Монгол, Орос тус бүрдээ 125. сая ам.доллар нийт 250 сая ам.доллар гаргаж дүрмийн санг нэмэгдүүлсэн. 600 орчим тэрбум төгрөгөөр юугаа хийдэг байна. Дүрмийн сангаа нэмэгдүүлчхээд уг нь өдийд УБТЗ гялалзаж байх ёстой.
“УБТЗ” ХНН-ийн талаар авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын санал гаргасныг гишүүдийн олонх дэмжлээ. Хуулийг төслийг батлах саналыг мөн олонх гишүүд дэмжив. Ингээд “УБТЗ” ХНН-ийн талаар авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг эцэслэн баталлаа. Уг тогтоолын төсөлд: Монгол-Оросын хувь нийлүүлсэн "Улаанбаатар төмөр зам" нийгэмлэгийн дүрмийн сангийн Монголын талын хувь хэмжээг 83 тэрбум 6673 сая 494 мянган төгрөгөөр Оросын талын хувь хэмжээг ижил хэмжээгээр нэмэгдүүлэх, “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн дүрмийн санг нэмэгдүүлэхэд Монголын талаас шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг төмөр замын тээврийг сэргээн сайжруулахад зориулан “Японы Олон улсын хамтын ажиллагааны банк”-наас тус нийгэмлэгт олгосон “МОН-П1”, “МОН-П2” дугаартай зээлийн үндсэн төлбөрийн авлагаас шилжүүлэн тооцох замаар бүрдүүлэх, “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн дүрмийн санг нэмэгдүүлэх асуудлыг Оросын талтай тохиролцсон тохиолдолд тус нийгэмлэгт олгосон “МОН-П1”, “МОН-П2” зээлийн үлдэгдлийг “Монголбанк”-ны 2020 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийн албан ханшаар төгрөгт шилжүүлж, уг өдрөөс хойш тооцогдсон хүү, алдангийн төлбөрийг чөлөөлж, дүрмийн санг нэмэгдүүлэхээс бусад зээлийн үлдэгдэл төлбөрийг “Японы Олон улсын хамтын ажиллагааны банк”-нд төлөх хуваарьтай уялдуулан 2021-2025 онд багтаан төлүүлэх арга хэмжээ авахыг Засгийн газарт даалгах гэжээ.
ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН /2021.11.25/
“Их хуралдай” танхимд өнөөдөр /2021.11.25/хуралдах Монгол Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг та бүхэнд танилцуулж байна.
“Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2021.11.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
· Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгтгэсэн төсөл /Засгийн газар 2021.03.03-ны өдөр, Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 12 гишүүн 2021.07.02-ны өдөр тус тус өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
· Генетик нөөцийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2019.10.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
· Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг томилох тухай асуудал, үргэлжилнэ
· “Монгол Улсын Үндсэн хуулийн 30 жилийн ойг тэмдэглэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсө
Холбоотой мэдээ