"Богд Зонховаг барих компанийг сонгох тендерийг нь зарлаагүй"

Хуучирсан мэдээ: 2021.11.25-нд нийтлэгдсэн

"Богд Зонховаг барих компанийг сонгох тендерийг нь зарлаагүй"

"Богд Зонховаг барих компанийг сонгох тендерийг нь зарлаагүй"

Соёлын дэд сайд М.Батбаяртай ярилцлаа.


-Богд Зонхова төслийг тойрсон дуулиан ид өрнөж байна. Төслийн санхүүжилт танай яамны төсөвт суусан нь үнэн. Олон нийтийн шүүмжлэл өрнөнгүүт Ч.Номин сайд төслийн санхүүжилтийг олгохгүй гэлээ. Үүнийг төсөв хэлэлцэх үеэр болиулчихаж болохгүй байсан уу. Эсвэл иргэд энэ санхүүжилтийг анзаарч харахгүй гэж бодов уу, үүний ард ихээхэн эрх мэдэлтэй хүн байна уу. Яагаад 5.5 тэрбум байсан анхны өртөгийг нь 32 тэрбум болгож өсгөсөн юм бэ?

-Юун түрүүн энэ асуудал хаанаас эхлэлтэй, одоо ямар процесс үргэлжилж байгааг хэлж өгөх шаардлагатай юм. Та бүхний мэдэж байгаачлан жил бүрийн улсын төсвийг тухайн оны сүүлээр баталдаг. Энэ дагуу соёлын салбарын 2021 оны буюу энэ оны төсвийг 2020 онд Засгийн газраас өргөн барьсан.

Засгийн газраас өргөн барьсан 2020 оны төсвийн анхны төсөлд Соёлын яам түүх, шашны соёлыг дэлгэрүүлэх Богд Зонхова цогцолборыг барих асуудлыг төсөвт оруулаагүй байсан. Гэтэл төсвийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд бүрэн эрхийнхээ хүрээнд санал оруулж, Соёлын салбарт хийх 2021 оны хөрөнгө оруулалтад түүх, шашны соёлыг дэлгэрүүлэх Богд Зонхова”цогцолборыг нэмж тусгасан гэсэн үг.

Ингэснээр Монгол Улсын 2021 оны Төсвийн тухай хуульд заасны дагуу Соёлын яам түүх, шашны соёлыг дэлгэрүүлэх Богд Зонхова цогцолборын барилга угсралтын ажлыг эхлүүлэх үүрэг хүлээсэн юм.

Тухайн үедээ Соёлын яамны төсөвт суулгахдаа энэ цогцолборын өртгийг 5.5 тэрбум төгрөг гэж тооцон, 2021 онд 1.5 тэрбум төгрөгийг нь санхүүжүүлэхээр суулгасан. Энэ хүрээнд нь тухайн хөрөнгө оруулалтын төсөвт техник эдийн засгийн үндэслэл, зураг төсөв, хуульд заасан бусад зөвшөөрөл зэргийг бүрдүүлэх шаардлагатай болсон. Төсөвт суулгасан цогцолбор барилгын зураг төсөл нь байгаагүй учраас одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Барилгын тухай хууль болон Барилга угсралтын ажил эхлэхтэй холбоотой норм, дүрэм болон батлагдсан хууль дүрэмд төсвийг нийцүүлэх шаардлагатай болсон гэсэн үг.

Ингээд 2021 оны дөрөвдүгээр сараас эхлэн бүх зураг төслийг хийх, хангагч байгууллагатай зөвшилцөх, барилга угсралтын ажил эхлэхэд ямар  техникийн баримт бичиг бүрдүүлэх ёстой, тэр бүгдийг есдүгээр сар хүртэл хийж гүйцэтгэсэн. Мөн тухайн сардаа Барилгын хөгжлийн төв зураг төсөл, төсвийг баталгаажуулж, 32.5 тэрбум төгрөгийн бодит өртөгтэй болж гарч ирсэн. Тэгэхээр үндсэндээ түүх, шашны соёлыг дэлгэрүүлэх Богд Зонхова цогцолбор төслийн зураг төслийг анх удаагаа хийж төсөв нь бодитоор гарч ирсэн гэсэн үг.

-Зураг төслийг нь гаргаагүй байж төсвийг нь батлаж өгсөн нь бас нэг хардах үндэслэл шүү дээ. Төсвийн хулгай ингэж явагддаг нь нууц биш?

-УИХ дээр ийм асуудал мэр сэр гардаг. Богд Зонхова цогцолбор нэг жишээ нь боллоо шүү дээ. Бүх салбарын бүтээн байгуулалтын ажлыг зураг төсөлтэй нь улсын төсөвт суулгая гэдэг асуудлыг УИХ дээр төсөв батлах үеэр жил болгон л ярьдаг. Сүүлийн жилүүдэд энэ асуудал харьцангуй гайгүй болж байгаа.

Мөн олон нийтэд зөвхөн хөшөө барих ажилд 30 гаруй тэрбум төгрөг зарцуулах гэж байгаа мэт ойлголт үүссэн байна. Гэтэл энэ нь 4-5 багц ажил багтаасан цогцолбор болох ёстой юм.

-Санаачилсан хүмүүс нь УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, Ц.Цэрэнпунцаг, Ц.Анандбазар нар гэсэн. Яагаад ийм санал гаргасан талаар танай яамнаас тэдэнтэй уулзаж байв уу?

-Өнгөрсөн 2020 онд улсын төсвийг хэлэлцэх үед ямар гишүүд энэ төслийг санаачилж, бүрэн эрхийнхээ хүрээнд оруулж ирснийг Соёлын яам мэдэхгүй. Хоёрдугаарт, Төсвийн тухай хууль батлагдаж, Соёлын салбарын багцад 2021 оны хөрөнгө оруулалтаар 5.5 тэрбумаар энэ төсөл хэрэгжинэ гэхээр захиалагч нь хуулийн хүрээнд Соёлын яам болж таарна.

Бид хуулийг биелүүлэх үүрэгтэй учраас өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас эхлэн цогцолборын зураг төслийг боловсруулах ажлыг эхлүүлсэн. Хууль тогтоох дээд байгууллага УИХ-аас баталсан хуулийг Засгийн газар, яамдууд хэрэгжүүлэх үүрэгтэй.

-Бүтээн байгуулалтын ажлыг хийж буй хоёр компанийн талаарх мэдээлэл нууцлагдмал байна. Архитекторын эвлэл нь ч энэ компанийн талаар мэдэхгүй байна. Хэний арын хаалганы компани ороод ирэв ээ. Үүнийг захиалагч огт мэдэхгүй байна гэж байхгүй л байх?

-Юу гэхээр, аливаа барилга Барилгын хөгжлийн төвийн магадлалыг үндэслэн, барилга угсралтын гүйцэтгэгчийг захиалагч, Төрийн худалдан авах ажиллагааны газар сонгон шалгаруулсны дараа нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газраас барилга эхлэх зөвшөөрлийг өгч байж барилга угсралтын ажил эхлэх ёстой байдаг.

Өөрөөр хэлбэл, Соёлын яам барилга эхлүүлэх зөвшөөрөл олгодог газар биш. Мөн тухайн барилгыг гүйцэтгэх компанийг сонгон шалгаруулах тендерийг нь зарлаагүй байна.

-Гүйцэтгэх компанийг сонгон шалгаруулах тендер зарлаагүй байхад төсвийг батлаад өгчихсөн, ажлыг нь аль хэдийнэ эхлүүлсэн гэхээр ахиад л хардлага төрөөд байна?

-Оны өмнө УИХ-аас баталсан төсвийн тухай хууль дээр байсан өртөг нь хэд дахин өссөн. Тийм учраас Соёлын яамнаас шууд шийдэж тендер зарлах хүсэлтийг нь хүргүүлээгүй юм.

Энэ бол Соёлын яамны дангаар шийдэх асуудал биш гэж үзсэн. Хэдийгээр Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуульд заасны дагуу Түүх, шашны соёлыг дэлгэрүүлэх Богд Зонхова цогцолборын ажлыг эхлүүлэх үүргийг Соёлын яам хүлээсэн ч  бодит өртөг хэт их өссөн учраас эргээд энэ асуудлыг УИХ-д оруулах нь зүйтэй гэж үзсэн.

-Хүүхдийн номын сан барина гэсэн газар дээрээ бурхны хөшөө барьж эхэлсэн нь үнэн биз дээ?

-Богд Зонхов цогцолбор баригдах 1.7 га газар бол нийслэлийн Байгаль орчны газар эзэмшиж буй газар. Өнгөрсөн 2014 онд эзэмших зөвшөөрлийг нь өгсөн. Яг зэргэлдээ 1.1 га газар нь Соёлын яамны эзэмшил дээр байгаа Хүүхдийн номын сан барих зориулалттай газар. Тэгэхээр энэ хоёр газрыг андуурах юм байхгүй. Соёлын яамны эзэмшил 1.1 га газарт Богд Зонхова төлөвлөгдөөгүй гэсэн үг.

-Цаашид Богд Зонхова төслийн бүтээн байгуулалтын ажлыг царцаах уу, үргэлжлүүлэн барих уу. Хэрвээ царцаавал энэ барьсан хөрөнгийг хэн барагдуулах вэ?

-Соёлын сайд Ч.Номин энэ асуудлаар өөрийн байр сууриа илэрхийлсэн. Соёлын сайд соёлын салбарын төсвийн ерөнхийлөн захирагчийн хувьд энэ цаг үед төслийг үр ашиггүй гэж үзсэн тул Засгийн газарт энэ талаарх саналаа өгөх байх. Тэгэхээр энэ асуудлыг Засгийн газар, УИХ-аар шийдэх байх.

Харин бид тухайн барилгад ямар нэг хөрөнгө мөнгө зарцуулаагүй.

-Ч.Номин сайд санхүүжилтийг нь буцаана гэчихлээ. Санаачилсан Монголын бурхан шашинтны нийгэмлэг, дараа нь мөнгөө авна гээд барьж эхэлсэн компанийн зүгээс ямар нэгэн реакци гаргав уу?

-Төрөөс хамаарч буй ганц захиалагч нь Соёлын яам. Өнгөрсөн онд төсөв батлагдсаны дараагаар Бурхан шашинтны соён гэгээрүүлэх Богд Зонхова нийгэмлэг гэх шашны байгууллага санаачлагч талаасаа холбогдсон байгаа.

-Соёлын яамнаас ирэх онд хэчнээн бүтээн байгуулалтын ажил хийх вэ?

-Өнгөрсөн 2018, 2019 онд урьд байгаагүйгээр соёлын салбарт хөрөнгө оруулалт нэмэгдсэн. Нөгөө талаасаа 20 гаруй жил соёлын салбар орхигдож ирснийг нийгэм өөрөө мэдэж буй. Тийм учраас хүн ардынхаа оюун санаа, соён гэгээрүүлэх чиглэл рүү хандуулсан учраас бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалт нэмэгдсэн.

Түүнээс хойш эдийн засгийн нөхцөл байдалтайгаар үе шаттайгаар буурч, үндсэндээ бид 13 шинэ барилга барихаар ирэх онд төсөвлөсөн. Бид дуусаагүй барилгуудаа дуусгах, хуучны дурсгалт барилгуудаа сэргээн засварлахад илүүтэй анхаарна.

-Хүүхдийн фондын мөнгийг Хүүхдийн төлөө санд шилжүүлсэн. Хандив өгсөн иргэдийн мэдээллийг олон нийтэд тайлагнах уу?

-2020 оны арванхоёрдугаар сарын 30-нд Соёлын яамны санаачилгаар хандивын тоглолт зохион байгуулж, мөнгө цуглуулсан. Хүүхдийн төлөө сан буюу Засгийн газрын тусгай санг байгуулах хугацаа уддаг юм байна. Энэ хооронд Сангийн мөнгийг зарцуулах тайлагнах журам батлагдаж, албан ёсны данс нээгдэж хариуцах байгууллага нь тодорхой болсон.

Бид мөнгөө таван банкны зургаан данснаас нэгтгэн шилжүүлсэн. Одоо шилжүүлэхээр энийг зарцуулах тайлагнах асуудал Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам руу шилжсэн. Бид хүүхдэд зориулсан бүтээн байгуулалтад зарцуулах тусгай гэрээний үндсэн дээр шилжүүлсэн. Энэ өвөл зураг төслийг нь хийнэ. Барилга угсралтын ажил ирэх хавраас эхлэх байх.

Гэрэл зургийг Л.ЭНХ-ОРГИЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж