Сурвалжлага: “Mongol made” брэнд 1000 ажлын байр бүтээнэ

Хуучирсан мэдээ: 2021.11.25-нд нийтлэгдсэн

Сурвалжлага: “Mongol made” брэнд 1000 ажлын байр бүтээнэ

Цар тахал хоёр жил үргэлжилж бизнесийн салбар, хувийн хэвшлийнхэн амаргүй цаг үеийг туулж байна. Эдийн засаг элгээрээ хэвтэж, хувийн хэвшлийнхэн “хумигдсан” энэ цаг үед ажлын байраа хадгалж үлдсэн үндэсний үйлдвэрлэгч компаниудыг бид цувралаар хүргэж байна.


Энэ удаад ажлын 1000 эмэгтэйг ажлын байраар хангах зорилго тавьсан  “Mongol made” брэндийг онцоллоо.  Тус брэндийн үүсгэн байгуулагч, Б.Солонго, Б.Пунсалмаа нар савангийн зах зээлд хүчээ сорихоор зориг шулууджээ. Үйлдвэрлэл, тэр дундаа 95 хувь нь импортоос хамаардаг салбарт хүчээ үзнэ гэдэг хүндхэн даваа. Тэд гурван жилийн хугацаанд дотоодын савангийн зах зээлийн 50 хувийг эзлэх том зорилго өмнөө тавьжээ.

Тус брэнд нь 2021 оны гуравдугаар сараас эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 10 гаруй төрлийн бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлж байна. Удахгүй шампунь, бие арчилгаа зэрэг 20 гаруй бүтээгдэхүүн худалдаанд гаргахаа дуулгав.

Энэ талаар үүсгэн байгуулагч Б.Солонго “Mongol made”-ийн дэргэд эрдэмтдийн баг ажилладаг. Биологи, инноваци, химийн технологи, оюуны өмч гэсэн дөрвөн чиглэлийн таван эрдэмтэн албан ёсны статустай ажиллаж байна. Эхний ээлжид монгол айл өрх бүрийн хэрэглээ болгохыг зорьж буй” гэлээ.

Сүүлийн жилүүдэд арьсны өвчлөл тэр дундаа хүүхдийн харшил экзэм өвчнүүд чимээгүйхэн газар авч буй. Харин тус брэндийн бүтээгдэхүүн нь малын өөх тос, багваахай, чацаргана, нохойн хошуу, ганга ургамлаас гарган авсан тул эрүүл мэндэд тустай, хоргүй экологийн цэвэр бүтээгдэхүүн аж.

Энэ талаар  Бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн албаны захирал С.Сарантуяа “Малын цэвэршүүлсэн өөх тос, амьтан ургамлын гаралтай тос манай саванд тодорхой харьцаагаар ордог.  Химийн бодисоос зөвхөн натрийн шүлт ордог. Жирийн савангаар угаахад арьс хуурайшдаг бол “Mongol made”-ийн саван хуурайшуулахгүй онцлогтой. Саван бүр өөр өөрийн үйлчилгээтэй.  Шингэн савангийн тухайд гангын үнэртэй зах зээл дээрх бусад бүтээгдэхүүнээс хор багатай. Бүтээгдэхүүний судалгааг арав гаруй жилийн хугацаанд хийсэн. Би боловсролын салбарт 39 жил багшилж буй. Хөдөө аж ахуйн их сургуульд сүүлийн 13 жил ажиллахдаа ургамалд агуулагддаг биологийн идэвхт бодисууд талаарх судалгааг хийсэн. Ийнхүү судалгаанд үндэслэж хэрэглэгчдэд хүргэх эцсийн бүтээгдэхүүнийг гаргаж авсан” хэмээн ярилаа.

Тус брэнд нь сав баглаа, боодол, дизайндаа онцгой анхаарал хандуулж, Dior, channel, Gucсi зэрэг дэлхийн шилдэг брэндүүдийн дизайныг хариуцан ажилладаг Messieurs агентлагтай хамтран ажиллажээ. Одоогийн байдлаар бүтээгдэхүүнийхээ 50 хувийг гар аргаар, 50 хувийг автомат үйлдвэрт боловсруулахаар зэхэж байна. Энэ талаар үүсгэн байгуулагч Б.Солонготой дэлгэрэнгүй ярилцсанаа хүргэе.

-БРЭНДИЙНХЭЭ ТАЛААР ТОВЧ ТАНИЛЦУУЛАХГҮЙ ЮУ?

“Mongol made” төсөл 2021 оны гуравдугаар сарын 10-ны өдөр албан ёсоор эхэлсэн. Есдүгээр сарын 22-нд нийтдээ 20 гаруй арьс арчилгаа, ариун цэвэр, ахуйн хэрэглээний бүтээгдэхүүн зах зээлд нэвтрүүлсэн.  Манай компани хоёр үүсгэн байгуулагчтай. Миний бие болон Б.Пунсалмаа бид хоёр энэ бизнесийг эхлүүлсэн. Нийгмийн ач холбогдол талаасаа монгол эмэгтэйчүүд гарын доорх өөх тос, материалаар хийж болох хамгийн энгийн ажил юу юм гэдгийг харсан. Ингээд дотоодоо саван үйлдвэрлэж болох юм байна гэдэг сэдэл төрсөн. Нөгөөтээгүүр савангийн зах зээл хувь нь импортоос  хамааралтай байна. Тиймээс эрэлт нийлүүлэлтийн зааг ялгаа гарч буйг анзаарч дотооддоо үйлдвэрлэхээр шийдсэн.

-ЗАХ ЗЭЭЛЭЭ ХЭРХЭН ХАРЖ БАЙНА ВЭ. БУСДААС ЯЛГАРАХ ДАВУУ ТАЛ НЬ ЮУ ВЭ?

-Бидний  бусдаас ялгарах давуу тал нь арьс арчилгааны бүтээгдэхүүн шинжлэх ухаанд суурилсан. Бид хөдөө аж ахуйн их сургуультай хамтарч хими технологи, био технологийн чиглэлээр төгссөн мэргэжилтнийг ажлын байраар хангахыг зорьж байна. Үнэрийн асуудлыг зуун хувь шийдэж чадсан. Монголд ургадаг халгай, багваахай, давирхайг олон жил судалсан химийн ухааны доктор Ж.Ганбаатарын судалгаанд суурилсан бүтээлийг эдийн засгийн эргэлтэд оруулж харилцагчийн гарт хүргэж байна.

Бид Францын дэлхийн шилдэг брэндүүдийн дизайныг хариуцан ажилладаг Messieurs агентлагтай хамтран ажиллаж байна.Гүйцэтгэлийг Хонконгийн том компани хариуцаж буй. Энэ утгаараа сав баглаа боодол, үнэр, орц найрлагаар ялгардаг.

-БҮТЭЭГДЭХҮҮНИЙ СУДАЛГАА, ЧАНАРЫН ТУХАЙД?

-Монголд хилээр орж ирж буй хортой бодисуудыг жагсаалт байдаггүй. Бид ходоодонд орж буй хоолондоо анхаардаг хэрнээ угаадаг буй цэвэрлэгээний бүтээгдэхүүний чанарт анхаардаггүй. Энэ нь өөрөө сөрөг талтай. Ходоодны хорт хавдар юм эсвэл хүүхдүүд багаасаа харшил экзэм, арьсны талын өвчлөл их гараад буй учраас нийгмийн хариуцлагын хүрээнд үнийг тогтоосон.

Шингэн бүтээгдэхүүний суурь химийн бодисыг импортлохдоо хамгийн эко шошготой түүхий эдийг оруулж ирээд дотоодоос чацаргана, ганга нэмдэг. Шингэн савангийн зах зээлд бид яагаад орсон бэ гэвэл нийгэм дэх үйлчлүүлэгчийн хэрэглээ тэр тал руу шилжчихээд байгаа учраас зах зээлд бүтээгдэхүүнтэй байх ёстой гэдэг үүднээс орсон. Айлууд өөх тосоо гаргаж хаядаг нь байгалийг маш ихээр бохирдуулж буй. Түүнийг эргэлтэд оруулж эцсийн дүндээ эрүүл мэндэд тустай бүтээгдэхүүн хийнэ гэдэг нь нийгмийн хариуцлага юм.

-ҮЙЛДВЭРЛЭЛ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ТАЛ ДЭЭР ТА ЮУГ ХЭЛЭХ ВЭ?

-Нийт савангийн зах зээлд үйлдвэрлэж буй бүтээгдэхүүний 50 хувийг гар аргаар, үлдсэн 50 хувийг автомат үйлдвэрээр хийхээр болж байна. Автомат үйлдвэр сарын дараа ашиглалтад орно. Ингэснээр магадгүй дотоодын савангийн хэрэгцээг автомат үйлдвэрээр хэдхэн хоногийн дотор үйлдвэрлэж болно.

Автомат үйлдвэр ашиглалтад орвол сард 500 мянгаас нэг сая хүртэлх саван үйлдвэрлэх хүчин чадалтай болно. Одоо гар аргаар бид 100 мянган саван үйлдвэрлэж буй. Үүнийг 21 аймагт худалдаанд гаргана. Одоогийн байдлаар Улаанбаатар хот, Дархан-Уул, Баян-Өлгий аймагт салбараа нээсэн. Удахгүй Эрдэнэт, Өмнөговьд нээхээр төлөвлөж байна.

-АЖЛЫН БАЙР НЭМЭГДҮҮЛЭХ ЧИГЛЭЛД ХЭРХЭН АНХААРЧ БАЙНА ВЭ?

-Гурван жилийн хугацаанд 1000 эмэгтэйг ажлын байраар хангана гэсэн зорилттой. Одоогоор 100 орчим ажилтантай байна. 2022 оны гуравдугаар сар гэхэд ажилтны тоогоо 300 мянгад хүргэнэ. 2023 онд 600, 2024 онд 1000 ажилтантай болоод Монголын савангийн хэрэгцээний 50 хувийг авна гэдэг зорилготой байна.

-БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ  ГАДНЫН ЗАХ ЗЭЭЛ РҮҮ ГАРГАХ УУ?

-Дараа жилээс гадагшаа гаргахаар төлөвлөж байна. Эхний ээлжид олон улсын стандарт, сертификатуудыг авчхаад хугацааны хувьд дараа жилийн есдүгээр сард гаргахаар төлөвлөж байна.  Шингэн бүтээгдэхүүний хувьд шампунь, биеийн шингэн савангийн зах зээлд монголчууд туршлага багатай. Бид үйлдвэрлэлийн салбарт “шинэ” учраас Францын томоохон лабораторитой хамтарч, бүтээгдэхүүн хөгжүүлэлтэд хамтарч ажиллаж байна.

Зах зээлд брэнд бүтээж хөлөө олно гэдэг өлгийтэй хүүхдээ өсгөхтэй адил ажээ. Хүүхдэдээ өдөр бүр анхаарал тавьж хайрладаг шиг брэндийг амжилттай хөгжүүлнэ гэдэг цаг наргүй, сэтгэлээ шингээсэн уялдаа холбоо бүхий цогц ажил байдгийг тус брэндээс дүгнэлээ. Үндэсний үйлдвэрлэл гэхээр ноос ноолуур, арьс ширэн эдлэл санаанд буудаг байсан бол энэ удаад импортын бүтээгдэхүүнийг орлохуйц бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэж чадсан нь том амжилт гэлтэй. Ийнхүү тус брэндээр зочилсон аялал өндөрлөв. Төгсгөлд нь үйлдвэрлэл эрхлэгчдэд тулгамдаж буй асуудал нь төрийн “халамж” гэхээс илүүтэй хүний нөөцийн асуудал, ажиллах хүчний нөөц байдаг гэдгийг тэд хэлж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж