Эрсдэлийг тооцож, мотоциклын хөдөлгөөнийг хорьсон нь хүний эрхэнд халдсан шийдвэр гэж нийгмийн сүлжээнд хүмүүс талцана. Угтаа ардчилсан нийгмийн үнэт зүйл нь хүний эрх, эрх чөлөөг дээдлэх. Харамсалтай нь иргэд хуультай улсад үүргээ л дэндүү сайн хүлээдэг. Хүлцэнгүй, тэвчээртэй зантай учир эрх бүхий суудлаас тушаасан бол үгүй гэх сонголтгүй. Амь насыг нь бодсон мэт шийдвэрийг өнгөн дээрээ гаргаж байгаа ч алсдаа ардчиллын гол амин сүнс болох хүний эрх чөлөөнд нь халдаж байгааг хэн ч анзаарахгүй байгаа юм. Түүний нэг жишээ бол зарим аймагт мотоциклын хөдөлгөөнийг хязгаарласан явдал. Хүн өөрийн мөнгөөр юу авч эдэлж, хэрэглэх нь тухайн хүний сонголт. Гэтэл эрсдэлийг тооцоолж байгаа учраас энэ техникийг хөдөлгөөнд оролцуулахгүй, унахаа боль гэх нь утгагүй.
Хүйтэрч байгаатай холбогдуулан мотоциклтой хөдөлгөөнд оролцохыг хориглож, сүржин захирамжийнхаа ээлжит нэгийг аймгийн удирдлагууд гаргажээ. Цаг агаар эрс хүйтэрч, цас, мөсөн дунд мотоциклоо унаад явах хүн тун ховор нь тодорхой байхад хүний эдлэх, хэрэглэхийг хараат болгож, эрх чөлөөнд халдах сонин.
Захирамжийн гол шалтгаан нь осол. Чанаргүй техник хэрэгсэл, хувийн аюулгүй байдлаас үүдсэн бол мотоцикл байна уу, машин байна уу ялгаагүй. Гэтэл морьтой, машинтай, мотоциклтой иргэдэд эрх тэгш бус хандаж байгаагийн нэг илрэл энэ захирамж юм.
Статистик мэдээнээс харвал улсын хэмжээнд энэ оны эхний долоон сарын байдлаар мотоциклтой зам тээврийн 261 осол бүртгэгдэж, ослын улмаас 146 хүн гэмтэж, 46 хүн нас баржээ. Харин автомашинтай хөдөлгөөнд оролцож байхад гарсан зам тээврийн нийт 9766 осол бүртгэгджээ. Ослын улмаас амиа алдсан 141 хүн байгаа аж.
Харьцуулж хараад хар ухаанаар бодвол хэн ч өөрийгөө эрсдэлд оруулахыг хүсэхгүй. Тэгэхлээр эрдэнэт хүний амийг эзэмшиж буй хүн нь өөрөө хариуцна гэсэн үг. Энд хэн нэгний албадлагыг захирамжаар заавал баталгаажуулах хэрэгцээ огт гараагүй. Гэсэн атал энэ асуудалд онцгой анхаарч, сум, алслагдсан багийнхаа иргэдийг хүртэл хяналтад авах тактик хэрэглэж байгаа нь хүний эрхийн ноцтой зөрчил. Өнөө яриад буй ардчилсан нийгмийг үгүй хийж буй үйлдэл юм. Хэн, хэзээ мотоцикл унахыг завдаж буйг гэрчлүүлж, зөрчлийн хэрэг үүсгэн торгох ял оноох, торгууль төлөхийг шаардах цаг удахгүй ирэхгүй гэсэн баталгаа байхгүй. Тиймээс эртнээс эрхийнхээ төлөө дуугарч, утгагүй шийдвэр гаргадаг удирдах албан тушаалтнуудад өөрсдөд нь шаардах хуудас өгвөл таарна.
Хэдий Хятад мотоцикл эдэлгээ бага эрсдэл өндөр хүний аминд халтай байхыг үгүйсгэхгүй ч бүх зүйлд хориг, хязгаарлалт тогтоож болохгүй.
Зам тээврийн нийт ослын 70-80 хувь нь орон нутгийн замд гардаг. Орон нутгийн замд ослоор нас барсан хүмүүсийн ихэнх нь суудлын бүс зүүгээгүй, жолооч хурд хэтрүүлсэнтэй холбоотой байдаг. Тэгээд бодохоор аюулгүй байдлаа хангаж, малгай, бүс бусад хамгаалах хэрэгслээ зориулалтын дагуу өмсвөл машинтай, мотоциклтой яваа ялгаагүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх боломжтой. Гол нь согтууруулах ундаа хэрэглээгүй л бол хэдэн градусын хүйтэнд мотоциклоос татгалзахаа иргэд эрх биш мэдэх байх. Тиймээс ийм хэрэггүй зүйлд захирамж гарган батлан сууснаас, хариуцаж буй ажилдаа хариуцлагатай хандах хэрэгтэй. Иргэдээс сонгогдож, нутаг, орноо хөгжүүлнэ гэсэн бол энэ мэт шийдвэр гаргаж хүний эрхийг зөрчиж сууснаас эртхэн бууриа сэлгэсэн нь дээр. Хүн луувангаа иднэ үү, лаагаа авна уу бусдад хамаагүй. Морь, машингүй хүнд өнөөдөр мотоцикль унах эрх байхгүй бол өөр нэг өдөр өшөө илүү захирамж гаргачихсан түүнийгээ албадан биелүүлэхийг шаардаж мэдэх эрсдэлтэй. Хэрэв тийм хэмжээлшгүй эрхт засаглал тогтвол хэнд ч эрх чөлөө гэж байхгүй болно…