Хүйтний улирал эхэлсэнтэй холбоотойгоор хамар битүүрч, нус гоожих, гэдэс гүйлгэх, бөөлжих шинж тэмдэг бүхий өвчлөл эрс нэмэгджээ. Иймээс энэ талаар ХӨСҮТ-ийн вирус судлалын лабораторийн тасгийн эрхлэгч Ц.Наранзулаас тодрууллаа.
-Улирлын чанартай ханиад томуугийн өвчлөл нэмэгдсэн талаар өрхийн эмч нар ярьсан. Тэр дундаа цочмог халдвар үүсгэдэг риновирус тархалт хэр байна вэ?
-Ер нь бол амьсгалын замын халдвар, цочмог үрэвслийг үүсгэдэг 200 гаруй төрлийн вирус байдаг гэж үздэг. Эдгээрээс амьсгалын замын цочмог халдварыг үүсгэдэг, зонхилох вирус нь риновирус. Энэ төрлийн вирус нь нийт өвчлөлийн 30-50 хувийг үүсгэж, хамгийн олон хүнийг өвчлүүлдэг. Дараа нь томуугийн вирус нийт өвчлөлийн 5-15 хувьд нь тохиолдож байна. Одоогийн байдлаар томуу болон бусад амьсгалын замын халдвар үүсгэгчдийг илрүүлэх мультиплекс шинжилгээгээр өвдсөн хүмүүсийн 14.3 хувьд риновирус илэрсэн байна.
-Өөр ямар төрлийн вирус өндөр халуурах шинж тэмдгээр илэрдэг вэ?
-Томуугийн улирал нь арваннэгдүгээр сараас дараа жилийн дөрөвдүгээр сар хүртэл тохиодог. Томуу өвчин үүсгэгч нь А, В, С хүрээнийх гэж ангилагддаг. А, B хүрээний томуу үүсгэгч вирус нь -70 хэм хүртэл тэсвэртэй байж чаддаг. Тиймээс хүйтэнд, агаар дуслаар дамжин хүнээс хүнд халдварладаг. Томуугийн А вирусийн үед маш өндөр халуурдаг. Үүний зэрэгцээ зогсоо зайгүй ханиалгана, толгой өвдөнө, бүх бие янгинана. Томуугийн А вирусээс гадна адиновирус гэхэд улирал харгалзахгүйгээр, дөрвөн улирлын туршид дэгддэг. Халуурч, хамар битүүрнэ, хоолой өвддөг.
-Риновирусийн талаар та тодорхой ойлголт өгөөч. Уг вирусийн халдвар авсан тохиолдолд хүний биед ямар шинж тэмдэг илрэх вэ?
-Хамгийн өвчлөл өндөртэй гэж үздэг риновирус бол цочмог халдварт өвчин. Энэ вирусийн халдвар нь агаар дусал, ахуйн хавьтлын зараар дамжин халддаг. Халдварын эх уурхай нь мэдээж өвчтэй хүнээс халдана. Өвчний эхний шинж тэмдэг эхлэхээс өмнөх хоногт халдвар авсан хүн бусдад халдвар тараах чадвартай болдог. Өвчний 2-3 дахь хоногт хамрын шингэнд вирусийн хэмжээ хамгийн их ялгарч, халдвар тараах эсрдэл өндөр болдог. Өөрөөр хэлбэл, халдвар хамрын хөндийн салст бүрхүүлээр нэвтрэн орж, хамрын салст бүрхүүл, хоолойн залгиур хэсэгт эпител эс дотор вирус үрждэг. Энэ вирус 33-35 хэмд, хамар хоолой залгиурын хэсэгт идэвхтэй үрждэг. Энэ үед хүний биед ямар шинж тэмдэг үзүүлэх вэ гэхээр хамрын салст бүрхүүл хавагнаж, хөөх, цусны судас өргөсөх, хамрын нус гоожих, шингэн ихээр ялгарах зэрэг шинж тэмдэг илэрнэ.
-Өвчлөлийн явц хэд хоног үргэлжилдэг бол?
-Энэ амьсгалын замын халдварт өвчинд бүх насны хүмүүс өртөнө. Халдварт өртсөний дараа хэв шинж өвөрмөц, сул дархлаа хоёр жил орчим хугацаанд тогтдог. Гэхдээ улирлын томуугийн өвчлөл буюу үүн дотроо риновирусын 110 гаруй төрлийн серотип байдаг учраас хүн жилд риновируст халдвараар хэд хэдэн удаа өвчлөх магадлалтай байдаг. Энэ вирусийн халдвар нь жилийн турш бүртгэгдэж, өвөл хаврын туршид өвчлөмтгий байдаг. Илрэх шинж тэмдгийн хувьд, яг л томуу, томуу төст өвчинтэй адил бие жихүүцэх, ханиаж халуурах, нус ялгарах, хамрын шингэн халдвар авсны дараа шар ногоон өнгөтэй болох зэрэг шинж тэмдэг илэрнэ. Мөн хамрын ханиаднаас гадна хоолой хуурайшиж загатнах, өвдөх шинж илэрнэ. Ихэнх өвчтөнд биеийн хэм хэвийн хэмжээнд байна, хүндэрсэн тохиолдолд 38 хэм хүртэл халуурахаас эхлээд зарим хүндрэлүүдийг өгч болно. Халдвар дунджаар 7-10 хоног хөнгөн явагдаж, хамрын ханиад шиг 14 хоног үргэлжилдэг.
-Хэрэв өвчилсөн тохиолдолд ямар арга хэмжээ авах вэ?
-Амны хаалт зүүх, цаг агаартаа тохируулан дулаан хувцаслах, хөнгөн явцтай өвчлөлийн үед хамрын дусаалга хэрэглэх, давс, содны уусмалаар ам хамраа зайлах хэрэгтэй. Риновируст халдварын үед эмнэлэгт хэвтэх шаардлагаггүй. Харин энэ үедээ шим тэжээлтэй хоол идэх, гэрийн дэглэм сахих, шингэн их уух зэрэг ханиад томуугийн үед авдаг арга хэмжээнүүдийг авч болно.
П.СҮРЭН
Холбоотой мэдээ