Байдены нүүдэл: Тайванийг Ардчиллын чуулганд урив | News.MN

Байдены нүүдэл: Тайванийг Ардчиллын чуулганд урив

Байдены нүүдэл: Тайванийг Ардчиллын чуулганд урив

Байдены нүүдэл: Тайванийг Ардчиллын чуулганд урив

Тайванийг Ардчиллын чуулга уулзалтад урьсан нь АНУ, Хятадын хооронд сөргөлдөөнийг хурцатгах нөхцөл байдал үүсгэв. Тодруулбал, АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдены захиргаанаас ирэх арванхоёрдугаар сард болох Ардчиллын чуулга уулзалтад уригдсан 110 нэрсийг зарлахад Тайвань дурдагджээ. Ардчилсан орнуудын төр, засгийн тэргүүнүүд, иргэний нийгмийн удирдлагууд ирэх сард хоёр удаа цуглаж, дэлхийн ардчиллын үйл явцад тулгарч буй сорилт, шийдэх арга замуудыг хэлэлцэх юм. Харин чуулганд уригдсан хүндэт зочдын дунд Тайванийн нэр дурдагдсан нь Хятадын бухимдлыг төрүүлжээ. Ардчилсан захиргаатай Тайванийн арлыг Бээжин нь Хятадын салан тусгаарласан муж гэж үздэг бөгөөд эх газартай буцаан нэгтгэхийн тулд хүч хэрэглэхээс буцахгүй гэдгээ удаа дараа илэрхийлсэн.

Цагаан ордноос мэдээлснээр Ардчиллын чуулга уулзалт ирэх арванхоёрдугаар сарын 9-10-ны өдрүүдэд цахим хэлбэрээр болох бөгөөд авторитар дэглэмээс хамгаалах, авлигатай тэмцэх, хүний эрхийг дээдлэхийг дэмжих зорилготой. Тус чуулганд Ази-Номхон далайн бүс нутгаас Япон, Өмнөд Солонгос, Австрали, Пакистан, Энэтхэг, Филиппин, Европын олонх орон уригдсан ч Унгар, Босни ба Херцеговина улсууд оролцохгүй аж.  Уг чуулган нь ерөнхийдөө ОХУ, Хятад зэрэг авторитар дэглэмийн эсрэг чиглэгдсэн учраас Бээжингийн зүгээс хүчтэй эсэргүүцэлтэй тулдаг. Гэтэл уг чуулганд Тайванийг урьсанд Жо Байденг "алдаа гаргалаа" гэж Хятадын талаас  буруутгажээ.

Харин Тайванийн ерөнхийлөн захирагчийн тамгын газрын төлөөлөгч чуулганы урилгыг сайшаан хүлээн авч буйгаа илэрхийлжээ. “Тайвань нь бүс нутгийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил дэвшлийн төлөө эрх чөлөө, ардчилал, хүний эрхийг дээдэлдэг чөлөөт орнуудтай идэвхтэй хамтран ажиллана” гэж тамгын газрын төлөөлөгч Хавиер Чан мэдэгдэлд дурдсан байна.

Тайванийн ерөнхийлөн захирагч Цай Ин Вэн

Жо Байден өнгөрсөн долоо хоногт АНУ-ын ерөнхийлөгчийн хувиар анх удаа Хятадын дарга Ши Жиньпинтэй цахим уулзалт хийсэн. Энэ уулзалтын үеэр хоёр их гүрний удирдагч нарын хэлэлцсэн маргаантай асуудлын нэг нь Тайванийн тусгаар тогтнол байв. Хятадын дарга хэлэхдээ Тайванийн удирдлагууд удаа дараа АНУ-ыг ашиглан тусгаар тогтнох аргыг сүвэгчилж байгаа бол Вашингтон арлаар дамжуулан Бээжинг тогтоон барихаар оролдож байна гэжээ. Уг цахим уулзалтын дараа АНУ-ын төрийн департментаас албан ёсны мэдэгдэл хийхдээ, ерөнхийлөгч Жо Байден Тайванийн одоо байгаа статусыг өөрчлөхийг хүсэхгүй байгаагаа илэрхийлсэн тухай онцолсон.

Харин Хятадын талаас гаргасан мэдэгдэлд, Тайванийн асуудалд Бээжингийн татсан “улаан зураас”-ыг давах эсвэл сорьсон ямар ч оролдлогод ноцтой хариу арга хэмжээ авахаа анхааруулсан юм. Хамгийн гол нь  АНУ, Хятад нь харилцан нэгнээ хүндэтгэн, энх тайвнаар зэрэгцэн оршихыг уриалсан нь уулзалтын гол үр дүн байв.

Харин Тайванийг ардчиллын чуулганд урьсан Байдены зорилго нь Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын дараа АНУ-ын баримтлах бодлогын хэм хэмжээг тогтооход чиглэсэн гэж Бээжин дэх Ренминь их сургуулийн олон улсын харилцааны профессор Ши Еньхун дүгнэжээ. Тэрбээр “Байдены захиргаа Тайванийн асуудалд тогтвортой бодлого баримталж, арлын аюулгүй байдал, дипломат харилцаа, үзэл суртлыг бүрэн дэмжиж буйгаа энэ урилгаараа илэрхийлж байна. Мөн энэ нь хоёр улсын төрийн тэргүүн нарын цахим уулзалт Тайванийн асуудалд ямар ач холбогдолгүй байсныг харууллаа. Жо Байден, Ши Жиньпин нар уулзсан, уулзаагүй сөргөлдөөн улам гүнзгийрч байна” гэж тайлбарлажээ.

Сүүлийн хэдэн сар Тайванийн аралд үзүүлэх Хятадын дарамт улам нэмэгдэх болсон. Тухайлбал, Бээжин нь өнгөрсөн аравдугаар сард Тайванийн агаарын таних зурвас руу 200 гаруй байлдааны онгоцоор нэвтэрч, арлын удирдлагуудад сануулга өгсөн юм. Мөн Тайванийн ерөнхий сайд, парламентын дарга, гадаад хэргийн сайд нарыг зөрчил үүсгэсэнд буруутган “хар жагсаалтад” оруулснаа Бээжин зарласан юм. Үүгээр ч зогсохгүй Тайванийн аж үйлдвэрийн группын Хятад дахь салбарыг улс төрийн хандив өгсөн хэргээр торгуулийн арга хэмжээ авсан. Хятадын албаныхан Тайванийн тусгаар тогтнолыг дэмжигчид эх газраас ашиг олох ёсгүй гэж мэдэгджээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Заагч 2021-11-25 202.9.46.137

Анхтуяа авгай хог вирус хятадаас юундаа айнаа хог хятадтай нэг л едер алалцаад дуусна айх шаардлага байна уу очиж очиж хог данжаадаас

Avatar

Зочин 2021-11-25 103.10.22.53

Тайванийн ерөнхийлөгч гэж байдаг, тэрнээс ерөнхийлөн захирагч гэсэн албан тушаалтан байхгүй. News.mn арай онигоотой шүү, хятадаас айж ингэж нэг улсын ерөнхийлөгчийг ерөнхийлөн захирагч гэж бичдэг болоо юу

Avatar

mgl 2021-11-25 192.82.74.160

Mongold ardchilal gej alga. Ardchilsan nam nertei ardchilaliin esreg nam baij baigaad sunuj baina.

Avatar

Зочин 2021-11-25 202.126.88.156

монголыг уриагуй юм бн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж